| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0395/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 399
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВТ56122831 регистрийн дугаартай, Малчин овогт Очирхүүгийн Намдагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Намдаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Намдаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.Намдаг нь 1956 оны 12-р сарын 28-ны өдөр төрсөн. 1964-1972 онд Галуут сумын дунд сургууль, 1972-1974 онд 10 жилийн сургууль, 1974-1976 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсч, Галуут сумын 3-р бригадад 2 жил хүний эмчээр ажиллаж улмаар 1978 оны 06-р сарын 23-ны өдөр хилийн ба дотоодын цэрэгт алба хаагаад 1981 оны 09-р сард Эрдэнэцогт сумын 1-р бригадад хүний эмчээр ажилласнаас хойш эдүгээ 35 жил тус суманд ажиллаж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 1976 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1978 оны 06-р сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р бригадад хүний эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1981 оны 09 дүгээр сард Эрдэнэцогт суманд Эрүүлийг хамгаалах газрын даргын 125 тоот тушаал Галуут суманд андуурч бичигдсэн байна. 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р бригадад хүний эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар О.Намдагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1976 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар тушаал, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 125 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 399 тоот албан бичиг, гэрч Ч.Ганцэцэгийн мэдүүлэг, 1983, 1985 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
О.Намдаг нь 1976 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1978 оны 06-р сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р бригадад хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь”... ажилд томилох тухай” 1976 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Галуут сумын 3 дугаар бригадын бага эмчээр томилж байсан Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1976 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар тушаал, 1977-1978 онуудад авч байсан цалинг түүвэрлэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 399 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэргээр,
1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр бригадад бага эмчээр ажиллаж байсан болох нь “Сувилагч томилох тухай” Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 125 дугаар тушаал,1984-1994 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№-182, Б№01, ХН№01, Х№223, Б№01, ХН№01, 04 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж байгаа баримтаас түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 399 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа,1982-1985 онуудад ажлын амжилт гарган шагнуулж байсан баярын бичгүүд, гэрч Ч.Ганцэцэгийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Малчин овогт Очирхүүгийн Намдагийн 1976 оны 8-р сарын 02-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар бригадад хүний бага эмчээр, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр бригадад хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар О.Намдагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ