Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2024/00028

 

Ц.Сийн нэхэмжлэлтэй, Ч.Бт

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 дугаар шийдвэртэй,

Ц.Сийн нэхэмжлэлтэй, Ч.Бт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,7000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Сийн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,7000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатчаар батлуулж 1,300,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлдсэн. Ч.Баас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Бд төлсөн гэх шалтгаанаар зээлдсэн мөнгөө өгөхгүй байгаа юм. Ч.Баас мөнгө төлсөн баримт нотолгоо зэргийг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүй, утсаа авахгүй, дугаараа сольсон тул Ч.Баас үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           3. Хариуцагч Ч.Бын татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

           4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: “...Миний бие нь 2022 оны 11 дүгээр сард Д.Бийг Боршоо боомтод барилгын засварын ажил хийж байхад нь 94044155 дугаарын утсанд нь холбогдож, түүнээс 1,300,000 төгрөг зээлэх тухайгаа хэлсэн. Эхлээд, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.С гэх 5800605499 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үедээ Д.Бэс “мөнгө шилжүүлсэн Ц.С гэх хүн чамтай ямар холбоотой хүн бэ?” гэж утсаар асуухад манай эхнэр гэж хэлсэн.

Би Д.Бтэй 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр утсаар холбогдож мөнгөний хэрэг гараад байна гэхэд би Боршоо боомтод байгаа учраас Улаангом уруу очиж чадахгүй, мөн 300,000 төгрөгөөс дээш болохоор зээлийн гэрээ байгуулаад аваарай, би эхнэр лүүгээ мөнгө шилжүүлчихнэ гэж хэлсэн, тухайн өдөр Д.Бат-Эрдэнийн эхнэр Ц.Стай зээлийн гэрээ байгуулсан ба 1,300,000 төгрөгийг 2 хувааж авсан. Тухайн үед Ц.С надад та 10 хувийн хүүтэй гэж мэдэж байгаа юу гэж асуусан, бидний хооронд өөр ямар нэгэн яриа болоогүй.

Би Боршоо боомтод ажилладаг. Мөн Д.Б боомтын барилга засварын ажил хийж байхад нь зээлсэн мөнгөнийхөө хүүг тухайн сар бүр нь бэлнээр өгсөн. Үндсэн зээл 1,300,000 төгрөгийг Д.Бд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5085235835 тоот дансанд нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн болно.

Тухайн үед Д.Бд зээлсэн мөнгөө төлсөн гэдгээ Сарантуяад хэлсэн. Миний хувьд Д.Бэс зээлсэн мөнгөө бүрэн төлсөн. Би Ц.Сг танихгүй, Д.Б нь танд зээлсэн мөнгөний эх үүсвэр надаас гарсан гэж хэлээд дансаа явуулсан учраас нэг гэр бүлийн хүмүүсийн хэнд нь ч шилжүүлсэн болно гэж үзээд зээлсэн мөнгөө төлсөн. Миний бие зээлсэн мөнгөө төлчхөөд байхад 6 сарын дараа Ц.С гэр бүлийн болон мөнгөнөөс үүдэлтэй маргаандаа намайг оролцуулж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Бтай ярилцаж, тохиролцон 300,000 төгрөгийг Ц.Сгаар дамжуулан түүнд зээлдсэн. Тухайн үед Ц.С миний гэр бүлийн гишүүн буюу эхнэр байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин 1,000,000 төгрөг нэмж зээлдээч гэж Ч.Б ярьсан тул би зөвшөөрсөн юм.

 Тухайн үед миний бие Боршоо боомтод барилгын ажилтай байсан тул гэрээ хийж, нотариатчаар гэрчлүүлэх боломжгүй байсан учраас Ц.Сгаар дамжуулан гэрээ хийлгэж, мөнгөө Сарантуяагийн данс руу шилжүүлсэн. Энэ үйлдэл нь дансны гүйлгээгээр нотлогдох болно. Ч.Б нь тухайн зээлсэн мөнгөө, хүүгийн хамт 2023 оны 3 дугаар сард анх ярилцаж тохиролцсоноор миний 5085235835 тоот дансанд шилжүүлсэн. Иймд Ч.Б нь одоо ямар нэгэн өр төлбөргүй болно. Тухайн үед мөнгө шилжүүлэхэд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн Ц.С нь шунахайн сэдэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн бодлоор зээлийн гэрээг ашиглан шүүхэд хандсан учир энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Сарантуяагийн энэ үйлдэл олон дахин, давтамжтай хийгдэж байгаа. Анх тухайн зээлийн үйл ажиллагаа явуулах мөнгөн хөрөнгийг би найз болох Х.Эээс зээллэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэжээ.

6. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 дугаар шийдвэрээр:

 - Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сийн, хариуцагч Ч.Бт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

7.1. Ц.С, Ч.Б нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 1,300,000 төгрөгийг сарын 10% хүүтэйгээр тохиролцож зээлдүүлэгчийн 5800307209 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Энэ бол энэ маргааны цорын ганц бодит баримт байхад шүүх үүнийг орхигдуулсан нь давж заалдах гомдол гаргах үндэслэл боллоо.

7.2. Гэрээний 5.2-т: талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна. 6.1-т: зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж товч тодорхой заагаад гарын үсгээ зурж нотариатаар батлуулсан байхад үүнийг шүүх бодитой үнэлээгүйд харамсаж байна. Хоёр иргэний хооронд тэгш эрхийн үндсэн дээр хуулийн дагуу хийсэн гэрээг ямар учраас үнэлээгүй нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болжээ.

Д.Б энэ зээлд огт хамаагүй. Эхнэр нөхрийн хооронд гэрээ, хэлцэл байгуулж болохгүй гэсэн заалт байхгүй. Харин Ц.Сгаас Ч.Бын дансанд 1,300,000 төгрөг шилжүүлсэн нь бодит байдал, гэрээ байгуулж баталгаажуулсан нь нотлох баримт гэж үзэж байна. Ч.Б нь нотариат дээр очиж гэрээ байгуулж, гарын үсэг зурж батлуулсан хэрнээ Бат Эрдэнээс 1.300,000 төгрөг зээлсэн гэж байгаа нь бүлэглэн үгсэн хуйвалдаж, залилж байгаа асуудал байгааг шүүх анхаарч үзээгүй нь буруу байна. Ер нь, Ч.Б Д.Бээс мөнгө зээлдэж авсан гэдгийг уг гэрээтэй холбож үзэх үндэслэлгүй. Үүнийг шүүх Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийг үндэслэн тайлбарлах гэж оролдсон нь буруу байна. Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүргийн асуудал огт тусгагдаагүй, тэгж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч Ц.Сийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал болжээ.

Шүүх гэрээний эрх үүргийн асуудлыг шийдэх үүрэгтэй болохоос биш гэрээнд огт тусгагдаагүй зүйлийг баталгаа нотолгоогүйгээр тайлбарлаж шийдэх эрхгүй. Ц.Сгаар дамжуулж хийсэн гэдгийг юугаар нотолж байгааг ойлгохгүй байна. Гэрээ Ц.С, Ч.Б нарын хооронд байгуулагдсан, Ч.Быг хариуцагчаар татсан бөгөөд Д.Бтэй огт маргаагүй, тэдний хооронд ямар нэгэн өглөг авлага, өр зээлийн асуудал байхгүй. Ц.С нь Ч.Быг гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөгийг Баатараас нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлээгүй асуудлаар шийдвэр гаргажээ гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрт, Д.Б, Ц.С нарыг хамтран зээлдүүлэгчээр оролцсон гэж дүгнэв гэжээ. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй. Энэ нь зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэл биш бөгөөд Д.Бийг хамтран зээлдүүлэгч гэж үзэх үндэслэлгүй. Иймд уг зээлийн гэрээ нь Ч.Б, Ц.С нарын хооронд хийгдсэн нь бодит нотолгоо баримттай тул Д.Бтэй огт хамааралгүй бөгөөд шүүх асуудлыг нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр тайлбарлан шийдвэрлэж, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийг зөрчсөн байх тул 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 тоот шийдвэрийг хүчингүй болгож Ц.Сийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,717,000 төгрөгийг Ч.Баас гаргуулахаар давж заалдах гомдлоо гаргаж байна.

Ц.Сгаас Ч.Бт зээлдүүлсэн 1,300,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу Ц.Сд төлөх үүрэгтэй байхад Д.Бд төлсөн байна гэж үзэж давж заалдах шатны шүүх хэргийг нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн хууль бус магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх магадлал гаргасан байгаа нь хуулийг буруу ойлгож тайлбарласан асуудал гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргааны хувьд Ч.Б бид хоёрын дунд болж байгаа болохоос биш Д.Б бид хоёрын хоорондын маргаан биш. Зээлийн гэрээг Ч.Б бид хоёр хийсэн. Гуравдагч этгээд Д.Б нь Ч.Б бид хоёрын дундуур орж мөнгө авсан юм уу, эсвэл Ч.Б, Д.Б нар хуйвалдаж байгаад надаас 1,300,000 төгрөгийг авсан юм уу гэдгийг ойлгохгүй байна. Би энэ талаар шүүхэд олон удаа тайлбарлаж хэлээд байхад гэрээний дагуу хийгдсэн зүйлд гэрээний дагуу шийдвэр гаргахгүй байгааг дэмжихгүй байна.

Д.Б 3, 4 хүнтэй хамтарч 25,000,000 төгрөгөөр зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан гэх нотариатын бичиг гаргаж ирж шүүхэд өгсөн. Ч.Бат-Эрдэнэд хамтран ажиллаж байсан хүмүүс нь байсаар байтал яагаад надад итгэж зээлийн гэрээ байгуулсан гэдгийг ойлгохгүй байна. Улаангомд Ч.Бат-Эрдэнийг төлөөлөх хүн байхгүй гэдэг нь худлаа юм. Д.Б өөрийн төрсөн дүүгийнхээ эхнэртэй хамтарч бусдад мөнгө зээлүүлдэг байсан. Төрсөн дүүгийнх нь эхнэр хүнд мөнгө зээлээд 5 хувийн ашиг авдаг байсан. Гэтэл төрсөн дүүгийнхээ эхнэрт хэлэхгүйгээр надаар дамжуулж зээлдүүлсэн гэдэг нь худлаа” гэв.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Сгаас салсны дараа 2022 оны 10 дугаар сард буцаж нийлсэн. Банк бусын үйл ажиллагааг би найзуудтайгаа нийлж 2022 оны 8 дугаар сард явуулж эхэлсэн. Би 2021 оны 4 дүгээр сард Ч.Бтай танилцсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Бт мөнгө зээлсэн. Ингэхдээ өөр хүнээс зээлийн хүүнд шилжүүлсэн 290,000 төгрөгийг Ц.С руу шилжүүлж, Баатарт өгсөн. Ч.Б нь дахиад 1 сая төгрөг зээлдмээр байна гэхээр нь би Ц.С руу утсаар яриад  “Ч.Б гэж хүн ирж  зээлийн гэрээ хийх ёстой, би ажилтай явж байгаа тул чи гэрээ хийгээрэй” гэж хэлээд гэрээг хийлгүүлсэн. Энэ нь Ц.Стай ямар нэгэн хамааралгүй мөнгө юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэгч Ц.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Ч.Бт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “миний бие Д.Бэс мөнгө зээлж авсан бөгөөд зээлж авсан 1,300,000 төгрөгийг Бат-Эрдэнийн данс уруу шилжүүлсэн, мөн зээлийн хүүг Д.Бд өөрт нь бэлнээр өгч байсан. Тухайн үед Д.Б нь хөдөө ажиллаж байсан тул түүний хүссэнээр эхнэр Ц.Стай нь зээлийн гэрээ байгуулсан. Зээлсэн мөнгөө буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ. 

5. Дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас  нь үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож,  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

           Хэргийн баримтаар, хариуцагч Ч.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бэс мөнгө зээлэх талаар анх санал тавьсныг тэрээр зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулахаар ярьж тохиролцсон, улмаар Д.Б нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул биечлэн гэрээ байгуулах боломжгүй шалтгаанаа тайлбарлаж, тухайн үед Улаангом суманд ажиллаж амьдарч байсан эхнэр Ц.Сгаар дамжуулан зээлийн гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлэхийг хүссэний дагуу Ч.Б, Ц.С нарын хооронд 1,300,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлэх гэрээ байгуулагдсан, 

           - гуравдагч этгээд Д.Б нь хариуцагч Ч.Бтай анх ярилцаж тохиролцсоны дагуу гэрээний зүйл буюу 1,300,000 төгрөгийг эхнэр Ц.Сийн ХААН банк дахь 5800605499 тоот харилцах дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч Ц.С нь Ч.Бтай зээлийн гэрээ байгуулж, ХААН банк дахь 5800605499 тоот харилцах данснаас хариуцагчийн ХААН банк дахь 5800307209 дугаар дансанд 2 удаагийн гүйлгээ (300,000+994,000)-ээр уг мөнгийг шилжүүлсэн,

           - хариуцагч нь анх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй зээлийн харилцаа үүсгэх болон гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

           5.2. Ц.С нь зээлдэгч Ч.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсанаар талуудын хооронд  маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: “ миний бие Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатчаар батлуулж, 1,300,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдсэн учраас Ч.Баас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Бд төлсөн гэх шалтгаанаар зээлсэн мөнгөө төлөхгүй байна. Д.Б нь энэ зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй, Д.Бэс тухайн үед миний данс уруу шилжүүлсэн 290,000 төгрөг нь гэр бүлийн  хэрэгцээний мөнгө байсан, мөн 1 сая төгрөгийг шилжүүлсэн нь манай ааваас авсан зээлээ буцааж төлсөн юм” гэж тайлбарлан маргасан байх боловч Ч.Бт зээлээр шилжүүлсэн 1,294,000 төгрөг нь дан ганц нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болох нь хэрэгт тогтоогдоогүй байна.

           Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гэрээний дагуу авсан үндсэн зээл 1,300,000 төгрөгийг Д.Бд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түүний ХААН банк дахь 5085235835 тоот дансанд нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн, мөн зээлийн хүүг бэлнээр төлсөн талаараа тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтууд болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байх тул хариуцагч Ч.Быг зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, зээлдэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон байна.

  5.3. Анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн, хариуцагч Ч.Б болон нэхэмжлэгч Ц.С, гуравдагч этгээд Д.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг хэнд, хэрхэн хүлээлгэж өгөх талаар талууд гэрээндээ заагаагүй тул үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч нарын хэн алинд нь ч хүлээлгэн өгөх эрх нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-т зааснаар үүсэх  тул хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг Д.Бийн өмнө гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,422 (тавин найман мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 58,422 (тавин найман мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                               ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                                 Н.МӨНХЖАРГАЛ

                 ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН