Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 397

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-24-08 тоотод оршин суух, эмэгтэй, ВД53120500 регистрийн дугаартай, Бэсүд овогт Аюурын Дундуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-74-34 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ90071819 регистрийн дугаартай, Номгон овогт Ойдовсүрэнгийн Доржготовт холбогдох

Хашааны үнэ 3513045 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Дундулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2013 оны 8 дугаар сард Баянхонгор сумын 3-р багийн 24-8 тоотод 1 айлын хашааг дундуур нь тасалж 2 айлын хашаа болгосон 4 тал хашааг О.Доржготовоос 3500000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед О.Доржготов нь хашаагаа бүхэлд нь банкны барьцаанд тавьчихсан байгаа учир удахгүй барьцаанаас гарахаар нь танд кадастрын зургийг нь салгаад бичиг баримтыг нь гаргуулаад өгнө гэж хэлсэн. О.Доржготовтой хийсэн худалдах, худалдан авах гэрээн дээр О.Доржготов нь 3500000 мянгаар худалдаж авсан дүнг татвараас зайлсхийхийн тулд та 2000000 төгрөгөөр авсан гэж мөнгөн дүнг биччих гээд бичүүлсэн. Би ахмад настай хүний хувьд түүнийг өөрийн хүүхэд шигээ санаж тэр бүхэнд нь итгэж байтал 2014 онд өөрийн хашаагаа Батжаргал гэх хүнд зарахдаа мөн 4 тал гэж нөгөө айлдаа хэлж, надад хэлэлгүйгээр манай хашааг мөн давхар зарж, дахин банкны барьцаанд бариулсан байсан. Уг хашааг худалдаж авсан хүн нь манай хашааны нэг талыг өөрийнхөө талруу харуулан хатгаж байхад нь би О.Доржготовыг бодож дуугүй байж байгаад хашааныхаа нэг талыг өгсөн. Гэтэл О.Доржготов нь би одоохон газрыг чинь салгаад өгнө гэж байсан хирнээ Батжаргал гэдэг хүнтэй хамт надад мэдэгдэхгүйгээр явж байгаад миний худалдаж авсан газрыг банкны барьцаанд тавьж дахин худалдсан байсанд нь гомдолтой байна. Би энэ талаар мэдэж О.Доржготовт хэлэхэд би хойно өөр хашаа авч өгье гэсэн боловч тэр газар нь мөн л давхар худалдагдсан маргаантай газар болох нь тогтоогдож газрын албанаас надад бичиг баримт олгохгүй гэж мэдэгдсэн. Тэр хашааг нь авах гэж хөөцөлдөхөд 13045 төгрөгийн зардал гарсан, энэ нь намайг удаа дараа хуурсаныг нотлох юм. О.Доржготовын хашааг худалдаж авсан Батжаргал нь 2015 оны 9 дүгээр сард намайг хашаанаасаа нүү наадах чинь манай хашаа гэж хөөсөн. Би мөнгөө төлж шударгаар олж авсан эд хөрөнгөө өөрийн нэр дээрээ бичиг баримтыг нь авч чадахгүй О.Доржготовт итгэснийхээ төлөө хохирч байна. Иймд О.Доржготовоос 3513045 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Доржготов шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Доржготов нь А.Дундуламын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3513045 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг нэхэмжлэгчид 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч О.Доржготов нь хашааны үнэ болох 3513045 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Дундуламд өгөхийг хүлээн зөвшөөрсөн талаархи хариуцагч О.Доржготов, нэхэмжлэгч А.Дундулам нарын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч О.Доржготовын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Доржготов нь хашааны үнэ 3513045 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Дундуламд өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 35579 төгрөг, хариуцагч О.Доржготовоос 35579 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Дундуламд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч О.Доржготов нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ