Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

   2019         05         14                                  2019/ШЦТ/766

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Шүүгдэгч Г.Т түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүгдэгч Х.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Х.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906007330790 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Г.Т.

Х.Д.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн орчим иргэн Г.Чойжийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

Шүүгдэгч Х.Днь шүүгдэгч Г.Т 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн орчим иргэн Г.Чойжийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гар утсыг гэмт хэргийн улмаас олдсон гар утас гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн 1906 00733 0790 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Т нь бусдын эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, шүүгдэгч Х.Днь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Чойжийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би эхнэр Нямсүрэнгийн хамт явж байгаад 16 цаг өнгөрч байхад салаад би дүүргийн эмнэлэг дээр хуучин хамт ажиллаж байсан Мөнхжаргал ахыг эргэчихээд чатаар дүү Нямсүрэнгийн Ганболд гэх нэг сумын залуутай холбогдоод гэрт нь 19 цагийн үед очсон. Н.Ганболд надад мах чанаж өгөөд бид хоёр 2 шил Хараа нэртэй 0.5 литрийн хоёр архи уучихаад Н.Ганболдын гэрээс 00 цаг өнгөрч байхад гараад таски бариад цайзын буудлын тэнд байдаг нэг караоке, пабад орж ганцаараа сууж нэг шил пиво авч уучихаад гарч явах замд Асайт худалдааны төвийн орчим замын хойд талд хэнтэй ярьж байснаа мэдэхгүй ямар ч байсан утсаар яриад явж байхад миний үеийн гэмээр хар куртиктэй залуу гар утсыг булааж аваад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Г.Мөнгөнсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй, 2-3 хоногийн дараа Г.Тагаас манай нөхөр Х.Д гар утас авсан гээд нэг утас барьчихсан байсан. Тэгээд чи яаж хүний утас авсан юм бэ гэхэд би биллъярдны цохиур мод өгч авсан гэж надад хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг Х.Д ээждээ бариулсан. Тэгтэл цагдаагаас удахгүй Х.Дийг дуудаж энэ хэрэг болсон талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

Гэрч Т.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би энэ талаар огт мэдээгүй. Хэд хоногийн өмнө мэдсэн. Х.Д надруу яриад Г.Т асуугаад, ажлыг нь асуугаад байсан. Тэгээд орой нь Г.Т надруу залгаад ярих юм байна, Х.Д чамд юм хэлсэн үү гээд байсан. Тэгээд гэртээ ирээд уулзахад Г.Т хүний утас авсан талаараа хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31/, 

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн №БЗ1-19-114 дугаартай:

2019 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар VIVO Y-71 маркийн гар утас нь 272.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

 

Шүүгдэгч Х.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Г.Т бид хоёр Баянзүрх дүүрэгт байрлах Мүүн баарны ойролцоо хүн байвал такси авах байх гэж ярилцаад уг газар руу явсан. Тэгээд миний бие Мүүн баарны хойно буюу Асайт худалдааны төвийн урд талын автобусны буудлын зогсоолд зогссон. Г.Т надад хандан “би Мүүн баар руу орчихоод ирье” гэж хэлээд машинаас буугаад явсан. 5 минут орчмын дараа Г.Т машинд орж ирж суусан. Тэгээд би машинаа хөдөлгөөд явсан ба машин хөдлөөд явж байхад Г.Т надад хар гэртэй яагаан өнгийн Виво гэдэг нэртэй гар утас харуулаад “уг гар утсыг би согтуу хүнээс булаагаад авчихлаа” гэсэн. 2, 3 хоногийн дараа Г.Тас нөгөө виво загварын гар утас чинь байгаа юу? би чамаас худалдаж авъя гэхэд Г.Т зөвшөөрч уг гар утсыг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Х.Д бид хоёр машинаараа хөлсөөр ганц нэг хүн хүргэж өгсөн. Би Мүүн баар руу явъя гэж Х.Дд хэлээд тийш явсан. Тэгээд Асайт худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр зогоссон. Би Мүүн баар руу орчихоод ирье гэж хэлээд машинаас буугаад баар руу явж байхад нэг эрэгтэй хүн пиво уугаад, гар утсаараа яриад зогсож байхад нь би гар утсыг нь булаагаад зугтсан. Тэгээд би машинд орж ирээд уг гар утсыг харуулаад “би хүний гар утсыг шүүрээд авчихлаа” гэж хэлсэн. Гар утас нь Хятад улсад үйлдвэрлэсэн ар тал нь яагаан өнгийн гар утас байсан. Маргааш нь бид хоёр уулзаад Х.Д нь миний хүнээс булаасан гар утсыг худалдаж авъя гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд уг гар утсыг Х.Дд өгсөн. Хүнээс гар утас булаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24/,

-хохирогчийн гомдол саналгүй гэх цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Т, Х.Днарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-50, 55-57/, шүүгдэгч Г.Т “Амралтайн тохой” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 54 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Т нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Днь гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч ашигласан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д Г.Т 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн орчим иргэн Г.Чойжийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Дий шүүгдэгч Г.Т 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн орчим иргэн Г.Чойжийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гар утсыг гэмт хэргийн улмаас олдсон гар утас гэдгийг мэдсээр байж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Чойжид учирсан хохирол болох гар утсыг биет байдлаар буцаан өгсөн ба хохирогч шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байгаагаа илэрхийлсэн /хх-ийн 72, 73/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Т бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Дийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Т хоёр жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Дийг хоёр жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т, Х.Днарт хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Т, Х.Днар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Х.Днарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Х.Днарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ