Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 05

 

  М.Баянжаргалын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Баянжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Өлзийбаярт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Баянжаргал,

Хариуцагч: Б.Өлзийбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..  Б.Өлзийбаяртай 2002 онд айл болж, хурим найр хийж гэр бүлээ батлуулсан. Том хүү Ө.Отгонбаярыг 2003 оны 6 дугаар сарын 16-нд, охин Ө.Отгонжаргалыг 2008 оны 8 дугаар сарын 15-нд, бага хүү Ө.Түмэндэмбэрэлийг 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд хэрүүл, маргаантай байсан ба үүнийг тэвчиж ирсэн бөгөөд сүүлийн үед гар хүрч зоддог болсон учраас гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. 2014 онд толгой руу өшиглөж гэмтэл учруулж байсан.

Иймд гэр бүлээ цуцлуулна, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн хувьд Галт сумын төвд байрлах 13.760.000 төгрөгийн үнэлгээтэй 8х8 хэмжээтэй ажлын байр, “Жүдүү мухар” гэх газарт байрлах 3.000.000 төгрөгийн үнэтэй өвөлжөө, 64 толгой хонь нэг бүрийн үнэ нь 45.000 төгрөг нийт 2.800.000 төгрөг, 89 толгой ямаа нэг бүрийн үнэ нь 35.000 төгрөг буюу 3.115.000 төгрөгийн эд хөрөнгө авна. Өөр эд хөрөнгийн асуудал болон үнэн дээр маргаангүй гэв.

Хариуцагч Б.Өлзийбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр бид 2 хурим найр хийж хамт амьдрах хугацаанд 3 хүүхэдтэй болсон. Одоо нэгэнт л эхнэр маань сална гээд байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 3 хүүхдээ өөрийн асрамжид авах бодолтой байна. Учир нь: Баянжаргалыг хүүхдүүд маань ээж архи уудаг, өөр хүнтэй явдаг байсан гэж хэлдэг байсан тул цаашид хүүхдээ асран халамжлах боломжгүй гэж үзэж байгаа тул хүүхдээ өөр дээрээ авах саналтай байна. Хэрэв хүүхдүүдийг ээжид нь өгвөл хүүхдийн тэтгэлэг төлнө. ... Эд хөрөнгийн хувьд Галт сумын төвд байрлах 13.760.000 төгрөгийн үнэлгээтэй 8х8 хэмжээтэй палкан байшин, Жүдүү мухарт байрлах 3.000.000 төгрөгийн үнэтэй өвөлжөө, 64 толгой хонь, 89 толгой ямаа зэрэг эд хөрөнгийг Баянжаргалд өгөхөд татгалзах зүйлгүй. Би өөрөө үлдсэн мал буюу 9 толгой адуугаа авна. Эд хөрөнгийн үнэлгээ болон эд хөрөнгийн асуудал дээр маргаангүй гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Бариач овогт Бэгзийн Өлзийбаяр Байчууд овогт Мядагийн Баянжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Бариач овогт Өлзийбаярын Отгонбаяр, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Бариач овогт Өлзийбаярын Отгонжаргал, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Бариач овогт Өлзийбаярын Түмэндэмбэрэл нарыг эх М.Баянжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч Б.Өлзийбаяраас 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Ө.Отгонбаярт, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин Ө.Отгонжаргал, хүү Ө.Түмэндэмбэрэл нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Б.Өлзийбаяраас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байрлах 8х8 хэмжээтэй 13.760.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Жүдүү мухар гэх газар байрлах 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй өвөлжөөний хашаа, 64 тооны хонь буюу 2.800.000 төгрөг, 89 тооны ямаа буюу 3.115.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулж нэхэмжлэгч М.Баянжаргал, хүү Ө.Отгонбаяр, Ө.Түмэндэмбэрэл, охин Ө.Отгонжаргал нарт олгож, нэхэмжлэгч Ө.Баянжаргалаас 3.352.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Өлзийбаярт олгож, 9 тооны адуу буюу 4.500.000 төгрөг, 15 тооны ямаа буюу 525.000 төгрөг, 8 тооны хонь буюу 360.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Б.Өлзийбаярын өмчлөлд үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Баянжаргалаас 271.325 /хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Өлзийбаяраас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, 271.325 /хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Баянжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Өлзийбаяраас 79.154 /далан есөн мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Өлзийбаяр давж заалдах гомдолдоо: ... Миний хүүхэд Ө.Отгонбаяр шүүхэд өгсөн тайлбартаа эцэг Б.Өлзийбаяртай хамт амьдрах хүсэлтэй гэсэн байдаг. Гэтэл энэ саналыг шүүх авч үзээгүй, уг шийдвэрт хүүхдийн саналыг ямар нэгэн байдлаар тайлбарлаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гарсан.  Ө.Түмэндэмбэрэл, Ө.Отгонжаргал нар маань 2014 оны хавраас миний ээж Д.Бадарч бид хоёртой хамт одоог хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант суманд амьдарч байгаа. Шүүх энэ талаар судлалгүй 429 дугаар шийдвэрээр надад хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр тусгасан байгаа нь үндэслэл муутай шийдвэр байна гэж үзэж гомдол гаргаж байна. Би бичиг үсэг мэдэхгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг тиймээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох байсан ч миний өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Б.Өлзийбаяр нь ... Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг гаргах эрхтэй ч уг гомдлыг хүлээн авах боломжгүй буюу үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсэн зохицуулалтын дагуу шүүхээс хүүхдийн саналыг асуусан байдаг бөгөөд Ө.Отгонбаяр эцэг Б.Өлзийбаяртай хамт амьдрах хүсэлтэй байгаа талаар санал гаргасан нь үнэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж түүний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдлыг харгалзан нэхэмжлэгчид ноцтой хохирол учирсан болох нь тогтоогдож байгааг шүүхээс анхааран үзэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан нэхэмжлэгч М.Баянжаргалын асрамжид хүү Ө.Отгонбаяр, охин Ө.Отгонжаргал, хүү Ө.Түмэндэмбэрэл нарыг үлдээн хариуцагч Б.Өлзийбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс хуульд зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна... Хариуцагч Б.Өлзийбаярын шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохоор байсан гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчид өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байсан бөгөөд шүүх түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж байсан. Гэвч хариуцагч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргаж хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаартай шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн хууль зүйн үндэстэй шийдвэр гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж буй тул ... шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн гэр бүлийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч М.Баянжаргал гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс  ногдох эд хөрөнгийг авахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, гэр бүлийн дундын эд хөрөнгө болон үнийн талаар маргаагүй, харин хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч М.Баянжаргал, хариуцагч Б.Өлзийбаяр нар нь 2002 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж гэрлэгчдийн дундаас 2003 онд хүү Б.Отгонбаяр, 2008 онд охин Ө.Отгонжаргал, 2011 онд хүү Ө.Түмэндэмбэрэл нар нь төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн болон  хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч М.Баянжаргал нь гэрлэлтээ цуцлуулах талаар өмнө шүүхэд хандаж байсан, нөхөр Б.Өлзийбаярт зодуулсан гэх үндэслэлээр цагдаа болон шүүхэд хандаж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, прокурорын газрын мэдэгдэх хуудас, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн хуулбарууд зэргээр тогтоогдож байх тул дээрх баримтуудыг үндэслэж, нэхэмжлэгч нь хүчирхийлэл, дарамтаас болж түүний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэсэн үндэслэлээр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт хийж, гэрлэгсдийн гэрлэлтийг цуцалж  шийдвэрлэсэнг буруу гэж үзэх боломжгүй юм. 

Хүү Ө.Отгонбаяр нь “аавтайгаа хамт амьдарна” гэсэн санал гаргасан байх боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар гэр бүлийн гишүүдийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүхээс хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, нэхэмжлэгчийн хувиараа гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх М.Баянжаргалын асрамжид үлдээж, эцэг Б.Өлзийбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанды явцад хариуцагч “...хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээвэл хүүхдийн тэтгэлэг төлнө”  гэсэн  тайлбар гаргаж, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хариуцагчийн гаргасан “...миний хүүхэд Ө.Отгонбаяр шүүхэд өгсөн тайлбартаа эцэг Б.Өлзийбаяртай хамт амьдрах хүсэлтэй байна гэсэн байхад энэ саналыг шүүх авч үзээгүй, хүүхдийн саналыг ямар нэгэн  байдлаар тайлбарлаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан...” гэх давж заалдсан  гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо  гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж шийдвэрлэсэн талаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                  ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                       Т.ГАНБАТ