| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 2029000870099 |
| Дугаар | 93 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 93
Г.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Г.С-т холбогдох 2029000870099 дугаартай хэргийг прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, *** хаягт оршин суух, ял шийтгэлгүй, Ө- овогт Г-н С- /РД:***/.
Г.С- нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой 1 дүгээр багийн нутаг хар толгой гэх газар “Таван толгой” уурхайгаас “Гашуун Сухайт” чиглэлийн төмөр замын шороон далангийн баруун талаар зэрэгцээ орших сайжруулсан шороон дээр “Тоёота гранд марк-2” загварын *** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мөн дүрмийн 3.7а дахь хэсэгт заасан жолоочид “...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно...” 3.46 дэх хэсэгт заасан “...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчиж явсан М.Ш-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Г.С-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С-т оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ээс 4,815,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ш-ид олгуулж,
Иргэний хариуцагч “Х***” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ад оршуулгын зардалд 25,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын нэхэмжилсэн 46,700,684 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г С-т холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.С-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор В.Төгсбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлалыг хүлээн авч танилцаад, шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30.16 дугаар зүйл, 30.17 дугаар зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг огт гаргаагүй, саналыг шийдвэрлээгүй байна” гэжээ.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Д.Амарсанаа нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр К*** ХХК-ийн захирал М- овогтой Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан.
Хавтаст хэргийг хяналтын прокурор Б.Амармөрөн хүлээн авч хянан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг болох нь тогтоогдсон тул ... жолооч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Мөрдөгчийн саналын дагуу хэргийг хянаж, прокурорын гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор үндэслэл бүхий дараах шийдвэр гаргана”, мөн зүйл, хэсгийн 2.2-т: “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэх заалтуудтай нийцсэн.
Иймд “хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30.16 дугаар зүйл, 30.17 дугаар зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг огт гаргаагүй, саналыг шийдвэрлээгүй” гэх давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Х***” ХХК болон К*** ХХК-ийн хооронд 2020 оны 03 сарын 01-ний өдрийн 20/02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, гэрчээр М.Б-оос авсан мэдүүлэг, гэрч Э.Т-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд К*** ХХК-ийн захирал М.Б-ыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй.
Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл нь ажил олгогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татуулах тухай хүсэлтийг прокурорт гаргаж байсан бөгөөд уг хүсэлтийг прокурор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нь хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан. Тус шүүх өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтээр хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулан, өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлснээр хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэний үндсэн дээр шүүгдэгч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулсан.
Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүхүүдийн шийдвэрт заасан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан: “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болно.
Мөн “Х***” ХХК болон К*** ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Х***” ХХК хариуцахаар заасан бөгөөд иргэний хариуцагч Э.Т-ын “...тухайн үед Соёнбосүндэрт кемп менежер М- нь зааварчилгаа өгч гаргасан байсан. С- нь тухайн өдөр хариуцсан ажилтандаа зааварчилгаа өгч гарын үсэг зуруулах үүрэгтэй байсан тэр үүргээ биелүүлээгүй.”, “...Талийгаач М.Ш-ын ажил явдалд 6.000.000 төгрөг өгсөн мөн нөхөн олговрын мөнгө гэж 20.000.000 төгрөг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /2хх- ийн 223-225-рт/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “Х***” ХХК-ийг уг хэрэгт иргэний хариуцагчаар татсан ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Г.С-т холбогдох хэрэгт ажил олгогч, иргэний хариуцагч нарыг зөв тогтоогоогүй, ажил олгогчийг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн...” гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.
Магадлалд “шүүхийн шийдвэрт гэм хорын хохирлыг буруу тооцож гаргасан гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан” талаар дурдсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ээс 4.815.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Ш-ид олгохоор, иргэний хариуцагч “Х***” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-д оршуулгын зардалд 25.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын нэхэмжилсэн 46.700.684 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нотлох баримтад тулгуурласан, шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх талаар болон Иргэний хуулийн холбогдох заалтад нийцсэн гэж үзэж байна.
Түүнчлэн “гэм хорын хохирлыг буруу тооцож гаргасан” гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Иймд Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/05 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Мөн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж хуралдаанд оролцож байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс “хэргийн бодит байдлыг тогтоогоогүй” байна гэсэн хэд хэдэн үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд амь насаа алдсан залуу хүүхэд байгаа, замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн ослын улмаас амь насаа алдаагүй, осол гарсны маргаашнаас ар гэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол үйлдвэрийн осол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж ирсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ажил олгогч нь хэн юм бэ гэдэг асуудал ээдрээ төвөгтэй байсан. Ажил олгогчийг зөв тогтоосноор иргэний хариуцагчийн асуудал яригдана, мөн хохирол, хор уршгийн асуудал шийдвэрлэгдэнэ гэсэн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж байсан. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 0516 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 4, 5, 7, 9, 10, 11, 12 дугаар заалтуудаар амь хохирогчийн ажил олгогч нь “К***” ХХК байна гэдэг дүгнэлтийг хийж, энэ компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.1, 15.1, 27.1, 27.2, 27.3, 27.5, 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.8, 35.1 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт гарсан.
Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, иргэний хариуцагчийг зөв тогтоогоогүй, ажил олгогчийг яллагдагчаар татаагүй байна гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гарсан бөгөөд оршуулгын зардлаас 5.000.000 төгрөг л төлсөн. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд өмгөөлөгч миний гарсан гомдлоос нэг заалтыг хүлээн авч шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай гэсэн, мөн 3 дахь заалтад 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, 7 дахь заалтад заасан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ээс 4,815,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ш-ид олгосугай гэсэн заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигч нь уг хохирол, төлбөрийг хариуцах ёстой байтал “Х***” ХХК-ийн захирал н.Б-ын авч өгсөн машиныг унаж яваад осол гаргасан жолоочид буюу ажил үүргээ гүйцэтгэж явсан жолоочид нь энэ бүх хохирлыг төлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул өөрчилж өгнө үү.
Шүүгдэгч Г.С- нь 2021 оны 11 дүгээр сараас хойш 6 сарын хугацаанд хоригдож байгаа бөгөөд эдлэх ялаа бүрэн эдэлж дууссан гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү саналыг оруулж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар толгой” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хамт зорчиж явсан М.Ш-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Г.С-т холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.С-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн шүүхээс Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулж, уг ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс Г.С-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.
Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор техникийн тусгай мэдлэгийн хүрээнд нийт 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахад “Х***”, ХХК, “К***” ХХК нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, зааврыг зөрчсөн гэж үзэх боломжгүй”, уг осол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс гарсан гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзвэл, ажил олгогчийн зүгээс хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зарим зөрчил нь тухайн осолтой шалтгаант холбоотой байсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Г.С- тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын нөхцөлийг үл тоомсорлож, дүрэмд тогтоосноос хэт өндөр буюу 140 км/цагийн хурдтай явсан буруутай үйлдэл нь хөдөлгөөнд аюул, саад учирсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсооход шаардлагатай зохист хугацаа, самбаачлах боломжийг үгүйсгэсэн байх бөгөөд энэ нь осол гарч, хүний амь нас эрсэдсэн үйл баримттай шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс гэм хорын хохиролтой холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн “...мөрдөн шалгах ажиллагаа үндэслэлтэй зөв явагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй тул хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН