| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0115/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 121
2019 05 02 2019/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Өсвөр насны шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Чонос овогт Г.Нод холбогдох эрүүгийн 1921001460097 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдрах, ................................. газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................ регистрийн дугаартай, Чонос овогт Г.Н.
Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Дашнямын эзэмшлийн Хаан банкны виза картыг хулгайлж, картнаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 52000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 300000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.
Хохирогч Г.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...буудалд Жанчивсүрэн, Төмөрчөдөр, Бат-Эрдэнэ, Г.Н бид хэд үлдээд хамт хоносон. Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн үед сэрэх үед миний хаан банкны виза карт байхгүй байсан тул тэр үедээ картаа хаалгаад тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дансанд байгаа мөнгөө шалгах үед картанд байсан мөнгө байхгүй байсан. Анх картанд 500000 төгрөг байсан ба би найз нартайгаа ууж идсэн, хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орой буудалд орсон мөнгөө төлөөд картнаасаа 100000 төгрөг авсан. Гэтэл тэрнээс хойш мөнгө гаргаагүй байтал дансаа шалгах үед 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 50 минутад 52000 төгрөгийн зарлага гарсан байсан тул шүүгээд үзтэл “Гүргэм хорол” нэртэй хүнсний дэлгүүрээс юм авсан байсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 цаг 26 минутад мөн миний картнаас 300000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд бид цагдаад хандсан гэтэл надтай анх хамт явсан Сэргэлэн сумын иргэн Г.Н гэх залуу “Пит” бааранд тооцоо хийж байхад миний хажууд зогсож байгаад миний виза картны нууц дугаарыг мэдээд картнаас мөнгө авсан талаараа Г.Н цагдаад хэлсэн байсан ба авсан мөнгөө эргүүлэн өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин виза картыг минь Хэрлэн сумын 10 дугаар багийн гудамжинд хаясан талаараа хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
-Өсвөр насны шүүгдэгч Г.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” буудалд хохирогч Г.Дашнямын унтаж байхад нь түүний куртканы халааснаас Хаан банкны виза картыг хулгайлж, картнаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 52000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 300000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би түүнийг буудалд унтсан хойгуур нь зөвшөөрөлгүй куртканы халааснаас нь хаан банкны виза картыг нь авч 52000 төгрөгний эд зүйл аван, 300000 төгрөгийг АТМ-ээр уншуулж бэлнээр авсан...“ гэж /хх-ийн 19-20/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Гэтэл тэрнээс хойш мөнгө гаргаагүй байтал дансаа шалгах үед 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 50 минутад 52000 төгрөгийн зарлага гарсан байсан тул шүүгээд үзтэл “Гүргэм хорол” нэртэй хүнсний дэлгүүрээс юм авсан байсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 цаг 26 минутад мөн миний картнаас 300000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд бид цагдаад хандсан, гэтэл надтай анх хамт явсан Сэргэлэн сумын иргэн Г.Н гэх залуу “Пит” бааранд тооцоо хийж байхад миний хажууд зогсож байгаад миний виза картны нууц дугаарыг мэдээд картнаас мөнгө авсан талаараа Г.Н цагдаад хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Нод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байгаа, мөн өсвөр насны шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Г.Нын ..................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Чонос овогт Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нод оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Нод 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгчийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч Г.Нод мэдэгдсүгэй.
7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Г.Нын ........................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР