Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 874

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Б.Бямбаханд,

Шүүгдэгч Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.З холбогдох эрүүгийн 1906 02019 0817 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 26ы өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, Баянзүрх дүүргийн   ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Л.З .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Л.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 452 тоот хашааны гадна иргэн Б.Бямбахандыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг

өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбаханд мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Нүүрэндээ ийм сорвитой үлдсэн. Л.З 120.000 төгрөг авсан.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бямбахандын өгсөн мэдүүлэг /хх-8-9, 11/, гэрч Л.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч М.Азбаярын өгсөн мэдүүлэг /хх-20-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3251дугаартай дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Л.З урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Л.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 452 тоот хашааны гадна иргэн Б.Бямбахандыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбахандын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим нөхөр болох Л.Анхбаяр болон ажлын газрын 3 залуугийн хамт ирсэн. Тэгээд тэд нар суугаад 2 шил Соёрхол 0.75 граммын архи хувааж ууцгаасан. Тэгээд 19 цагийн орчим 2 жолооч болох Алтай, Батсайхан хоёрын эхнэрүүд нь ирээд аваад явсан. Гэтэл Л.З гэх ачигч залуу нь манайд үлдсэн. Тэгээд би нөхөртэйгөө хамт 20 цагийн орчим гаргаж өгөх гэтэл нөхөртэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө “гэртээ ор” гэж хэлээд оруулаад өөрөө үлдээд хашаанаас гаргаад алхаж байтал Л.З гэх залуу “чамайг би алчихна шүү, чи ямар зэвүүн янхан, гичий вэ” гэх мэтээр хараагаад намайг газар дараад унагаачихсан. Намайг газар унагааж байгаад дээр сууж байгаад хоолойноос боогоод нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд газраар чирээд баруун талын шанаа халцарсан. Урьд нь манай нөхөр Л.Анхбаяр Л.Золбоотой архи ууж явж байгаад бичиг баримтаа хаясан юм. Тэгээд би цуг явж байсан болохоор нь Л.З руу яриад “нөхрийн маань бичиг баримт алга болчихлоо, та нар хүн амьтантай муудалцсан юм уу” гээд асуусан чинь “би яаж мэддэг юм” гээд уурлаад намайг хэл амаар доромжилж байсан. Л.З тэрэн дээр юм санаад яваад байсан байх. Өөрөөр намайг яагаад зодох болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тэр үед архи уугаагүй байсан. Миний баруун нүд хацар хөхөрч хавдаад цус хурсан, миний хоолойг маажиж улайж хумсны ором гарсан байсан. Бас миний бугуй, зүүн гуяны дотор тал хөхөрч хавдсан байсан. Тухайн үед бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй. Намайг боож унагаагаад зодсонд нь би маш их гомдолтой байна. Бас энэ хүнээс толгойны зураг авахуулсан 120.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” /хх-8-9, 11/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Анхбаярын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад ажлынхаа Батсайхан, Золбоо, Алтай, Гээдэнсүрэн нарын хамт 17 цагийн орчим манай гэрт цуг ирээд хамт архи уусан. Тэгээд 19 цагийн орчим Батсайхан, Алтай, Гээдэнсүрэн нарыг эхнэрүүд нь ирээд аваад явах гэж байхад Золбоо, Алтай хоёр хоорондоо жоохон муудалцах гээд байхаар нь би Л.З  “яах гээд байгаа юм бэ, эргээд маргааш ажил дээр уулзалдахаас хойш битгий муудалц” гэж хэлсэн чинь тэд нар явсан. Тэгээд удалгүй Л.З “дэлгүүр явчихаад ирье” гээд гарч яваад алга болчихоор нь би явсан байх гэж бодоод гэртээ хэвтэж байсан чинь гаднаас манай эхнэр “танай найз Л.З намайг зодчихлоо” гээд нүүр нь хөхрөөд хацарнаас нь цус гоожчихсон Л.З цагдаад өгөөд явуулчихлаа” гэж орж ирсэн. Бид нар хамтдаа 3 шил архи уусан. Тэр үед болсон зүйлсийг санаж байгаа. Манай эхнэрийн нүүрэнд урьд нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Манай эхнэрийн баруун нүд нь хөхөрч хавдаад цус гоожчихсон, хоёр гуя нь хөхөрсөн байсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Азбаярын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороог хариуцдаг Улиастай 112 чиглэлийн автомашинтайгаа үүрэг гүйцэтгэж байсан. Оройны 21 цаг өнгөрч байхад 96168178 дугаараас “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-452 тоотод нөхрийн найз агсам тавиад байна, мөн нөхрийн найз намайг зодлоо” гэсэн дуудлага 2 удаа давхардаж орж ирсэн. Дуудлагын дагуу уг тоотод очиж шалгахад гудамжинд нэг эмэгтэй бид нарыг тосч аваад “намайг нөхрийн найз эрэгтэй зодчихлоо, би гомдолтой байна, маргааш очиж өргөдөл өгнө” гээд тэнд байгаа гэхээр нь заасан газар нь очсон чинь ажлын бололтой цэнхэр хувцастай согтуу эрэгтэй доошоо хараад сууж байхаар нь тэр эрэгтэйг аваад эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” /хх-20-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3251 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Бямбахандын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, хүзүү хоолой, бугуй, гуяны цус хуралт, хацрын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-26/ гэх дүгнэлт,

 

Хохирлын баримтууд /хх-32-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.З яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-64/,  

 

Шүүгдэгч Л.З урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 452 тоот хашааны гадна иргэн Б.Бямбахандыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.З нь хохирогч Б.Бямбахандад 120.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Б.Бямбахандын цаашид гарах гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Л.З хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Л.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.З г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Л.З 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.З нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хохирогч Б.Бямбаханд нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС