Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01671

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01671

 

,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01899 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ,,,,,,,,,,,нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

,,,,,,,,,,,, нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүний нөөцийн мэргэжилтнээр, 2020 оны 01 дүгээр сард тус байгууллагыг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгон өөрчлөхөд сангийн ажлын албанд хүний нөөцийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч байгууллагын захирлын Б/239 тоот тушаалаар ,,,,,,,,,,,,ыг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөө аж аж ахуйн дэмжих сангийн дүрмийн 2.3.1.12, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16.3, 3.16.5, 3.16.16, 3.16.22, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, 13.2.2, 13.7, 13.7.3, ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 7.3, 8.1, 8.1.1, 8.1.8, ёс зүйн хорооны 2021 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ёс зүйн хорооны шийдвэрээр нэхэмжлэгчийг 2, 3 ажилтны цалинг буруу бодсон гэж шийдсэн боловч уг зөрчил гарсан эсэхийг ёс зүйн хорооны дүрмээр хянаж тогтоогоогүй. Цалинг сар бүрийн 10, 25-ны өдөр олгодог. 10-ны цалин дээр цалингийн суутгал, шимтгэл авдаггүй, 25-ны цалин дээр суутгадаг учраас нэхэмжлэгч нь цалинг зохих ёсоор бодож байсан.

Ч.,,,,,,,,,,, нь 8 сарын сүүлээр ковид туссан, өвөө нь нас барсан бөгөөд эмчилгээний бичиг болон чөлөөний хуудсаа өгөөгүй тул уг хугацааг ажлын хоногт оруулж тооцоогүй. Улмаар 25-ны өдрийн сүүлийн цалин бодох үед уг бичгүүдийг өгвөл цалинг нөхөж олгоё гэсэн тул 10-ны өдрийн цалин дээр бодоогүй. Ч.,,,,,,,,,,, нь банкны лизинг төлдөг, ажилласан хоног ороогүй байна гэхээр нь нэхэмжлэгч Ч.,,,,,,,,,,, нь бичиг ирээгүй байгаа учир хоногийг оруулаагүй гээд түүнд 600,000 төгрөг шилжүүлсэн. Ч.,,,,,,,,,,, нь сүүлийн цалингаас уг мөнгийг буцааж өгсөн байдаг. Тэрээр ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн ёс зүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба шилдэг ажилчнаар ажиллаж байсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,, нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ёс зүйн хорооны 1 дүгээр шийдвэрийг үндэслэн түүнийг эрхэлж байсан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Захиргаа үйлчилгээний дарга Б.Батбаяр болон Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Оюунчимэг нарын гомдлоор уг сахилгын хуралдааныг хуралдуулж дахин авч хэлэлцсэн. Тэрээр Н.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцаатай байсны улмаас 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалинтай чөлөөний хуудсыг устган цалингүй чөлөөгөөр сольж цагийн бүртгэлийн мэдээг санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газар оруулснаар Н.Оюунчимэгийн нэг өдрийн цалин олгогдоогүй, мөн С.Мишээлийн илүү цагийн цалинг бодоогүй зөрчил тус тус гаргасан. 6-8 дугаар сард Онцгой байдлын газрын түргэний эмч нарын дайчилгаанд төрийн болон төсвийн албан хаагч нарын жолоочид 3 сарын хугацаанд явсан байдаг.

Мөн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ч.,,,,,,,,,,,гийн цалинг бүтэн олгоогүй, 5 дугаар сарын цалинг олгоогүй байсныг 6 дугаар сард нөхөж олгосон, 9 сарын цалинг огт олгоогүй байсныг Ч.,,,,,,,,,,, яагаад цалин орохгүй байгаа талаар асуухад мартчихсан байна гээд өөрөөсөө бүтэн сарын цалинг өгсөн байдаг.

Түүнчлэн С.Дуламсүрэнг ажилдаа огт ирээгүй байхад ажилласан мэтээр цалинг бүтэн оруулсан зэргээр ажилчдын цалинг нь 2 өөр олгоод, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлүүдийг авч хэлэлцээд шинэ ажилчдыг ялгаварлан гадуурхдаг, хуучин ажилчиндаа давуу байдал олгож, илүү цаг боддог гэж дүгнэн ёс зүйн ноцтой зөрчил гэж үзсэн.

С.Бат-Эрдэнэ нь ээлжийн амралтаа эдэлж дуусаад үргэлжлүүлээд чөлөө авах хүсэлт цахимаар илгээсэн. Уг хүсэлтийг хэлэлцсэн хуралдаанд захиргаа үйлчилгээний газрын даргыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, төлөөлөхдөө өөрт нь мэдэгдэлгүйгээр төлөөлж халах санал оруулсан зөрчил гаргасан. Уг гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил учраас Сахилгын хорооны хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийн дагуу ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,ыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Захиргаа, үйлчилгээний газрын хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас 6,611,658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 350 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 737 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Байгууллагын ёс зүйн дүрэм, түүний дагуу ажилладаг Ёс зүйн хороотой бөгөөд ажилтан зөрчил гаргасан талаар ирүүлсэн гомдлын дагуу тухайн ажилтныг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, ажлаас халах шийдвэр гаргасан байхад шүүх уг шийдвэрийг хуульд болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хангасан нь хэт нэг талыг баримталсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч нь нэг сарын цалин болох 1,025,000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх 6,611,658 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө шинэ ажилтнуудын цалин буруу бодож, хуучин ажиллаж байсан өөрийн найз нөхдийн цалинг илүү бодсон ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын ёс зүйн хорооны тогтоосныг үндэслэн тушаал гаргасан байхад шүүхээс дээрх ёс зүйн зөрчлийг ажлаас халах ноцтой зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин болох 1,025,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх 6,611,658 төгрөг гаргуулахаар, мөн ажилд нь эгүүлэн тогтоон, хөдөлмөрийн гэрээг зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/239 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх10/

 

3.а. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.3.1.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16.3, 3.16.5, 3.16.16, 3.16.22, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, 13.2.2, 13.7, 13.7.3, ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 7.3, 8.1, 8.1.1, 8.1.8, ёс зүйн хорооны 2021 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг баримталжээ. /хх10/

 

4. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүний дотор сахилгын шийтгэлээр чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмыг баримталсан байхыг шаардана.

4.а. Хэрэгт авагдсан цагийн тооцоо, цалингийн хүснэгт, үзлэгийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн цалингийн суутгалын талаарх тодохойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь ажилтан Н.Оюунчимэг, С.Дуламсүрэн, Ч.,,,,,,,,,,,, Д.Дарьсүрэн нарын ажилласан цагийн бүртгэлтэй холбоотой зөрчил гаргасан байх боловч уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д сахилгын ноцтой зөрчлийг тусгайлан заасан байна. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 8.1.1-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 3 дах удаа гаргасан, эсхүл нэг сахилгын зөрчил давтан гаргасан, мөн 8.1.8-д ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, ХААДС-ийн ажиллагаанд саад болох, эсрэг үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулснаас хохирол учирсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил байхаар тус тус заасан байна.

 

4.б. Хариуцагч байгууллагын захиргаа үйлчилгээний газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсаар тус байгууллагын ёс зүйн хороо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай №1 дугаар шийдвэр гаргасныг хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/239 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны/ 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Тодруулбал, сахилгын шийтгэлийг сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаснаар илрүүлсэн гэж үзэж 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэг сарын хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан гэж үзнэ. /хх 10, 20, 127-128/

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхээс дээрх ёс зүйн зөрчлийг ажлаас халах ноцтой зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй. Ажил олгогч ажилтанд хариуцлага тооцох хөөн хэлэцлэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх харин шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахдаа талуудын хооронд маргаан үүссэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн талаар тусгаагүй байгааг залруулах замаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн ... гэсний ард /1999 оны/ гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД