Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 5801

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ТИ64103108 регистрийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны 73 тоотод оршин суух Дайртан овогт Ядамсүрэнгийн Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX дүгээр байранд байрлах “Малын удмын сангийн үндэсний төв”-д холбогдох,

Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Бауиржин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Я.Оюунбилэг түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоо инженер мэргэжлээр, 2010 онд Төрийн удирдлагын Академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. 1987-2012 он хүртэл Дархан хотын Гүйцэтгэх захиргаанд хотын ерөнхий зоотехник, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн ерөнхий мал зүйч, хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр 25 жил тасралтгүй ажиллаж байгаад Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Жанцанхоролын тус төвд мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаагийн зэрэгцээ “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт шинээр баригдах Малын удмын сангийн үндэсний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллах мэргэжилтэн нэн шаардлагатай байгаа нөхцөл байдлаа аймгийн удирдлагад танилцуулан зөвшилцсөний үндсэн дээр 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тушаалаар Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэл, технологи, хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон төрийн жинхэнэ албанаас төрийн үйлчилгээний албанд шилжин ирж ажилласан. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хүнс Хөдөө аж ахуйн сайдын тушаал гарч, тус төвийн захирлаар Я.Батсүх хэмээх хүн томилогдон ирсэн тул миний бие түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээлгэн өгч, шинэ захиралд байгууллагын ажлыг танилцуулж, эхний ээлжинд бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлөх, буцаан томилох асуудал байгаа талаар ярилцсан. Шинэ бүтцээр тус төвд байсан 3 албыг нэг болгон өөрчлөлт орсон ч аль аль албаны чиг үүрэг бүтцэд хэвээр хадгалж байгаа тул үндсэн орон тоо хэвээр, 1-2 ажилтны хувьд үндсэн ажилтнаас гэрээт ажилтан руу шилжихээр байгааг хэлж танилцуулсан. Тэр үед захирал Я.Батсүх таныг түшиглэж ажиллана, Үйлдвэрлэл технологийн албаны даргаар тавина гээд бусад хүмүүсийн ажлын байрны асуудлыг ярилцаад тушаалын төслийг боловсруулаад өгнө үүгэсний дагуу би тэр өдөрт нь багтаан боловсруулж өгсөн. Гэтэл 1 дэх өдрийн шуурхай хуралдаан дээр албаны даргаар эрэгтэй хүн ажиллах саналтай байгаагаа хэлж, генийн сан, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Түмэн-Өлзийг албаны даргаар томилохоор шийдвэрлэсэн саналаа ажилтнуудад тулгансанал хурааж, томилохоор болсон. Энэхүү хурлын тэмдэглэлийг сүүлд нөхөж гаргасан бөгөөд надад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хүнс Хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/30 дугаар тушаалыг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан ба чөлөөлөгдөх хугацааг тушаал дээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс гэсэн атлаа 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын байрнаас өдөр тутам байгууллагын ажилтнуудын өмнө хөөж, ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад сууж байсан өрөөг цоожилж байсан. Түүнчлэн намайг ажлаас халах болсон гүтгэлэг, таамаглалын шинжтэй 10 гаруй шалтгааныг өөрөө бичиж, түүн дээр зөвшөөрсөн гарын үсэг зур гэж дарамталсан бөгөөд уг бичгийг хуулбарлан авах үед надаас хүч түрэмгийлэн булаан авч урж тасдан төрийн байгууллагын менежер, удирдагч хүнд байж боломгүй авирыг олны өмнө гаргасан. Ажлаас чөлөөлсөн тухай төвийн захирлын 2015 оны Б/11 дүгээр тушаалыг би 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө авсан. ХХААЯамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2015 оын 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Малын үндэсний төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б-25 дугаар тушаалаар намайг эрүүл ахуй, бактерлоги, үйлдвэрлэлийн байрны ашиглалт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс түр томилон ажиллаж байгаа. Цаашид бүтэц орон тоог шинээр баталж миний урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажил албн тушаалтай адил чанарын албан тушуул бий болсон тохиолдолд уг албан тушаалд томилохоор тохиролцсон байгаа болно гэв.

 

Талууд шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч иргэн Я.Оюунбилэг, хариуцагч  Малын удмын сангийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзориг бид дор дурдсан байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлага болох Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын Б/11 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэсэн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөх,

2. Нэхэмжлэгч Я.Оюунбилэгийг шинэ бүтэц орон тоо батлагдах хүртэл эрүүл ахуй, бактерлоги, үйлдвэрлэлийн байрны ашиглалт хариуцсан мэргэжилтний орон тоон дээр түр ажиллуулах,

3. Эрх бүхий этгээдээс Малын удмын сангийн үндэсний төвийн бүтэц орон тоог шинээр баталж Я.Оюунбилэгийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал бий болсон нөхцөлд уг албан тушаалд томилох,

4. Ажилгүй байсан хугацааны цалин болох 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин болох 13.105.831,43 төгрөгийг төлөх,

5. Талууд эвлэрэн хэлэлцсэнтэй холбоотойгоор дахин энэ асуудлаар шүүх хуулийн байгууллагад гомдол гаргахгүй болно” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Я.Оюунбилэг нь хариуцагч “Малын удмын сангийн үндэсний төв”-д холбогдуулан “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч  “Малын удмын сангийн үндэсний төв” нь нэхэмжлэлийн шаардлага болох “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Хариуцагч “Малын удмын сангийн үндэсний төв” нь “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Я.Оюунбилэгийг шинэ бүтэц орон тоо батлагдах хүртэл эрүүл ахуй, бактерлоги, үйлдвэрлэлийн байрны ашиглалт хариуцсан мэргэжилтний орон тоон дээр түр ажиллуулж,  эрх бүхий этгээдээс “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн бүтэц орон тоог шинээр баталж нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал бий болсон нөхцөлд уг албан тушаалд томилон, ажилгүй байсан хугацааны цалин болох 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин болох 13.105.831,43 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, “Малын удмын сангийн үндэсний төв”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баритмлан нэхэмжлэгч Я.Оюунбилэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Малын удмын сангийн үндэсний төв”-өөс 223.479 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай. 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ