Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01700

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01700

 

 

,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02353 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,т нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс ,,,,,,,,,,,д ногдох хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,-тай 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд зарлагдсан төслийн сонгон шалгаруултад шалгаран батлагдсан ,,,,,,,,,,,,,,,-ийн хүлэмжийн агропаркийн төслийн 1,700,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотод байрлалтай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 17 байр, 12 тоот 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших үйлдвэрийн зориулалттай 5321 м.кв талбай бүхий барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших нэгж талбарын ,,,,,,,,,,,,,,,, дугаар бүхий 5321 га газрын эзэмших эрхийг тус тус барьцаалуулахаар тохирсон. Гэрээний 2.1.2-т ,,,,,,,,,,,,,,, нь тус төслийн зээлийн санхүүжилтээр Хан-Уул дүүрэг Шувуун фабрикт байрлах хүлэмжийн барилгуудыг барьж ашиглалтад оруулж гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор хүлэмжүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн барьцааны баталгаанд тавьж, улмаар миний барьцаанд тавьсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх үүргийг хүлээсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах обьектыг барьцаалах эрхийг хариуцагчид итгэмжлэлээр олгож, харин Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт орших обьектыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээгээр шилжүүлэн өгч хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж барьцаалуулсан. Богино хугацаанд буюу 6 сарын дотор зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн амлалтад итгэж өөрийн нийт 1,079,730,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг ,,,,,,,,,,,,,,, буюу түүний захирал ,,,,,,,,,,,тад олгосон. Ийнхүү ,,,,,,,,,,,,,,, нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт 1,400,000,000 төгрөгийн зээлийг авч Хан-Уул дүүргийн нутаг Шувуун фабрикад хүлэмжийн барилгыг барьж байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан боловч үр дүн гаралгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Иймд хамтран ажиллах гэрээний 2.1.2-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 17 байр, 12 тоот хаягт байрлалтай 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлэхдээ хамтран ажиллах гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд ,,,,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,,,,тад өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг бэлэглэж буй мэтээр хэлбэр төдий бэлэглэлийн гэрээг байгуулсан. ,,,,,,,,,,,тад тус обьектын зарим хэсгийн бэлэглэх хүсэл зориг талуудын аль алинд нь анхнаасаа байгаагүй, бид гагцхүү хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхдээ дүр үзүүлсэн бэлэглэлийн гэрээ байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний дагуу шилжүүлж өгсөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо Бага тойруу 17 байр, 12 тоот хаягт байрлалтай 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны ,,,,,,,,,,,тад ногдох хувийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Манайх хамтран ажиллах гэрээний 2.1.2 дахь заалтын дагуу тус бүр нь 1,000 м.кв талбай бүхий 4 өвлийн хүлэмжүүдийг 2018 оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулсан. Хүлэмжийн барилгуудыг гэрээний хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр материал бүрдүүлсэн боловч АМХЭГ болон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон шийдвэрүүд нь давхацсан, шүүх дээр газрын маргаантай гэх үндэслэлээр өнөөг хүртэл хөрөнгөө бүртгүүлж чадахгүй байгааг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Учир нь төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй, мэдээллээ харилцан солилцдоггүй, дур дураараа шийдвэр гаргадгаас шалтгаалан хоорондын гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөөс үл хамааран биелүүлж чадахгүй байна. Уг хүлэмжүүдийг миний өөрийн үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулдаг Мөнх ногоон амьдрал ТББ-ын нэрээр 2030 он хүртэл газрын гэрээ хийгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Шувуун фабрикийн нутаг дэвсгэр дахь 2030 он хүртэл эзэмших хугацаатай газар дээр барьж байгуулсан. ,,,,,,,,,,,, ХХК нь АМХЭГ-аас Түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга/ олборлох тусгай зөвшөөрөлтэй 120 га газартай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 80 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгосон газартай давхцуулж олгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 10 сараас нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр орж Улсын дээд шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжууд 2021 онд хүчингүй болсон. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.2.2-т Б тал зээлийн санхүүжилтээс зээлээр авсан 250,000,000 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хийгдсэн гэрээний хүү болон хугацааны нөхцлийн дагуу А тал-д эргүүлэн төлөх үүрэгтэй бөгөөд зээл төлөгдөж дуустал Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 17 дугаар байрны 12 тоот рестораны зориулалтаар тохижуулсан орон сууцыг хамтран эзэмших эрхийг А талд олгоно гэж тохирсон. Уг гэрээг хийх үндэслэл нь нэхэмжлэгч тал урьд нь арилжааны банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэрээр өндөр хариуцлага хүлээх болсон тул ЖДҮ-ийн жилийн 3 хувийн хүүтэй зээлнээс 250,000,000 төгрөгийг авч зээлээ даран энэ мөнгөнд ногдох хүү болон зээлийн төлбөрийг ЖДҮ сантай хийсэн зээл төлөх графикийн дагуу төлж барагдуулна гэж тохирсон. Бид гэрээний дагуу дансанд мөнгө гарсан өдрөө нэхэмжлэгч талд 250,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч тал маань өнөөг хүртэл зээлээ нэг ч төгрөг төлөхгүй биднийг зээлийн алданги хүүгийн торгуульд оруулсаар явж байгаа. Иймд 250,000,000 төгрөгийн зээл, хүү, алдангиа төлөөгүй нөхцөлд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Улсын эрхийн бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,, дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших 5321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ,,,,,,,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5321 га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч ,,,,,,,,,,,т, ,,,,,,,,,,,,,,,-д даалгах нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улсын эрхийн бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,, дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны ,,,,,,,,,,,д ногдох хувийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,839,550 төгрөгөөс 1,692,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,146,650 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ,,,,,,,,,,,таас 282,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн атлаа тус гэрээгээр хүлээн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн болон гэрээний ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж чадаагүй шалтгаан нөхцөлийг хүлэмж баригдсан газрын маргаантай холбогдуулж тайлбарладаг боловч тэр нөхцөл нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй тул гэрээний үүргийг хэрэгжүүлэхээс татгалзах хууль ёсны үндэслэл биш. Энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчимтай зөрчилдөж байна. Үүргийн гүйцэтгэхэд саад болж буй нөхцөлийг хариуцагч өөрөө арилгах үүрэгтэй болохоос түүний үр дагаврыг үүрэг гүйцэтгүүлэгч давхар хариуцах ёсгүй юм. Хариуцагч гэрээгээр хүлээсэн тус үүргийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдсөн хэвээр байна. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргийг хэрэгжүүлтэл Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу 250,000,000 төгрөгийг төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзаж саатуулах эрхтэй талаар дурдсан бөгөөд хариуцагчийг барьцаа хөрөнгө чөлөөлөх үүргээ биелүүлмэгц тус хариу үүргийг гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тус үүргээ зөрчсөн буруутай талаар сөрөг нэхэмжлэл гарган шаардаж маргаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ мөн адил зөрчсөн агуулгатай дүгнэлт хийсэн нь шүүх хөндлөнгийн байх", маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх" зарчмуудыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдуулан Улсын эрхийн бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,, дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших 5,321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, Нэгж талбарын ,,,,,,,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5,321.0га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Улсын эрхийн бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,, дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны ,,,,,,,,,,,д ногдох хувийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

2.а. ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ,,,,,,,,,,,-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ,,,,,,,,,,,,,,,-ийн авах 1,700,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд ,,,,,,,,,,,,, нь хөрөнгүүдээ барьцаалуулах, тус сангаас авсан зээлээс 250,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, авч, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хийсэн гэрээний дагуу хүү, хугацаагаар тооцон, буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 8/

 

2.б. Дээрх гэрээний дагуу ,,,,,,,,,,,,, нь Улсын эрхийн бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,, дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших 5,321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, Нэгж талбарын ,,,,,,,,,,,,,,,, дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5,321.0 га газрыг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд барьцаалуулсан байна.

 

2.в. Мөн талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх нэртэй гэрээ байгуулагджээ. /хх 16/

 

3.а. Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны ,,,,,,,,,,,д ногдох хувийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

3.б. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа үүрэг хэвээр үлддэг учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах барьцаалагчийн шаардах эрхэд дээрх шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

4. Зохигчид барьцааны зүйлийг чөлөөлөх эсэх асуудлаар маргажээ.

4.а. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.

 

4.б. Хэргийн баримтаас зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүргээ биелүүлээгүй байх тул барцьааны бүх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хөрөнгүүд гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байна.

 

4.в. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох юм.

 

4.г. Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн хэлцэл хийхдээ үр дагаврыг ойлгосон байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Гагцхүү Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлгүй тул хуулийн хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...9 дүгээр зүйлийн 9.4.3 гэснийг ...160 дугаар зүйлийн 160.1.1-д гэж,

2 дахь заалтыг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлээс нэрээ хасуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,гийн нэр дээр бүртгэл хийлгэхийг хариуцагч ,,,,,,,,,,,д даалгасугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,692,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД