Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/131

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Хохирогч Х.Г

Шүүгдэгч Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Б.Э-д холбогдох 1921002150098 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн үнэ бүхий зурагтын тавиурыг хурааж, 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан Хатиган овогт Б.Э.

Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн ... тоот хашаанд “Соната 2” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.7а-д заасан “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Х.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найзуудтайгаа 1 шил архи уусан. Тэгээд хөдөө явахаар болж гэртээ очсон. Гэтэл эхнэр намайг согтуу байна, явуулахгүй гээд хашааны хаалгаар гүйгээд гарах шиг харагдсан. Тэгэхээр нь машинтайгаа ухартал гэнэт “тас няс” хийх чимээ гарсан. Машинаас буугаад хартал эхнэрийн гар машин, хашааны дайман хоёрын дунд хавчигдсан байсан. Би тухайн үед эхнэрийн гар нь хугарсан гэдгийг мэдээгүй. Баруун гарын хуруунууд нь язарсан байсан” гэв.

 

Хохирогч Х.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нөхөр над руу залгаад “Ямаагаа самнахаар хөдөө явлаа, хувцас бэлдчих” гэсэн. Би архи уусан гэдгийг нь мэдээгүй болохоор хувцсыг нь бэлдсэн. Нөхөр хувцсаа авахаар гэрт орж ирэхдээ согтуу байсан. Тухайн үед согтуу болохоор нь явуулахгүй гээд хашааныхаа хаалгыг хааж байтал нөхөр машинтай ухраад хашааны хаалга, машин хоёрын дунд би гараа хавчуулсан. Өмнө нь нөхөр маань архи, дарс ууж хэрэгт холбогдож байгаагүй болохоор цагдаа дуудвал эрүүлжүүлнэ гэж бодсон. Би төрснөөсөө хойш ажил хийгээгүй, нөхөр маань гэр орноо авч явдаг. Хэрэг гарснаас хойш цагдаа, шүүхээр яваад ажил хийж чадаагүй болохоор цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хохирч байна гэдгээ ухамсарлаж байна. Хэрэг болсны маргааш нөхөр надаас уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэв.

 

Гэрч М.Адъяасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Эыг эрүүлжүүлэх байранд авчирч үлээлгэж шалгахад 1.01 хувийн согтуурал илэрсэн. Б.Э 3 хундага архи татсан гэж хэлсэн. Манай эхнэр хашааны хаалга хааж байгаад хашаа машин хоёрын хооронд хавчуулагдсан гэж ярьж байсан. Эхнэр нь гараа бариад ээжийнхээ урд суудалд суугаад уйлаад байсан...” гэжээ. /хх-ийн 18 тал/

 

Гэрч З.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар Отгоогийн гэрт нэг шил архи хувааж уусан өөр архи уугаагүй. Ингээд Б.Э хөдөө явлаа гээд яараад гараад явсан...” гэжээ. /хх-ийн 20 тал/

           

     Гэрч П.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сард дүү Х.Г, хүргэн Б.Э нарт өөрийн эзэмшлийн “Соната-2” маркийн 61-53 ДОР улсын дугаартай машинаа 2 сая төгрөгөөр зарсан. Эзэмшигч нь Б.Э юм” гэжээ.  /хх-ийн 22 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183 тоот актын дүгнэлтэд:

1. Х.Г-гийн биед баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын чигчий, ядам, дунд хурууны няцарсан шархнууд, баруун гарын долоовор хурууны /2-р хуруу/ 2-р савх ясны далд хугарал, зүүн талын 6,7,8-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтлүүдийн баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын чигчий, ядам, дунд хурууны няцарсан шархнууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун гарын долоовор хурууны /2-р хуруу/ 2-р савх ясны далд хугарал нь дангаараа, зүүн талын 6,7,8-р хавирганы далд хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 29 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот актын дүгнэлтэд “...Уг үйлдэл нь осол мөн. .... ДОР улсын дугаартай “Соната-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон Бямбарагчаа овогтой Б.Э нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийж гүйцэтгэснээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-11 тал/

Хохирогч Х.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/

Гэрч М.Мягмарын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

Гэрч Б.Энхнарангийн мэдүүлэг /хх-ийн 26-26 тал/

Б.Эы гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатиган овогт Б.Э нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ... тоот хашаанд “Sonata 2” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.7а-д заасан “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Х.Г-г мөргөж, түүний биед баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын чигчий, ядам, дунд хурууны няцарсан шархнууд, баруун гарын долоовор хурууны /2-р хуруу/ 2-р савх ясны далд хугарал, зүүн талын 6, 7, 8-р хавирганы далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машинтайгаа ухартал гэнэт “тас няс” хийх чимээ гарсан. Машинаас буугаад хартал эхнэрийн гар машин, хашааны дайман хоёрын дунд хавчигдсан байсан..” гэх мэдүүлэг, хохирогч Х.Г, гэрч М.Адьяасүрэн, З.Баттулга, П.Ганболд нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183 тоот актын дүгнэлт, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот актын дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.Э-ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Э-ы ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Б.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Э-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-ы ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ