Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 102/2021/02887/И |
Дугаар | 210/МА2022/01542 |
Огноо | 2022-08-19 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/01542
2022 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2022/01542 |
,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,эд холбогдох,
2021 оны 08 дугаар сарын 24-ний Б/334 дүгээр тушаал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/637 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь
1.1. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ны Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгож,
1.2. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний Б/637 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн хууль зөрчсөн нөхцөл байдлыг шүүхээр дүгнүүлэх,
1.3. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох,
1.4.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах,
1.5.Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан.
Нэхэмжлэгч нь Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр, ерөнхий захирал ,,,,,,,,,,,,,,ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн тамгын газрын даргаар ,,,,,,,,,,,,,-ийн Тамгын газрын даргыг сонгон шалгаруулалтаар эцсийн шийдвэр гаран томилогдох хүртэл хугацаанд томилогдон ажиллаж байсан. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлаас чөлөөлөх асуудал Үндэсний зөвлөлөөс болон Ерөнхий захирлаас яригдаагүй, шийдвэрлэгдээгүй байсан боловч мөн өдрийн Б/334 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Тамгын газрын даргын албан тушаал нь зохион байгуулалтын нэгжийн дарга гэж тодорхойлох бөгөөд ,,,,,,,,,,,,ийн тухай хуулийн 24 дүгэзр зүйлмйн 24.1.10 дахь заалт болон Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан журамд зааснаар уг албан тушаалын ажил үүргийг байнга буюу түр гүйцэтгэх хүнийг Үндэсний зөвлөл сонгох бүрэн эрхтэй, хамтын шийдвэрээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Ерөнхий захирал ,,,,,,,,,,,,,,ын 2021оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/334 дүгээр тушаал гаргах болсон шалтгаан үндэслэлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2021/0507 дугаар шийдвэрээр ерөнхий захирлын сонгон шалгаруулалт хууль зөрчсөн гэж тогтоогдож шийдвэрлэгдсэн үйл явдал нөлөөлсөн.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
,,,,,,,,,,,,ийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-д ,,,,,,,,,,,,ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах бүрэн эрхийг ,,,,,,,,,,,,,-ийн Үндэсний зөвлөлд олгосон.
Журамд зааснаар тамгын газрын даргын албан тушаал нь зохион байгуулалтын нэгжийн дарга гэж тодорхойлогдох бөгөөд заавал сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог. ,,,,,,,,,,ыг зохион байгуулалтын нэгжийн дарга сонгон шалгаруулалтаар орж ирэх хүртэл хугацаанд түр томилсон байдаг бөгөөд дараагийн албан тушаалтан томилогдсон учраас ажлаас чөлөөлсөн.
,,,,,,,,,, нь ажилд томилогдох үедээ урьд өмнө 2006 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсан, өмнө нь хэд хэдэн удаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлснээс болж урьд эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдөж байснаа зориуд нуун далдалж манай байгууллагад орсон байна.
Дээрхи нөхцөл байдал нь ,,,,,,,,,,,,,,ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д сонгон шалгаруулалтад оролцогч нь ял шийтгэлгүй байх, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1-д ... дор дурьдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэг болзолгүйгээр шууд цуцална гээд 5.3 дугаар зүйлийн М/-д Байгууллагад орох зорилгоор ... товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн гэснийг тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Түүнийг уг албан тушаалд томилогдсоноос хойш
2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн байгууллагын Үйлдвэрчний эвлэл болон хамт олны төлөөллөөс ,,,,,,,,,,,,,-ийн Үндэсний зөвлөлд ,,,,,,,,,, нь гаалийн байгууллагад ажиллаж байхдаа 2006 онд авлига албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял шийтгүүлж байсан, Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн захирлаар ажиллаж байхдаа ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргасныг
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХЭҮКомисоос 2/30 дугаар бүхий актаар тогтоож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад албан шаардлага хүргүүлснийг үндэслэн ,,,,,,,,,,ыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлагыг хүргүүлсэн. Хамт олны төлөөлөл түүнийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан, мэдэгдлүүдийг удаа дараа ,,,,,,,,,,,,,В-ийн ерөнхий захирал ,,,,,,,,,,,,,,т ирүүлсэн.
Ял шийтгэлгүй тодорхойлолт /ял шийтгэл эдэлж байгаагүй тухай тодорхойлолт бүрдүүлсэн/, өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгч 2-оос доошгүй хүний тодорхойлолт /Хүний Эрхийн үндэсний комиссын
2019 оны10 дугаар сарын 01-ны өдрийн 2/30 албан шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдсөн тухай ирүүлээгүй/ зэргийг бүрдүүлэхдээ уг баримтуудыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн байдаг.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,ийн Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 18,200,678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ,,,,,,,,,,ын 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ,,,,,,,,,,,,,,эд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 248,953 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хүний эрхийн комисоос 2/30 дугаар бүхий актыг үндэслэн ,,,,,,,,,,ыг ажлаас чөлөөлсөн.
Иймээс ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчин ял шийтгүүлж байсан ,,,,,,,,,,ыг удирдах албан тушаалд томилсон нь өөрийн хууль, дүрэм журамтай мэргэжлийн байгууллагын хүний нөөц боловсон хүчний хувьд ноцтой байдал үүссэн.
Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан учир хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
Шүүхээс өмнө ял шийтгэлгүүлсэн нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй гэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь ажилд орохдоо ял шийтгүүлж, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байснаа нуун дарагдуулж, анкет болон хүний нөөцийн албанд худал мэдээлсэн нь ,,,,,,,,,,,,,,ийн Хөдөлмөрийн дотоод журам, тус телевизтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болсон болно.
Мөн шүүхээс ,,,,,,,,,,,,,,ид холбогдох 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б\334 дүгээр тушаал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б\637 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй байж, ажилд эргүүлэн томилож, 18,200,678 төгрөгийн цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал, шийдвэр нь хуульд нийцсэн буюу хууль ёсны байх, үндэслэл үйл баримтад нийцсэн байх ёстой. Анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Б/343 дугаар тушаалд холбогдуулан гаргасан боловч хариуцагч байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/637 дугаар тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан атлаа хожим 4 сарын дараа дуусгавар болсон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал гаргасан. Хариуцагчаас анкет болон хүний нөөцийн албад худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт үйлдсэн гэж тайлбарладаг. Гэтэл хуурамч бичиг баримт үйлдсэн талаар нотлогддоггүй. Цагдаагийн ерөнхий газрын лавлагааг хуурамчаар үйлдэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч ажлаа гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй. 2017 оны Эрүүгийн хуулиар ялаа эдэлж дууссан тохиолдолд уг хүнийг ялтайд тооцох хугацаа гэж үзэх нөхцөл байдал байхгүй.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Гэвч хэргийн талууд бүрэн мэтгэлцсэн, хэргийн үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь
1.а. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Ерөнхий захирлын 2021 оны 8 дугаар сарын .24-ны Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгож,
1.б. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний Б/637 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн хууль зөрчсөн нөхцөл байдлыг шүүхээр дүгнүүлэх
1.в. Монголын Үндэсний ,,,,,,,,,,,,ийн Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох
1.г. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах,
1.д. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт дараахь үйл баримт тогтоогджээ. Үүнд:
2.а. ,,,,,,,,,,,,,,ийн ерөнхий захирлын
2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар ,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,-ийн Тамгын газрын даргыг томилогдох хүртэл хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /хх 94/
2.б. ,,,,,,,,,,,,,,ийн ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/334 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйл, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, ,,,,,,,,,,,,,,ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1, 5.4 дүгээр зүйлийн 5.4.1 дэх заалт, ажилтан ,,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус үндэслэн ,,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна. /хх4/
2.в. Уг тушаалын ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт ажилтан ,,,,,,,,,,тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 гэж заасныг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Ерөнхий захирлын 2015 оны 322 дугаар тушаалаар батлагдсан МҮОНТР-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсгийн К, М дэх заалт, ажилтан ,,,,,,,,,,тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.11, 6.2.13 дахь заалтууд гэж,
Тус тушаалын 4 дэх хэсэгт ...Батын Даваажавтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул... гэснийг ...,,,,,,,,,,,,,-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Батаагийн Даваажав нь ,,,,,,,,,,,,,-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай журамд заасан бүрдүүлэх материалыг хуурамчаар үйлдсэн /урьд ял шийтгэгдсэн тухайгаа/ нуун дарагдуулсан, ,,,,,,,,,,,,,-ийн ажилтны анкетад худал мэдүүлсэн тул... гэж тус тус өөрчилж, бусад 2, 3 дахь хэсэг болон бусад заалтыг өөрчлөөгүй болохыг дурдаж тушаалаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрчилсөн байна. /хх4, 104/
2.г. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн тухай Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн ял шийтгэл, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл хэрэгт авагджээ. /хх169/
2.д. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2/30 тоот шаардлага хэрэгт авагджээ.
3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:
3.а. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй, ажилд орох зорилгоор аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, мэдүүлсэн гэх ноцтой зөрчил гаргаагүй гэсэн, хариуцагч нэхэмжлэгч өмнө нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ,,,,,,,,,,,,,,ийн ажилтны анкетын асуулгад ял шийтгэлгүй гэж худал мэдүүлж, ял шийтгүүлсэн болохоо нуун дарагдуулсан, өмнө нь олон удаагийн зөрчлийн хэрэгт холбогдсон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэсэн байр суурьтай байна.
Хэргийн талууд үйл баримтаа тодорхойлох бөгөөд харин хуулийг тайлбарлан хэрэглэх, үйл баримтыг зүйлчлэх нь шүүхийн эрх хэмжээ юм.
Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн анхны тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн дотоод журмын заалт, сүүлд тодруулан өөрчилсөн 5 дугаар бүлгийн 5.3 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсгийн К, М заалт, зохигчийн тайлбар, мэтгэлцээн зэргээс үзэхэд ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсоноор биш, харин ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын хэн аль нь сахин биелүүлэх үүрэгтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлж ажиллахаар, 6.2.4, 6.2.11 дэх хэсгүүдэд хуурамчаар бичиг баримт үйлдсэн, гэмт хэрэг зөрчил үйлдсэн болон хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. /хх8/
Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.3 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсгийн К, М заалтад байгууллагад ажилд орох зорилгоор ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ. /хх146/
Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл юм. Гэрээний талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцлөө тусгайлан тохиролцож болох бөгөөд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэг үүсч болно.
Хариуцагчийн ял шийтгүүлж байсан эсэх талаар анкетын асуулгад ял шийтгүүлж байгаагүй гэж гараар бичиж хариулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй.
Хууль зүйн хувьд ял шийтгэлгүй болох хугацаа, ял шийтгүүлж байсан гэх ойлголтууд нь хоёр өөр ойлголт юм.
Ажил олгогч нь ажил, үүргийн онцлогтой холбоотойгоор хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасныг буруутгах боломжгүй. Ажил олгогч намтар түүхийн хувьд огт хууль зөрчиж байгаагүй этгээдийг тухайн ажлын байранд авах онцлог бүхий заалтыг гэрээндээ заасан, талууд энэ талаар тохиролцсон, гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд байгууллагад ажилд орох зорилгоор ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлвэл ажлаас чөлөөлөхөөр заасныг хөдөлмөрийн харилцаанд хязгаарлал давуу тал тогтоосон гэж үзэх боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг ажил олгогчид хориглосон болохоос, ажил, үүргийн онцлогтой холбоотойгоор асуулт тавихыг хориглоогүй.
Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээнийг бүрэн харьцуулан дүгнээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан гэмт хэрэг үйлдэж, уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь мөчидхөн бөгөөд учир дутагдалтай болжээ.
Иймд ажил олгогч буюу хариуцагчийн ажилд авсаны дараа ноцтой зөрчлийг илрүүлсэн гэх гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг нийцэж байх тул хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1.1, 1.2 дах хэсэг нь шаардлага биш, үндэслэл юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ш.ОЮУНХАНД