Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01670

 

 

2022 09 05 210/МА2022/01670

 

 

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01929 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,823,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан үндсэн зээл 7,379,115 төгрөг, хүү 436,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,458 төгрөг, нийт 7,823,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Д.Батчулуун нь 2018.08.28-ны өдөр ,,,,,,,,,,,, тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч үндсэн зээлд 620,885 төгрөг, хүүд 273,815 төгрөг төлсөн. Хариуцагч зээлийн гэрээний 3.2.1-т Зээлийн төлбөрийг энэхүү гэрээний 2.2.1-д заасан харилцах дансанд эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх гэж заасан үүргээ зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох нийт 7,823,253 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Зээлийн төлбөр нь миний нэрээр гарсан боловч анхнаасаа санаа зорилго нь өөр байсан. Зээл авах үед би Төрийн банкинд ажиллаж байсан. Манай салбарын захирал Ч.Ариунгэрэл нь ,,,,,,,,,,,,,-ийн захиралтай тохирч ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, теллер В.Уранчимэг, үйлчлэгч О.Наранхүү нар болон миний нэр дээр зээл гаргуулан авч, хувьдаа ашигласан. Өнөөдрийн байдлаар Ч.Ариунгэрэлтэй холбоотой эрүүгийн хэрэг цагдаа болон Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Хөндий овогт Дамдинсүрэнгийн Батчулуун /ЦГ84101787/-аас 7,823,253 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,аас 140,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, шүүх түүнийг хангаж, тухайн олон хуудастай нотлох баримт нь шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхэд ирсэн. Тэрхүү нотлох баримттай танилцах боломжоор хангаагүй. Шүүх хуралдаанд гэрч Ч.Ариунгэрэлийг оролцуулах хүсэлт гаргахад шүүх хангаагүй бөгөөд прокурорын байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэж, Ч. Ариунгэрэлийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл бүрдэх байсан. Энэ боломжийг шүүх хангаагүй бөгөөд Ч.Ариунгэрэл нь наад мөнгийг чинь төлөхгүй надад хамаагүй болсон гэдэг.

Тухайн зээлийг төлөх үүрэг хүлээгч нь,,,,,,,,,,,,,,,,, би биш, харин Ч.Ариунгэрэл мөн болохыг нэхэмжлэгчид өмнө нь бичгээр илэрхийлж байсан ба тэрхүү баримт хэрэгт авагдсан.

Мөн шүүх хуралдаанд биечлэнг оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гомдож байна.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан прокурорын яллах дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх хуралдаан 5 удаа хойшилсон. Хариуцагч тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн хэргийн оролцогч учраас яллах дүгэлт ямар утга агуулгатай талаар сайн мэдэж байгаа. Шүүхэд ирүүлсэн баримт нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш. Хариуцагчийн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг албаар удаашруулах, саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт

1.1. Зээл 7,379,115 төгрөг

1.2. Хүү 436,680 төгрөг

1.3. Нэмэгдүүлсэн хүүд 7,458 төгрөг, нийт 7,823,253 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

 

2.а. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ,,,,,,,,,,,, дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 8,000,000 төгрөгийг 1 сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч цалин барьцаалсан төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх6-8/

 

2.б. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч нь,,,,,,,,,,,,,,,,,ы Төрийн банк дахь дансаар нь хүлээлгэн өгсөн. /хх32/

 

2.в. Хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлд 361,875 төгрөг, хүүд 85,475 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлд 259,010 төгрөг, хүүд 188,340 төгрөг, нийт 894,700 төгрөг төлсөн. /хх-16/

 

2.г. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай Прокурорын тогтоолд Ч.Ариунжаргал нарт холбогдох 1809046760956 дугаар эрүүгийн хэрэгт,,,,,,,,,,,,,,,,, нь яллагдагчаар татагдаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

3. Зохигч дараах асуудалд маргаантай байна. Үүнд:

3.а. Хариуцагч,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй,Төрийн банкинд ажиллаж байх үед салбарын захирал Ч.Ариунгэрэл авч ашигласан, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж маргаж байна.

 

Хариуцагч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан асуудал бөгөөд энэ нь түүнийг ,,,,,,,,,,,,,-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

 

Зээлдэгч нь зээл хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч,,,,,,,,,,,,,,,,, зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Шинээр цугларсан нотлох баримттай танилцах боломж олгоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй талаархи хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь шинээр цугларсан гэх нотлох баримт нь,,,,,,,,,,,,,,,,,ы өөрийнх нь яллагдагчаар татагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан хэргийн талаарх баримтууд байна. Мөн хариуцагч талд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн болох нь хэргийн 96 дугаар талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,125 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД