Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2024/00029

 

                                Б.Огийн нэхэмжлэлтэй, У станц ТӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэртэй,

 нэхэмжлэлтэй, У станц ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2016 онд Ховд Их сургуулийг нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр У станц ОНӨААТҮГ-т борлуулалтын ажилтнаар орсон.

Намайг 2023 оны 9 дүгээр сарын 05,06-ны өдөр 2 хоног ажил тасалсан гэж ямар ч баримт нотолгоогүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, 2 cap цалингийн 20%-аар хассан. 9 дүгээр сарын 05-ны өдөр ажил таслаагүйг манай өрөөний хүмүүс мэдэж байгаа, мөн 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 08 цагаас өдрийн 12 цаг хүртэл ажил дээрээ байж байгаад 13 цагаас эмнэлэгт үзүүлэх цаг авсан байсан тул эмнэлэгт үзүүлээд 15 цагт ирсэн чинь бүтэн өдөр ажил тасаллаа гэж шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хугацаа  дуусаагүй байтал ахиад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орлого төвлөрүүлээгүй, өр авлага барагдуулаагүй гээд зөвхөн надад 3 сарын хугацаатай, цалингийн 20%-аар шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа. Захирлын зөвлөлийн хурал дээр өр авлага барагдуулах болон хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах талаар ярилцаж, 5 байцаагчийг одоо үүсээд байгаа өр төлбөрийг 80% барагдуулах айл өрхийн гэрээг байгуулцгаа гэж үүрэг даалгавар өгөөд хурал тарсан. Тэгээд үүрэг даалгаврын хугацааны цаг болж 5 байцаагч нар захирал, нягтлан бодогч, хуулийн зөвлөх нартай уулзаж ажлаа тайлагнасан. Зарим айл өрхийн хүмүүс цалин буухаар мөнгө хийнэ, зарим нь хэдэн жил халаалт аваагүй тул хийхгүй, халаагүй үеийн төлбөрөө танайх зохицуулаад өгвөл үлдэгдлийг нь хийнэ, зарим нь мөнгөний боломж байхгүй, хавартаа ноолуур гарах үеэр гэх зэрэг шалтгаанаар орлого тасалдсан.

Миний бие нийт хэрэглэгчдийн 80%-тай гэрээ байгуулсан, үлдсэн хувь нь хотод байдаг, гадаад гараад явсан, хөдөө малчин өрхүүд байсан, учраас гэрээ байгуулах боломжгүй айл өрхүүд байсан. Тэр бүх зүйлээ хэлсэн боловч хамгийн цөөн гэрээ хийсэн, орлогоо бүрдүүлж чадаагүй ажилтныг хөдөлмөрийн гэрээг цуцална гэж хэлээд гаргасан. Тэгээд маргааш нь ажилд ирэхэд байцаагч Баялаг-Эрдэнэ бид хоёрыг ажлаас халсан тушаал гаргасан байсан.

Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж байна. Иймд намайг У станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У станц ТӨХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн У станц ТӨХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаартай, Б.Од сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан. Тушаалын үндэслэлд: У станц ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтыг үндэслэсэн. Б.О нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын ажилтны цагийн бүртгэлээс харахад 4191 минут буюу 69,8 /ажлын 8 хоногтой тэнцэнэ/ цагийн хоцролттой байсан.

У станц ТӨХК-ны захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан. У станц ТӨХК-ийн захирал, борлуулалтын ажилчидтай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, мөн удирдлагадаа мэдэгдэж чөлөө аваагүй нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

У станц ТӨХК-ны захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэсэн.

Б.О нь санхүүгийн данс бүртгэлийг санаатайгаар будлиантуулах, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцлийг бий болгох боломжийг бүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан.

Борлуулалтын ажилтан Б.О нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Б.О нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан биш юм. Иймд У станц ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хэвээр үлдээж, борлуулалтын ажилтан Б.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ог Увс аймгийн У станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улаангомын дулааны 2 дугаар станц Төрийн өмчит ХХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Б.Ог дээрх тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ийг үндэслэсэн нь нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил тогтоогдсон тул “У станц” ТӨХК-ийн борлуулалтын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн. Б.О нь сахилгын шийтгэл удаа дараа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй билээ.

Б.Ог ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 заалтын үндэслэл тогтоогдоогүй гэж У станц ТӨХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Б.Ог ажилд нь эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сарын сүүлээр орлогын үзүүлэлтээр бид цалинждаг. Өмнө нь байсан даргын үед бид дансны хуулгыг өөрсдөө шалгадаг байсан боловч шинэ дарга орж ирээд дансны хуулга шалгах боломжгүй болгосон. Өөрсдөө дансны хуулга шалгадаг байхад бидэнд амар байсан. Одоо бол хэн орлого хийсэн нь мэдэгдэхгүй болсон. Мөнгө дансандаа авах гэсэн асуудлын хувьд тухайн хэрэглэгч нь миний таньдаг ах байсан бөгөөд тухайн хэрэглэгчдийн төлбөр нь 1,000,000 төгрөгт дөхсөн их мөнгө байсан учир би орлогоо нэмэгдүүлэх зорилгоор миний данс руу хийчих гэж хэлсэн. Тухайн үед сарын сүүл болж байсан учир би орлогоо нэмэгдүүлэх зорилготой байсан. Ямар зорилгоор хэрэглэгч рүү дансны дугаараа явуулсан юм бэ гэдэг байдлаар байгууллагаас асууж тодруулаагүй гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч Б.О нь өөрийн хувийн дансыг хэрэглэгч рүү явуулж мөнгө авахыг завдсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан зөрчилд 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Б.О нь Увс аймаг, У станц ТӨХК-д холбогдуулан, тус станцын борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Б.О нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасан үүргээ биелүүлэхгүйгээр сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн санхүүгийн данс бүртгэлийг санаатайгаар будлиантуулах, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцөлийг бий болгох боломжийг бүрдүүлж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ог Увс аймаг, У станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэгт тогтоогдсон үйл баримтад бүрэн, зөв эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

5. Хариуцагч Увс аймаг, У станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар тус компанийн борлуулалтын ажилтан Б.Ог Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.4, 80.1.5 дахь заалт, “У станц” ТӨХК-ийн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2 дахь заалтуудыг тус тус баримтлан түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

            6. Нэхэмжлэгч Б.О нь ажил олгогчийн дээрх Б/18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч,хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.             

           7. Хариуцагч буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4, 80.1.5-т заасныг баримтлан ажилтан Б.Отай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буюу ажил олгогчийн шийдвэр дараах үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.

           7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд ажилтанд ногдуулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн зааж, сахилгын шийтгэл ногдуулах журмыг тусгайлан зохицуулжээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч уг хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т: ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд :

            - өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах,

    - нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах,

    - үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,

           - албан тушаал бууруулах,

           - ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулна гэж сахилгын шийтгэлийн төрлийг нэрлэн заасан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-т: сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заажээ.

           Хариуцагч Увс аймаг, У станц ТӨХК-ийн захирал Э.Б 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар тус компанийн борлуулалтын ажилтан Б.Од хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, 2023 оны 09 дүгээр сарын 4,5-ны өдрүүдэд ажил тасалж сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр цалинг 2 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /хх-ийн 50-р талд/,

           - мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүргийнхээ хуваарийн дагуу орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж, өр авлагыг барагдуулж ажиллаагүй гэх үндэслэлээр цалинг 3 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /хх-ийн 49-р тал/ тус тус ногдуулсан байх ба уг шийдвэрүүдэд ажилтан гомдол гаргаагүй байна.

           Ажил олгогч нь Б.Отай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заасан ба энэ талаар ажил олгогчийн төлөөлөгч анхан шатны шүүхэд: “Б.О нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг удаа дараа гаргасан тул 2023 оны 9 дүгээр сарын 08, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр тус тус сахилгын шийтгэл ногдуулсан. Эдгээр сахилгын шийтгэлийг Б.О хүлээн зөвшөөрөхгүй талаар тус байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир түүнийг уг шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан” гэж тайлбарлажээ. 

           Нэхэмжлэгч Б.О нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил 2 удаа гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн байх боловч дахин өөр зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад өмнөх шийтгэл хүлээсэн зөрчлүүдэд нь дахин ажлаас халах буюу хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-т заасныг зөрчсөн гэж дүгнэв.

           Тодруулбал, нэхэмжлэгч Б.Од цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Б/46 дугаар, Б/88 дугаар тушаалууд хүчин төгөлдөр болж хэрэгжсэн байхад дахин тухайн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

           7.2. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ “хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл заасан байх боловч хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан талаар тодорхой үндэслэл, үйл баримтыг заагаагүй, шүүхэд энэ талаар нотлоогүй.

           Түүнчлэн, ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ: У станц ТӨХК-ийн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь хэсэгт заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ 2 ба түүнээс дээш удаа дараалан хангалтгүй гүйцэтгэсэн нь дүгнэхэд тогтоогдсон” гэх заалтыг баримталсан байх боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргийг хэзээ, хэрхэн зөрчсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, дахин сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн, “У станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, борлуулалтын ажилтнууд оролцсон хурлын тэмдэглэл гэх баримтуудаар Б.Ог хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, уг тэмдэглэлд түүний ажил үүргийг дүгнэсэн талаар тусгагдаагүй байх тул уг баримт нь энэхүү маргаанд хамааралгүй гэж дүгнэв.

           Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болгож буй зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарч байх, улмаар сахилгын зөрчил гаргасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардах бөгөөд ажил олгогчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь энэхүү хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           7.3. Ажил олгогч нь ажилтан Б.Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг баримтлан ажилтныг буруутгасан байх боловч нэхэмжлэгч нь энэ зүйл, хэсэгт заасан зөрчил үйлдсэн талаар болон тухайн байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцах, эд хөрөнгийн хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-т заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           8. Иймд хариуцагч Увс аймаг, У станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баатарсангийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

           9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Б.О нь нэг жилийн дотор сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

          10. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан байна.

           11. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                        ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                                      ШҮҮГЧ                                                     Ж.ОТГОНХИШИГ  

                                    ШҮҮГЧ                                                     Н.МӨНХЖАРГАЛ