Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 398

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суух, ВЙ82112502 регистрийн дугаартай, Довдон тайж овогт Пүрэвдоржийн Амартунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суух, ВЙ75071714 регистрийн дугаартай, Улаан ямаат овогт Самдангийн Сүрэнхүүд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Амартунгалаг, хариуцагч С.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Амартунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие П.Амартунгалаг нь 1999 онд С.Сүрэнхүүтэй танилцаж, 2002 онд гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2004 онд хүү Рэнчинжунай, 2006 онд хүү Одбаатар, 2008 онд Рэгжимитүв нарыг тус тус төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд эхэндээ амьдрал ахуй сайхан байсан боловч 2006 оноос таарч тохирохоо больж, хол ойр хөдөө гадаа явчихаад ирэхдээ хүүхдүүдээс гэрт ямар хүн ирсэн, хэн гэрт хоносон гэх мэтээр хардаж, элдвээр хэлж дарамталдаг байсан юм. Улмаар өөрийнхөө төрсөн дүүтэй хүртэл хардаж, загнаж зандран, муу муухайгаар хэлж, байж суухын аргагүй болгож байсан. Ар гэрийнхэн нь амьдралд хөндлөнгөөс оролцож, намайг элдвээр хараан зүхэн, зодож цохих гэж дайран, эмэгтэй дүү нь зодож байсан. Ийм амьдралаар удаан амьдрах хэцүү байсан тул 2008 онд охиноо төрснөөс хойш тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд дахин эргэж нийлээгүй. Би С.Сүрэнхүүтэй одоо дахин хамт амьдрах боломжгүй бөгөөд миний бие нөхөртэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээн С.Сүрэнхүүгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Амартунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Сүрэнхүү бид хоёр 2002 онд гэр бүлж болж, 2008 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш би 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авсан. С.Сүрэнхүү нь хүүхдүүдээ харж үздэггүй. Би одоо ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би С.Сүрэнхүүтэй таарч тохирохоо больсон, намайг эгч дүү нар нь зоддог. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, С.Рэнчинжунай, С.Одбаатар хоёртоо тэтгэлэг тогтоолгоод охин С.Рэгжимитүвд тэтгэлэг тогтоолгохгүй байхад татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч С.Сүрэнхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Самдан овогтой Сүрэнхүү миний бие нь 1975 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Миний бие нь 1999 онд П.Амартунгалагтай танилцсан. 2002 онд гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2004 онд хүү С.Рэнчинжунай, 2006 онд С.Одбаатар, 2008 онд охин С.Рэгжимитүв нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд эхэндээ амьдрал ахуй сайхан байсан. 2006 оноос таарч тохирохоо больсон. Хол, ойр, хөдөө гадаа явж амьдралынхаа төлөө, үр хүүхэд, ханиа тэжээх гэж ажил хийж яваад ирэхээр хардаж, сэрдэж, уурлаж, уцаарлаж, элдэв нэгээр доромжилж, зайл гээд хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог байсан. 2011 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Би 3 хүүхдээ бодоод эргээд хамт амьдрахыг хүсч байна гэтэл П.Амартунгалаг нь өөр нөхөртэй болсон учир үүнийг шийдэж өгнө үү. Мөн би 3 хүүхдийнхээ тэтгэвэр төлж чадахгүй болно гэжээ.

Хариуцагч С.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2002 онд айл болж 2008 онд салсан. Би одоо ах эгч нартайгаа хамт амьдарч байгаа. Би салъя гээгүй П.Амартунгалаг сална гээд байгаа. Надад мал байхгүй, ажилгүй учраас 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, С.Рэнчинжунай, С.Одбаатар, С.Рэгжимитүв нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 11-ний өдрийн 31 дүгээр албан бичиг, Бөмбөгөр сумын эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолт, хүүхдийн саналууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Амартунгалагийн гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Д.Амартунгалаг, хариуцагч С.Сүрэнхүү нар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг эхийн асрамжид хэвээр үлдээн 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгон хариуцагч С.Сүрэнхүүгээр тэжээн тэтгүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч П.Амартунгалаг, хариуцагч С.Сүрэнхүү нар нь 2002 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсноо 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2004 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү С.Рэнчинжунай, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүү С.Одбаатар, 2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин С.Рэгжимитүв нар төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Бөмбөгөр сумын өрхийн эмчийн болон дунд сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч П.Амартунгалаг, хариуцагч С.Сүрэнхүү нар нь 2008 оноос тусдаа амьдарсан, нэхэмжлэгч П.Амартунгалаг нь хамтран амьдрагчтай болсон, гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ эхийн асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон байх тул эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр гэрлэлтийг нь цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин хариуцагч С.Сүрэнхүүгийн төрөлхийн одой, хөдөлмөрийн чадваргүйгээс тахир дутуугийн тэтгэвэрт байдаг байдлыг харгалзан нэхэмжлэгч Д.Амартунгалаг нь охин С.Рэгжимитүвт тэтгэлэг тогтоолгохгүй, хүү С.Рэнчинжунай, С.Одбаатар нарт тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч С.Сүрэнхүү зөвшөөрч байх тул хүү С.Одбаатар, С.Рэнчинжунай нарт тэтгэлэг тогтоон эцэг С.Сүрэнхүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Довдон тайж овогт Пүрэвдоржийн Амартунгалаг, Улаан ямаат овогт Самдангийн Сүрэнхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 04-р сарын 10-ны өдөр төрсөн хүү С.Рэнчинжунай, 2006 оны 06-р сарын 19-ний өдөр төрсөн хүү С.Одбаатар, 2008 оны 11-р сарын 22-ны өдөр төрсөн охин С.Рэгжимитүв нарыг эх П.Амартунгалагийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан С.Одбаатарт сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, С.Одбаатар,С.Рэнчинжунай нарт 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг С.Сүрэнхүүгээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү С.Рэнчинжунай, хүү С.Одбаатар, охин С.Рэгжимитүв нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг С.Сүрэнхүү, эх П.Амартунгалаг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.Амартунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Сүрэнхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Амартунгалагт олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Сүрэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 63104 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ