Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 337

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д ийн Г-О ,  

Хариуцагч: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,   

Гуравдагч этгээд: Б ийн Т ,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Д.Г-О од холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжийн Б.Т д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/75 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц , хариуцагч Баянголд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Г-О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Г-О нь 2006 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон барилгын болон ахуйн хур хогтой газрыг өөрийн хөрөнгөөрөө цэвэрлэн нөхөн сэргээж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар 1 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олж авсан. 

Дээрх газрыг эзэмших эрхийн хугацааг Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 5 жилээр сунгаж, аж ахуйн зорилулалтаар эзэмшүүлэхээр баталгаажуулсан бөгөөд Д.Г-О нь газраа гэрээ, гэрчилгээ болон хуульд заасан зориулалтын дагуу эзэмшиж, хуулийн дагуу газрын төлбөрөө бүрэн төлж байсан байхад Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/756 дугаар захирамжаар Д.Г -О ын эзэмшлийн газрын хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамжуудыг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Г-О нь дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болон газар албадан чөлөөлүүлэх захирамжуудыг гарсныг огт мэдээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот албан бичгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч мэдсэн. 

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжууд нь газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, хууль бус байх бөгөөд газар чөлөөлүүлэх үндэслэл нь хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэсэн байх тул илт хууль бус гэж үзэж байхын зэрэгцээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газраа хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн хууль бус гэж үзэж байна. 

Учир нь нэхэмжлэгч Д.Г-О нь хууль ёсны дагуу дүүргийн Засаг даргын захирамжийн үндсэн дээр гэрээ байгуулж, гэрчилгээ аван, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсны зэрэгцээ газраа гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт болох аж ахуйн зориулалтаар одоог хүртэл эзэмшиж, газар дээрээ агуулахын зориулалтаар үйл ажиллагаа явуулж, газраа хашаалсан байхад ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Д.Г-О од холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/756 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Д овогтой Г-О ын гаргасан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тоггоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар 3/03 дугаартай тогтоол гаргаж, “дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт шалгалт хийж, тайланг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин хэлэлцүүлэхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд үүрэг болгожээ.

Энэхүү тогтоолын дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хянаад, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 41 дүгээр тогтоолоор ээлжит наймдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудалд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцүүлэхээр тогтоол гаргасан байна.

Төлөөлөгчид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцээд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эаэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгах томьёоллоор санал хураан төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж, Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.е-д “тухайн Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах” бүрэн эрхийнхээ хүрээнд 8/02 тоот тогтоол гаргажээ. 

Дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар Д.Г-О од тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд талд аж ахуйн зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Газрын тухай хуулын 33 дугаар зүйлийн 33.4-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. 

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 362 тоот захирамжийн Д.Г-О од холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд гаргасан Д.Г-О ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар иргэн Д.Г-О од 1000 м.кв газрыг 4 жилийн хугацаатай хөл бөмбөгийн талбайн зориулалтаар эзэмшүүлэн, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаагаар гэрээг сунгасан байна. Иргэн Д.Г-О од дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэших эрх олгосон байна. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дүгээр захирамжийн Д.Г-О од холбогдох хэсгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөн үү” гэжээ. 

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагдаа: Д.Г-О нь 2006 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон барилгын болон ахуйн хур хогтой газрыг өөрийн хөрөнгөөрөө цэвэрлэн нөхөн сэргээж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар 1 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олж авсан. 

Дээрх газрыг эзэмших эрхийн хугацааг Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 5 жилээр сунгаж, аж ахуйн зорилулалтаар эзэмшүүлэхээр баталгаажуулсан бөгөөд Д.Г-О нь газраа гэрээ, гэрчилгээ болон хуульд заасан зориулалтын дагуу эзэмшиж, хуулийн дагуу газрын төлбөрөө бүрэн төлж байсан байхад Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/756 дугаар захирамжаар Д.Г-О ын эзэмшлийн газрын хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамжуудыг тус тус гаргасныг хууль бус гэж үзэн тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна. 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г-О ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжаар Б.Т гэх хүнд яг нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг тэр хэмжээгээр нь хүнсний ногооны зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 

Мөн дээрх захирамжаар газар эзэмшүүлсэн хугацаа 5 жил бөгөөд хугацаа нь 2020 онд дуусахаар байхад 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжаар дахин сунгаж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх бөгөөд ямар үндэслэлээр ийнхүү газар эзэмших эрхийн хугацаа дуусах болоогүй байхад сунгах болсон нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г-О газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байгаа тул түүнийг үндэслэн гаргасан дараа дараагийн захирамжууд ч мөн хууль бус гэж үзэж байгаагийн зэрэгцээ, одоо ч бодитоор нэхэмжлэгч нь газраа эзэмшиж, түүний барьсан хашаа, агуулахын зориулалттай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд байсаар байтал өөр бусдад газар давхцуулан эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжид “...хашаа барин, олон жил амьдарч байгаа” талаар дурдсан байх бөгөөд Б.Т гэх хүн нэхэмжлэгчийн газар дээр 2006 оноос өмнө болон түүнээс хойш одоог хүртэл нэг ч өдөр амьдарч байгаагүй, миний газар гэж ирж байгаагүй, нэхэмжлэгч нь 2006 оноос хойш одоог хүртэл газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаа болно. 

Түүнчлэн шүүхээс иргэн Б.Т д газар эзэмшүүлсэн талаарх газрын хувийн хэргийг шаардсан боловч хариу ирүүлсэн баримтууд дутуу байгаагаас үзэхэд Б.Т нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу материалаа бүрэн бүрдүүлж аваагүй гэж үзэж байна. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжийн Б.Т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэн Д.Г-О ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар иргэн Д.Г-О од 1000 м.кв газрыг 4 жилийн хугацаатай хөл бөмбөгийн талбайн зориулалтаар эзэмшүүлэн, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаагаар гэрээг сунгасан байна. 

Иргэн Д.Г -О од дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэших эрх олгосон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 564 дугаар захирамжийн Д.Г-О од холбогдох хэсгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. 

Улмаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 дугаар тогтоолоор баталсан дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөлвлөгөө, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудын дагуу дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжаар иргэн Б ийн Т д хүнсний ногооны зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн ба 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжаар талбайн хэмжээ өөрчилсөн байна. 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Иргэн Б.Т нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшсэн. Энэ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй бөгөөд өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу уг газрыг эзэмшиж үүргийнхээ дагуу газрын төлбөрөө зохих хугацаанд төлсөөр ирсэн. 

Уг газрыг урьд нь эзэмшиж байсан гэх Д.Г-О нь тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд хашаа ч бариагүй байсан. Д.Т уг газрын эзэмших эрхийг авсаны дараа, өөрийн эзэмших эрх цуцлагдсаныг мэдмэгц Д.Г-О нь миний зөвшөөрөлгүйгээр хашаа барьж эхэлсэн. 

Энэхүү хашаа барьж байгаа асуудлыг тухайн үед Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны мэргэжилтнүүдэд хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Б.Т ын эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. 

Мөн Д.Г-О нь өөрийнх нь газар эзэмших эрх дуусгавар болсоныг мэдсээр байж мэдээгүй байсан гэж шүүхэд удаа дараа худал мэдүүлж байсан бөгөөд эзэмшиж байсан газраа хашаа барьж зориулалтын дагуу ашиглаж байсан гэж мөн л удаа дараа худал мэдүүлсээр байгаа нь хэргийн баримтуудаас харагдаж байна. 

Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг анхан шатны шүүх хурлаас мэдмэгц удаа дараа нэхэмжлэл гаргаж дараа нь түүнийгээ татан авч Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэн бидний болоод төрийн байгууллага албан тушаалтны цаг завыг барсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Г-О ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Д.Т ын газар эзэмших хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г-О шүүхэд “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Д.Г-О од холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжийн Б.Т д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Д.Г-О од холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/75 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Г-О ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар “дүүргийн 20 дугаар хорооны нутагт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон, барилгын болон ахуйн хур хогтой газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, нөхөн сэргээн, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хүсэлтээ ирүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г-О од Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлалтай, 10000 м.кв газрыг 4 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 028.... дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. 

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 564 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Г-О ын газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмших эрхийн 036.... дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь дээрх захирамжуудаар газраа эзэмших явцдаа хууль, журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ болон тухайн жилийн газрын төлбөрүүдээ бүрэн төлж ирсэн болох нь хэрэгт авагдсан 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №49, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №49 тоот “Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол”-ууд, газрын албаны нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн уг газар нь хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон буюу барилгын болон ахуйн хур хогтой, түүнчлэн элсэн карьерийн үйл ажиллагаа явуулж байсантай холбоотойгоор газрыг ухаж, сэндийлсэн газар байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зураг, тухайн үеийн агаарын зураг, дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамж зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь уг газрыг өөрийн хүч хөрөнгөөр сэргээн засаж, хогийг цэвэрлэн эзэмшиж, гэрээнд заасан зориулалтын дагуу, хашаа барин эзэмшиж ирсэн болох нь гэрчийн мэдүүлэг, агаарын зураг, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна.

Гэтэл маргаан бүхий Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г-О ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгажээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол нь Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаар албан бичгээр тус хуралд ирүүлсэн, тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглалтын талаар гаргасан нэгдсэн судалгаа үндэслэсэн байх бөгөөд уг судалгаагаар нэхэмжлэгч нь анх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, төсөл сонгон шалгаруулалтын үнэ төлсөн гэсэн байхад “...газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон” гэх үндэслэлүүдээр ийнхүү шийдвэрлэж байгаа нь уг тогтоолынхоо зорилтод болон Газрын тухай хуульд нийцэхгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.1-т “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”, 20.1.5-т “үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох” гэж тус тус зааснаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын асуудлаар дүрэм журам батлах, тухайн жилийн төлөвлөгөөг батлах, Засаг даргын тайлан, саналыг хэлэлцэх, байршил тогтоох, төсөвтэй холбоотой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхээр байх бөгөөд харин газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх зэрэг эрхийг хуулиар олгоогүй байна.

Харин мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус зааснаар дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, аливаа шийдвэр гаргах эрхтэй байхад хариуцагч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрхээ хэтрүүлэн, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хуулийг баримтлах боломжгүй боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн  9 дүгээр үйлийн 9.1.3, /захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан/, 9.1.7 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-д тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

Харин маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай “Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх үйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж, газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Г-О од газар эзэмшүүлж, хугацаа сунгасан дүүргийн Засаг даргын 2006 оны 362, 2011 оны 564 дүгээр захирамжуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Уг захирамжид дурдсан үндэслэлүүд нь маргаан бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбоотойгоор дээр дурдсан нотлох баримтуудаар хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус заасны дагуу газраа эзэмшиж, түүнээс хойш зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн болох нь нотлогдож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захиргааны актыг гаргахдаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэл болгосон нь хууль бус захиргааны актыг үндэслэл болгон түүнийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, мөн захирамжид дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоохгүй байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Г-О од холбогдох хэсэг нь хууль бус болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Гуравдагч этгээд Б.Т д Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжаар “дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа барин олон жил амьдарч байгаа” гэх үндэслэлээр тус дүүргийн 20 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 461 дүгээр ангийн баруун урд буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартай давхцуулан, 1000 м.кв газрыг, хүнсний ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байх бөгөөд газар дээрээ хашаатай гэж дурджээ. 

Уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээдийн нэрээр маргаж байгаа газрыг мэдээллийн нэгдсэн санд оруулсан болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг болон нэгж талбарын 18634307459089 дугаартай газрын кадастрын зураг, хариуцагчийн тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр гуравдагч этгээд Б.Т ын эзэмшил газрын хэмжээг 10000 м.кв болгон өөрчилж, газар эзэмших хугацааг 15 жил болгон сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд нэгж талбарын 18634307417060 дугаартайгаар бүртгэжээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Г-О ын газар нь мэдээллийн санд орж бүртгүүлээгүй байх боловч газраа хуулийн дагуу бодитоор эзэмшсээр ирсэн бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжид дурдсан маргаж байгаа газар дээр “...хашаа барин олон жил амьдарч ирсэн” гэх үйл баримт нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр Д.Г-О ын газар дээр газар эзэмшүүлсэн хуульд нийцэхгүй байна. 

Мөн дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамж хууль бус болох нь тогтоогдож байх тул яг тэр газар дээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, газрын хэмжээг нэмэгдүүлж, эзэмших эрхийн хугацааг сунгасан зэрэг нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд газар эзэмших эрхийн хугацаа дуусах болоогүй байхад ямар үндэслэлээр сунгасан, газрын хэмжээг өөрчлөх талаар хүсэлт гаргаагүй, дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, Б.Т ын газар эзэмших талаар гаргасан өргөдлүүдийг бүртгэсэн бүртгэлүүд бүгд гараар засвар хийж, штрихээр дарсан байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/756 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн баруун талд иргэн Д.Г-О ын газар эзэмших эрх нь хүчингүй болж, эзэмшил газар дээрх бетонон хашаагаа буулгаж, газар чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй тул 300 метр урт бетонон хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай захирамжийг үндэслэн Засаг даргаас хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх боловч үндэслэл болгосон захирамж нь дээр дурдсанаар хууль бус болох нь тогтоогдож байхад хууль бус захирамжийг биелүүлэхээр гаргасан захиргааны акт нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэ үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/756 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргаж байх боловч уг захиргааны акт гарснаас хойш буюу 2015 оны 60 дугаар сарын 19-ний өдөр батлагдан, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул түүнээс өмнө үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Д.Г-О ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 31 дүгээр зүйлийн 31.2,31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Д.Г-О од холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/416, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/510 дугаар захирамжийн Б.Т д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Д.Г-О од холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/75 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г-О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваарилан нийт 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА