Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 5802

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НЮ83092868 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөрхороолол 9 дүгээр байр 135 тоотод оршин суух Боржигин овогт Даваадоржийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын иргэн ХЕ74061909 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Анод 40 дүгээр байрны 19Б тоотод түр оршин суух, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнжийн 13 дугаар гудамж 160 тоотод бүртгэлтэй,  Дадар овогт Тэрбишийн Ганцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8.787.600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ганцэцэгтэй 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9 сая төгрөгийг сарын 540.000 төгрөгийн хүүтэй буюу 6 хувийн хүүгээр 1 жилийн хугацаатай тохиролцон зээлийн гэрээ байгуулан өгсөн билээ. Зээлийн гэрээгээ Чингэлтэй дүүрэг, Дэнжийн 13 дугаар гудамж 160 тоотын Газар өмчлөх эрхийн 000016559 гэрчилгээний дугаартай, Ү-2202001257 улсын бүртгэлийн дугаартай 18642312206587 нэгж талбайн дуугаартай 468.2 мкв газар, мөн газар байрлах хувийн өмчлөлийн эрхийн 000018996 гэрчилгээтэй дугаартай, Ү-2202009095 улсын бүртгэлийн дугаартай 85.5  мкв талбай бүхий хувийн сууц зэргийг барьцаалан баталгаажуулсан юм. Ингээд Ганцэцэгийн хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 сая төгрөг нэмж өгөн бүгд 10 сая төгрөгийн зээлийг олгосон болно. Ганцэцэг хүүг сар бүр шилжүүлдэг байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 4 сая төгрөгийг хүүгийн хамт өгөөд түүнээс хойш утсаа авахгүй авсан ч элдэв шалтаг хэлэн зугтаасаар хүү болон үндсэн зээлээсээ эргэн төлөлт хийлгүй намайг хохироож байна. Иймд Ганцэцэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 6 сая төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү 2.060.000 төгрөг, зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс болж надаас гарах ёсгүй нэмэгдэл зардал нотариатчийн зардал 7600 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсний 720.000 төгрөг бүгд 8.787.600 төгргийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөнөөөс шүүхийн журмаар гаргуулан өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн авч хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч хариуцагч тал өмгөөлөгчийн оролцоотой харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: Хариуцагч хүсэлт гаргаж байгаа 6.000.000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ 2.787.600 төгрөгийг авахаас татгалзаж байна. Хариуцагч 6.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ны дотор бүрэн төлж барагдуулна. Дээрхи хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргах эрх хадгалагдана” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь хариуцагч Т.Ганцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.787.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.787.600 төгрөгийн 2.787.600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 6.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.787.600 төгрөгийн 2.787.600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Ганцэцэг 6.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Т.Ганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.552 төгрөгийн 50 хувь буюу 77776 төгрөгийг улсын орлогоос, 77776 төгрөгийг хариуцагч Т.Ганцэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ