Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0041

 

“Ө” ХХК, “Б” ХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын улсын ахлах байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:             Ц.Цогт 

Шүүгчид:                           Д.Батбаатар

                                              Х.Батсүрэн

                                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                  М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0177 дугаар шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0217 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 171 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, гомдол гаргагч “Б” ХК-ийн төлөөлөгч Д.Э, гомдол гаргагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч бөгөөд гомдол гаргагч “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: “Ө” ХХК, “Б” ХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-д холбогдуулан “... 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293, 0002291 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: “М о н х” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон” гэх үндэслэлээр шинэчилсэн үнийг баталсан. Тус шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 1111 төвд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ... улсын ахлах байцаагчаас “М о н х” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд “М о н х” НҮТББ-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчаас “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” үндэслэлээр Зөрчлийн тухай тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу тухайн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу “Ө” ХХК-д 104,412,243 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсаар, “Б” ХК-д 24,509,703 төгрөгийг мөн өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудсаар тус тус ногдуулжээ.

2.2. “Ө” ХХК, “Б” ХК нь гомдлын шаардлагын үндэслэлээ “... М о н х” НҮТББ-ын зарим гишүүн байгууллагууд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 06 дугаар шийдвэрээр “Сурагчийн дүрэмт хувцас”-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй, тус шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үнийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй, хэрэгт авагдсан баримт нь хуурамч, ... зөрчлийн хэргийг “М о н х” НҮТББ-д холбогдуулан нээсэн, ... компаниудыг холбогдогчоор татсан тогтоол огт байхгүй, хэрэгтэй танилцуулалгүй илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж, зөрчлийн хариуцлага тулгаж буй увиагүй үйлдэл болсон, ... эрх бүхий албан тушаалтанд прокуророос өгсөн хугацаа дууссан, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай гомдлоо гаргаж байсан ч шийдвэрлээгүй, ... хөндлөнгийн гэрчийг хууль бусаар оролцуулсан, ... процессын хувьд маш олон алдаа гаргасан, ... нийт зах зээлийн хэдэн хувийг “Ө” ХХК, “Б” ХК эзэлдгийг тодорхойлохгүйгээр торгуулийн арга хэмжээ авч байгаа нь буруу, ... сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын өмнөх жилийн орлогыг бодитоор тооцоолоогүй, тухайн бараа бүтээгдэхүүний өнгөрсөн жилийн борлуулалтын орлогоос тооцох хуулийн заалтыг зөрчиж, нийт борлуулалтын орлогоос торгуулийг тооцсон нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн, ... гомдол гаргагч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн ...” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.​​​​​​​

2.3. Хариуцагчаас “... зөрчил шалгах ажиллагаагаар “М о н х” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрт гарын үсэг зурсан уг зөвлөлийн гишүүн Ч.Б нь тус холбооны гишүүн аж ахуй эрхлэгч болох “Ө” ХХК-ийн эцсийн өмчлөгч болох нь, Д.Э нь “Б” ХХК-ийн захирал болох нь тогтоогдсон, ... холбогдогчид эрх үүргийг нь танилцуулсан, ... уг компаниудын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д  заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, ... “М о н х” НҮТББ-ын 2022 оны 06 дугаар шийдвэрээр бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах үнийг тодорхой заасан. Энэ баримт бичиг нь зөвлөмжийн шинжтэй эсэхээс үл хамаараад бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож байгаа тохиолдолд зөрчил гэж үзнэ ...” гэсэн тайлбарыг гаргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ө” ХХК, “Б” ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... улсын байцаагч нь нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан, гомдол гаргагч хуулийн этгээдүүдийг зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоогоогүй, тухайн бараа бүтээгдэхүүний тодорхой хувиар торгох хуулийн заалтыг зөрчсөн ...” талаар дүгнэсэн.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд Ч.Б-ын гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, түүний олгосон итгэмжлэлээр Б.А-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу ...” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “Ө” ХХК-ийн “... улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Б” ХК-ийн хувьд “бараа бүтээгдэхүүний үнэ хэлцэн тогтоосон зөрчил үйлдсэн нь тогтоогдсон боловч 2021 онд сурагчийн дүрэмт хувцас борлуулсан борлуулалтын орлогыг чухам хэд болохыг баттай тогтоолгүйгээр 24,509,703 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт, Зөрчлийн тухай хуулийн зөрчилд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй ...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий акт болох 0002291 дүгээр шийтгэлийн хуудасны биелэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5. Гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6. Гомдол гаргагч “Б” ХК-ийн төлөөлөгч Д.Э, гомдол гаргагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Л.Э нараас “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ​​​​​​​

6.1. Гомдол гаргагч нарын зүгээс анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо дараах үндэслэлүүдээр маргадаг. Үүнд: а/Хүчин төгөлдөр бус баримт бичгийг үндэслэж, зөрчил үйлдсэнд тооцсон байна. “М о н х” НҮТББ-ын зарим гишүүн байгууллагууд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 06 дугаар шийдвэрээр “Сурагчийн дүрэмт хувцас”-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй /Энэ нь тухай аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулаагүй болохоор нотлогдоно/. 06 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үнийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримт нь хуурамч байх бөгөөд холбогдогч гэж нэрийдэж буй этгээд үнийг хэлцэн тогтоогоогүй.

​​​​​​​6.2. б/Зөрчил  шалган  шийдвэрлэх  ажиллагааны  хугацаа  дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны 14 хүртэл хоног, удирдах албан тушаалтны 14 хүртэл хоног, прокурорын 30 хүртэл хоногт ажиллагааг явуулдаг ч хугацаа дууссан байдаг.​​​​​​​

6.3. в/Холбогдогч бус этгээдийг шийтгэсэн. Улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зөрчлийн 2202000255 дугаар хэрэг нээх тухай “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”-д “М о н х” НҮТББ-ын гишүүн аж, ахуй эрхлэгчид гэж тодорхойлон холбогдогчоор татсан бөгөөд “Б” ХК, “Ө” ХХК-ийг  холбогдогчоор тодорхойлоогүй, огт мэдэгдээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг нээх тогтоолоор гэм буруутгагдаж байгаа этгээдээр “Б” ХК, “Ө” ХХК-ийг татаагүй байхад шийтгэл оногдуулсан нь “Б” ХК-д, “Ө” ХХК-д мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Оролцогчийн эрх”-ийг эдлэх боломжийг хариуцагч тал бүрдүүлээгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.  Үүний улмаас “Б” ХК, “Ө” ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, 2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, 2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх болон хуульд заасан бусад эрхээ эдэлж чадаагүй байна. ​​​​​​​

6.4. г/Хариуцагч нь “Шийтгэлийн хуудас”-ыг гаргахдаа хуурамч нотлох баримт ашигласан. Хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” бүхий “Үзлэг хийсэн тухай” баримт үйлдсэн. “Б” ХК-ийн нэр дээрх карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй лавлагаа “Б” ХК-ийн бус дансны мэдээлэлд; мөн “Ө” ХХК-ийн нэр дээрх 490030296, 490030290, 490030292, 490030293, 490030295, 490030291, 490030294 дугаартай карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэлд тус тус үзлэг хийсэн. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх сурагчийн дүрэмт хувцасны үнийг дараах байдлаар борлуулсан болох нь тогтоогдсон. Үүнд: Бага анги, Дунд анги, Ахлах анги ...” гэжээ. Түр дансны хуулга дахь мөнгөн гүйлгээний утга, агуулга, борлуулалтын орлого нь “Б” ХК, “Ө” ХХК-ийн ямар бараа бүтээгдэхүүний орлого болохыг тогтоогоогүй байж урьдаас хөтөлж, хууль бус дүгнэлт үйлдсэн байна. Түр дансны мерчантын дэлгэрэнгүй лавлагаанд тухайн дансанд орсон орлого л харагдах бөгөөд ямар бүтээгдэхүүний орлого болох нь харагдах боломжгүй. Дансны хуулга нь нийт хэдэн ширхэг хуудастай болохыг тэмдэглэлд тусгаагүй. Хэдэн хуудас баримтад дүгнэлт үйлдсэн тодорхой бус байхад тэмдэглэлдээ “Гүйлгээ хийгдсэн тоо” гэх баганан дотор борлуулалтын тоог санаанаасаа зохиож, “Пос машины орлогын дүн” гэх багана хэсэгт хууль бусаар үнийг тааруулан бичсэн байна. Тэмдэглэлд тусгасан “барааны үнэ” гэх цэсний параллель доод хэсэгт “Эмэгтэй дүрэмт хувцасны багц-115,000” гэж тодорхойлсон нь мөн л бодит байдлаас зөрүүтэй байхад түүнийг багцын үнэ хэмээн хууль бусаар тодорхойлсон, ... 590 ширхэг гүйлгээ хийгдсэн хэмээн худал хууль бус үзлэг хийсэн, тухайн үзлэгээр нийт 4,794 удаагийн гүйлгээг бүртгэснээс гадна олон арван гүйлгээ хийсэн, ... Байгалийн хууль, физикийн хууль, биологийн хуулиар хөндлөнгийн гэрч нь 4,794 бүртгэгдсэн гүйлгээг бүртгэж, ажиглаж шалган, түүний үнэн зөв байдлыг нягтлан тогтоох ямар ч боломжгүй байхад хуурамч үзлэг үйлдэн “Ө” ХХК-ийн эрх ашигт ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна.

6.5. Мөн энэхүү үзлэгт хөндлөнгийн гэрчээр Засгийн газрын 11 дүгээр байрны үйлчлэгч ажилтай Ч.Т, Д.Э нар оролцсон, хөндлөнгийн гэрчийг хууль бусаар оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж байна.​​​​​​​

6.6. д/Зөрчлийн шинжгүй үйлдэлд шийтгэл оногдуулсан тухай. Сурагчийн дүрэмт хувцасны зах зээлд “Б” ХК, “Ө” ХХК-аас гадна өрсөлдөгч, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх чадварыг тодорхойлох, тогтоох ажиллагаа явуулалгүй өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэн, ... Өрсөлдөөнийг хязгаарлах хэлцэл буюу картель гэдэг нь монополь эсвэл бие даасан үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувиа хадгалж, санал болгож буй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийг тодорхойлох гэрээний нэг хэлбэрийг хэлдэг. Гэвч нэхэмжлэгч байгууллага нь М о н х, бусад байгууллагуудтай гэрээ, хэлцэл огт байгуулаагүй. Иргэний хуулийн 39.1-д заасан тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч байгууллага нь хэн нэгэн этгээдтэй эрх, үүргийг үүсгэх болон бусад нөхцөл байдалтай холбоотой хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл гаргаагүй. Сурагчийн дүрэмт хувцасны зах зээлд аливаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд огт саад болоогүй. Хариуцагч байгууллага өрсөлдөөнийг хязгаарласны улмаас хохирч буй нэг ч иргэн, хуулийн этгээдийг тодорхойлж, тогтоогоогүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчлийн шинжгүй болохыг илэрхийлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйл. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 дэх хэсэг “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.1-д “Процессын тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” үндэслэл бүрдсэн, 1.9 дүгээр зүйл. “Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол”, 1-д “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.1-д “зөрчлийн шинжгүй” гэж тус тус заасан.​​​​​​​

6.7. е/Оюуны өмчийн тухай зохицуулалт зөрчсөн. Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж заасан. “Б” ХК, “Ө” ХХК нь “Ш з” ХХК-ийн Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 39 дүгээр тушаалаар баталсан 2331 дугаартай Бүтээгдэхүүний загварын патентын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцасны хослолыг оёж /БСШУЯ-ны өмнөөс худалдан борлуулах үүргийг/ гүйцэтгэдэг тул патент эзэмшигчийн тогтоосон үнээс өөр үнээр зарах боломжгүй бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй. Иймд хариуцагч ... улсын ахлах байцаагчийн 0002291, 0002293 дугаар шийтгэлийн хуудас нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.​​​​​​​

6.8. ж/Зөрчлийн тухай хуулийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-т “... аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Б” ХК-ийн үйлдвэрийн өнгөрсөн оны бүх бараа бүтээгдэхүүний нийт орлогоос, “Ө” ХХК-ийн өмнөх оны бараа бүтээгдэхүүний нийт орлогоос тус тус тооцож шийтгэл оногдуулсан нь зөрчлийн тухай хуулийг хэтрүүлэн хэрэглэсэн байна... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн гомдол гаргагч (“Б” ХК)-ийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, улсын ахлах байцаагчийн хууль бус шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, мөн хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад хууль бус дүгнэлт үйлдсэн магадлал гаргасан тул хүчингүйд тооцож өгнө үү. ​​​​​​​

6.9. Зөрчлийн  тухай  хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж “хууль ёсны”; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна. Иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангаж байж зөрчилд тооцогдох бөгөөд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэл оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан.

6.10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус, ... эрх бүхий албан тушаалтан М.Д нь “холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл үйлдэж, Ч.Б-аас мэдүүлэг авсан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Ч.Б-ыг “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдсэн. Эдгээр тогтоолуудыг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасны дагуу М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрийн хууль ёсны төлөөлөгч гэсэн статусын дагуу гомдол гаргасан нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж дүгнэлт үйлдэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн ... ​​​​​​​

6.11. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, сурагчдыг ижил загварын дүрэмт хувцсаар хангах зах зээл нь ашиг олдог өрсөлдөөний зах зээл биш гэдгийг ... байцаагч М.Д харамсалтай нь ойлгосонгүй, давж заалдах шатны шүүх энэ асуудлыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй. Сурагчийн дүрэмт хувцсыг өөр өөр үнээр борлуулж хэрэглэгчдэд сонголт олгох ёстой гэж ... улсын ахлах байцаагч шүүх хурал дээр тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын эсрэг Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин сурагчдын дунд нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхах үзлийг өдөөх сөрөг тайлбар гэж үзэж байна. Хэрэв оёдлын үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг чөлөөтэй тогтоож өрсөлдөөн бий болговол хэрэглэгчид болох хүүхдүүд болон эцэг эхчүүд хохирох болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Тэгээд ч өөр өөр үнэ тогтоох асуудал нь дээр дурдсанаар Үндсэн хууль болон Засгийн газрын бодлоготой зөрчилдөх болно” гэжээ. ​​​​​​​

6.12. Хариуцагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нараас гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.  

ХЯНАВАЛ:

7. Гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж;

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж;

Мөн “Ө” ХХК-ийн дүрмийн 8.1-д “Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан; “Ө” ХХК-ийн хувьд тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Э улсын бүртгэлд бүртгэгдсэн ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогджээ.

9. Гэтэл хууль, дүрмээр эрх олгогдоогүй, тус компанийн ерөнхий захирал гэх Ч.Б-аас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, өөрөөр хэлбэл, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.Э бөгөөд түүнээс олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцох эрхтэй; энэ тохиолдолд Ч.Б-т гүйцэтгэх захирал Л.Э-ээс итгэмжлэл олгосон баримт байхгүй, өөрөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байхад уг этгээдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж заасанд нийцэхгүй байна.

10. Иймээс давж заалдах шатны шүүхийн “... анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ч.Б-ын гаргасан гомдлыг хүлээн авч, түүний олгосон итгэмжлэлээр Б.А-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу ...” гэсэн үндэслэлээр “Ө” ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна. 

11. Хоёр. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудсаар “М о н х” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирсон байж болзошгүй гэсэн асуудлыг шалгаад, “Б” ХК-ийг “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэж үзсэн нь Зөрчлийн тухай тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасанд нийцжээ.

12. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3-т “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно” гэж; Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:” гээд 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ... (үргэлжлүүлээд мөн зүйлийн 1.3-т) гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

13. Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтын дагуу аж ахуй эрхлэгчид хоорондоо зах зээлийг хуваах, бараа бүтээгдэхүүний төрөл, үнийг хэлцэн тогтоох зэрэг  өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хууль бус хэмээн хориглосон бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон бол тухайн зөрчлийг бүрэн үйлдсэн гэж үзэхээр, тодруулбал, хэлцэн тогтоосон (энэ нь заавал бичгээр үйлдэгдсэн гэрээ байх шаардлагагүй) бол бусад этгээдэд хохирол бодитой учирсан эсэхээс үл хамааран төгссөн гэж үзэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хориглосон диспозицоор хууль тогтоогч журамлажээ.

14. “М о н х” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсүгэй, дээр дурдсан үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасугай” гээд хавсралтаар сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг нэг бүрчлэн тогтоосон; хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн гомдол гаргагч хуулийн этгээд нь дээрх шийдвэрээр тогтоосон үнээс зөрүүгүй үнээр дурдсан сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь тогтоогдсон; энэхүү үйлдэл нь хуулийн дээрх заалтад заасан картель мөн байх тул хяналтын журмаар гаргасан “... хохирч буй нэг ч иргэн, хуулийн этгээдийг тодорхойлж, тогтоогүй ...”, “... 06 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үнийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй, ... М о н х, бусад байгууллагуудтай гэрээ, хэлцэл огт байгуулаагүй ...”  гэх гомдол үгүйсгэгдэнэ.

15. Мөн, хэдийгээр хууль тогтоогч картелийн төрөл, хэлбэрийг хуульд нарийвчлан заагаагүй ч  хууль зүйн онол болон олон улсын эрх зүйн практикт ийм төрлийн картелийг “босоо” ба “хэвтээ” гэж ангилан авч үздэг, энэ тохиолдолд, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ шууд эцсийн хэрэглэгчид нийлүүлдэг буюу тухайн зах зээлд адил тэгш эрхтэй, бие даан оролцдог аж ахуй эрхлэгч нар эцсийн хэрэглэгчид борлуулалтын ижил үнэ тогтоохыг хоорондоо тохиролцож, үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон нь өрсөлдөөнийг хязгаарласан хэвтээ төрлийн картель байх тул гомдол гаргагч нарын төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... “М о н х” НҮТББ-ын зарим гишүүн байгууллагууд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 06 дугаар шийдвэрээр “Сурагчийн дүрэмт хувцас”-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй ...”, “... Өрсөлдөөнийг хязгаарлах хэлцэл буюу картель гэдэг нь монополь эсвэл бие даасан үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувиа хадгалж, санал болгож буй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийг тодорхойлох гэрээний нэг хэлбэрийг хэлдэг ...” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.

16. Түүнчлэн, хуульд хэлцэн  тохирч  үнэ  тогтоох бүхий л хэлбэрийг “шударга бус” хэмээн хориглосон буюу хэрэглэгчид хүрэх хямд үнэ нь хэлцэл (картель)-ийн журмаар бус, харин өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний хямд үнэ тогтох чөлөөт зах зээлийн үзэл баримтлалыг хуульчилсан байхын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоол нь “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” үйлдвэрлэн, нийлүүлэх төсөл хэрэгжүүлж, төслийг хэрэгжүүлэх үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулах, зээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой; Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сурагчийн дүрэмт хувцасны тухай” А/179 дүгээр тушаал нь “хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангасан материалтай, нас, бие бялдрын онцлогт, сонирхолд нийцсэн хийцтэй, монгол орны цаг агаар, уур амьсгалын онцлогт тохирсон эдэлгээ хэрэглээ даах чанартай, үнэ өндөр биш сурагчийн дүрэмт хувцасны загварыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосон” агуулгатай, тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч нарт хоорондоо үгсэн үнэ тогтоох боломжийг зөвшөөрсөн, тийм үйл ажиллагааг дэмжсэн агуулгатай шийдвэр гаргаагүй байна. Энэ тухай тус яамны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  2/4052 дугаар албан бичигт “... Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Боловсрол, шинжлэх ухааны яамны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, зах зээлийн зарчмаар байгуулагдаж байна ...”[1] гэж дурджээ.

17. Тиймээс “... Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ... үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн амьдралын түвшний ялгааг арилгах, хүүхдийг гэмт хэргийн халдлагаас урьдчилан сэргийлэх, стандартын дагуу чанартай хувцас үйлдвэрлэснээр хэрэглэгч 2-3 жил өмсөх боломжтой болж, өрхийн эдийн засагт бодит хэмнэлт гаргах, оёдлын үйлдвэрт ажиллагсдыг тогтмол ажлаар хангаж, тогтмол орлоготой байлгах, ажилгүйдлийг бууруулах, татварын орлого нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зэрэг болно ...” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

18. Харин Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох учиртай, өөрөөр хэлбэл “тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлого” гэдгийг картель буюу гэрээ, хэлцэлд дурдагдсан тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын нийт орлого гэж үзэхээр байна.

19. Иймд, давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч дээрх байдлаар “Б” ХК-ийн 2021 онд сурагчийн дүрэмт хувцас борлуулсан борлуулалтын орлогыг чухам хэд болохыг баттай тогтоолгүйгээр 24,509,703 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт, Зөрчлийн тухай хуулийн зөрчилд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй байна ...” гэж дүгнээд 2021 оны сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг тодорхойлсны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

20. Гурав. Зөрчлийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 14 хоногоор, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 20 хоногоор, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 10 хоногоор  тус тус сунгасан бөгөөд хариуцагч мөн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХК-д шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй, учир нь прокурор зөрчил шалган шийдвэрлэх хугацааг 2 удаа (20, 10 хоногоор) сунгахдаа хуулийн дээрх 30 хоногийн хугацаанд багтааж сунгалт хийсэн байгаа тул “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан” гэх гомдол няцаагдана, энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

21. Дөрөв. Монгол Улсын Засгийн газрын “1111” төвд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д нь “М о н х” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд “М о н х” НҮТББ-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн 2202000255 дугаар хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна.

22. Үүнээс үзэхэд, хариуцагчаас зөрчилд холбогдогч этгээдийг тогтоохдоо тодорхой иргэн, хуулийн этгээдийг бус, “М о н х” НҮТББ -ын гишүүн аж ахуй эрхлэгчид гэж ерөнхий байдлаар тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасанд шууд нийцсэн гэж үзэхээргүй юм.

23. Гэхдээ хариуцагчаас “Б” ХК-ийн захирал Д.Эт хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж, түүнээс  уг зөрчилтэй холбоотой мэдүүлэг авсан; холбогдогч нь өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасны дагуу өмгөөлөгч Б.А нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Б” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцсон; мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “... 19 гаруй удаагийн прокурорын зөвшөөрлөөр холбогдох баримтыг гаргуулж, үзлэг хийх болон бусад ажиллагааг явуулж байсан, шаардсан баримтыг заасан хугацаанд аж ахуйн эрхлэгчдээс ирүүлээгүй зэрэг үйл баримтуудаас үзвэл хариуцагч зөрчлийг тогтоохоор хуулийн дагуу шаардлагатай ажиллагааг явуулж байсныг илтгэх бөгөөд “Б” ХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ эдэлж байжээ ...” гэх дүгнэлт зэргээс үзэхэд холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхийг эдлүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, дээрхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх, гомдол гаргагчийн зөрчлийг бүрэн үгүйсгэх үндэслэл биш байх тул “... “Б” ХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг үүсгээгүй атлаа шийтгэл ногдуулсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, ... “Б” ХК-ийг  холбогдогчоор тодорхойлоогүй, огт мэдэгдээгүй, оролцогчийн эрхийг эдлэх боломжийг хариуцагч тал бүрдүүлээгүй ...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

24. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б” ХК-ийн төлөөлөгч Д.Э, гомдол гаргагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Л.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                                            Д.БАТБААТАР

                                                                                                 Х.БАТСҮРЭН

              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                  М.БАТСУУРЬ

         


[1] I хавтаст хэргийн 174 дэх тал