Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 224/МА2024/00027

 

Ч.Эын нэхэмжлэлтэй,

С.Гт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэртэй,

Ч.Эын нэхэмжлэлтэй, С.Гт холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,455,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyoto Prius 41 маркийн, 26-31 УВА улсын дугаартай, автомашинаар зам тээврийн хөдөлгөөнд оролцон явж байхад С.Г нь Toyoto Prius 20 маркийн, 77-09 УВА улсын дугаартай автомашинаар миний машины зүүн талын хоёр хаалганы гол хэсгээр хүчтэй мөргөж, зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан.

Тухайн машины эвдрэлийг Гэрэгэ Эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн ба хохирол 2,270,000 төгрөг гарсан мөн өөрийн машинаар хоёр удаа Улаангом сум орж ирэхэд 105,000 төгрөгийн бензин хийсэн. Наранбулаг сумаас шүүх хуралдаанд оролцох гэж 2 удаа ирэхэд 80,000 төгрөгийн зардал гарсан. Иймд миний хохирол болох 2,455,000 төгрөгийг С.Гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Ч.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гөөс 2,270,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гөөс 51,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эт олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний бие нэхэмжлэгчийн унаж явсан Тоуоtа Рrius 41 маркийн авто машиныг мөргөсөн зөрчил гаргасан.

2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Наранбулаг сумын Цагдаагийн газрын цагдаа О.Алтансүхийн хамт тухайн авто машиныг очиж үзсэн ба Ч.Эт машиныг чинь засаж хуучин хэвэнд нь оруулж өгье гэсэн боловч Ч.Э нь үгүй надад өнөө маргаашийн дотор шинэ машин авч өг эсвэл машинаа засаад хямд зарна, зөрүүг нь чамаас авна гэж хэлээд тохиролцоогүй. Тухайн үед хохирлыг нь төлье гэж хэлэхэд Ч.Э өөрөө татгалзсан.

Түүнчлэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа Ч.Э надтай ирж уулзсан ба тэрээр чамаас энэ мөнгийг авахгүй гээд ёс зүйгүй үг хэллэг хэлээд явсан. Нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлж барагдуулъя гэхэд тэрээр авахгүй гэж удаа дараа татгалзсан.

Энэ нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүх хуралдаанд өгсөн миний тайлбар болон нэхэмжлэгчийн өөрийн гаргасан мэдүүлэгт тусгагдсан байгаа тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, мөн цагдаа О.Аийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ учирсан хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч нэхэмжлэгч нь Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол авахаас татгалзаж байсан.Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч С.Гийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч С.Гт холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 80,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,455,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Гөөс гэм хорын хохиролд 2,270,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 185,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

4.1. С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож 77-09 УВА улсын дугаартай, Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Г.Эын жолоодож явсан 26-31 УВА улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, дээрх осолд жолооч С.Г гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

4.2 Дээрх зам тээврийн ослын улмаас Ч.Эын тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирч, Гэрэгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэж, хохирлын үнэлгээг 2,270,000 төгрөг гэж тогтоосон байх ба хариуцагч нь үнэлгээтэй холбоотой тайлбар болон үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй байна.

Талууд зам тээврийн осол гарсан үйл баримт болон хариуцагчийн гэм буруу, хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.

5.1. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Эын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан нь хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч Ч.Э нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч С.Г нь гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэн хариуцагчаас 2,270,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан шатахууны үнэ 185,000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гаргасан зардал тул хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасантай нийцжээ.

7. Хариуцагч С.Г нь давж заалдах шатны шүүхэд: тухайн үед нэхэмжлэгч Ч.Эт хохирлыг төлж барагдуулъя гэхэд өөрөө хохирол авахаас удаа дараа татгалзаж байсан ба энэ нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан тул шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, мөн цагдаа О.Аийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба гомдлын хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

7.1. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын талаар талууд тохиролцоогүй нь нэхэмжлэгчийг хохирлоо шаардах эрхээс татгалзсан гэж үзэхгүй, тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

7.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө татгалзлын үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргаагүй байх тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Нөгөө талаар, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152/ШШ2024/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч С.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,270 /тавин нэг мянга хоёр зуун дал/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                             ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ

                                         ШҮҮГЧ                                                 Н.МӨНХЖАРГАЛ