| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/05739/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 466
2016 оны 08 сарын 09 өдөр Дугаар 181/ШШ2016/00466 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 104-р байр, 33 тоотод оршин суух, Найман овогт Баттулгын Номин/РД: УМ90061300/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7-р байр, 176 тоотод оршин суух, Боржигин овогт Ганбаатарын Чүлтэмсүрэн/РД: УХ89021419/-д холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Г.Чүлтэмсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Номин миний бие Г.Чүлтэмсүрэнтэй 2013 оны 2 дугаар сард танилцаж, 2013оны 10 дугаар сараас хамтран амьдрах болсон. Улмаар 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Ч.Наранзаяа төрсөн юм. Г.Чүлтэмсүрэн нь дээрх хамтрын амьдрах хугацаанд гэрлэлт батлуулах талаар ярихад удаа дараагийн ямар нэгэн байдлаар хойшлуулсаар охиноо төрөхөд өөрийн нэрээр овоглосон. Охин Ч.Наранзаяаг төрснөөс хойш байнга намайг элдвээр хэлэх нь ихсэж, гадуурхан харьцаж, өөр эмэгтэй хүмүүстэй дотно харилцаагай болсон. Энэ байдлаас болж бидний хооронд үл ойлголцол үүсч, намайг төрснөөс хойш 1 сарын дараа орхин явсан бөгөөд 2014 оны 9-р сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд охин Наранзаяатай уулзах байтугай нэг ч удаа холбоо барьж асуугаагүй бөгөод эцэг хүний наад захын хийх ёстой үүргээ биелүүлээгүй.
Охин минь миний асрамжинд байдаг. Намайг бие давхар байх хугацаанд чамайг хүчиндэнэ, үгүй бол би өөр хүнтэй унтана гэх мэгийн ёс бус зан авир гаргаж бүр хүүхэд зулбаж болзошгүй нөхцөл байдалд оруулж байсан. Мөн охин бид 2-ыг хамтын бүртгэлтэй байсан хаягнаасаа хасуулсан зэргийг үзэхэд хариуцагч нь үр хүүхдээ гэх сэтгэлгүй, эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, ирээдүйд хамтран амьдрах бодолгүй, хүүхэд хүмүүжүүлэх төлөвишлгүй, өөрийн зугаа цэнгэлийг хөөж амьдардаг. Иймд миний бие охиноо өөрийн асрамжинд үлдээж, Г.Чүлтэмсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Г.Чүлтэмсүрэнг хүүхдийн эцэг мөн гэдгийг захиргааны журмаар тогтоосон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40-д зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү. Тэтгэлэг, тэтгэмж олгохтой холбогдуулан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх бөгөөд нэхэмжлэгч нь хууль зүйн мэдлэггүйн улмаас Улсын тэмдэгтийн хураамжид 72 000 төгрөгийг төлснийг буцаан олгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Г.Чүлтэмсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ганбаатар овогтой Чүлтэмсүрэн миний бие Баттулга овогтой Номинтой нэг албан байгууллагад ажилладаг ба 2013 оны 2-р сард танилцан, үерхэж улмаар хүүхэдтэй болсон нь үнэн болно. Надтай танилцахаас өмнө төвийн газрын ажилтан М гэх хүнтэй үерхэж шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар салан түүнээс үүдэлтэй сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүйн улмаас өөрийн амийг егүүтгэх оролдлого хийж байсан гэх хэргийг өөрийн төрсөн дүү болох Ж нь надад хэлсэн ба тэр хэргийн талаар ажлын болон ойр тойрны бусад хүмүүс ч гэрчлэх юм. Б.Номин нь надтай үерхэж эхлэх хугацаанд бас нэгэн өөр залуутай харуй бүрийд хамт кино үзэн түүнээсээ гаран шөнийн цагаар гэрт нь очин хоол унд хийж өгсөн гэх зүйлийг надад ярьж, үүнийгээ зөв зүйтэй, хэвийн зүйл мэтээр ярьж, өмнөх салсан М гэх залуутайгаа авахуулсан зураг, хөргөө үргэлж утсан дээрээ байлган, арилгахгүй шалтгаанаа өөрийгөө хөөрхөн гарсан гэх утгаггүй шалтгаанаар хадгалж байсан нь надтай хамт байсан бүхий л хугацаанд тэрнийгээ мартаж чадахгүйн улмаас утсан дээрээ зургийг нь хадгалж байсан гэж ойлгож байна.
Хүүхэд олохын өмнө Б.Номин нь өөрийнхөө жил дээр болох морь жилдээ хүүхэдтэй болно, үгүй бол чамаас сална гэж шахалт үзүүлж байсан ба хүүхэд олсоноос хойшхи хугацаанд эцэг эхийн маань сайн дурын тусламж, дэмжлэгийг их хэмжээгээр авдаг байсан ч тэднийг үл хүндэтгэн намайг эцэг эхийн хараа хяналтаас гараагүй, бие даах чадваргүй, эцэг эх чинь чамайг хүүхэд шиг эрхлүүдэг гэх мэт элдвээр хэлж, намайг хурдан байртай болж тусдаа гаргах гэж яаруулан уцаарладаг байсан. Мөн бидний хэрүүл маргаан улам даамжирч хэн хэнийх нь амнаас болох болохгүй үг гардаг болсон нь ганц би ч биш, Б.Номин нь намайг гэх сэтгэл үгүй болж байсныг харуулна. Үүнд миний хүүхдийг гэдсэндээ тээж байгаадаа ой нь гутаж зэвүүцэл нь хүрч, түүнийгээ устгаж үгүй хийнэ, хэрэв төрүүлбэл амлуулахгүй хаяаад явна гэх мэт байж боломгүй муухай үгсийг өөрийн амаар удаа дараа хэлж байсан. 4 сартай байх хугацаандаа намайг өөр эмстэй явалддаг, дотно харилцаатай хэмээн гүтгэж, түүнээс болон бид салсан иргэн Б.Номин нь өөрийн буруугаа мэдэрч, байнга залган мессеж илгээж, надад захиа занаа бичин уучлалт гуйн гэрийхэнд маань сүү барин уучлалт гуйж байсныг санаж байна. Хүүхэд төрсний дараа эмчийн зүгээс тархины даралттай гэх оношоор хүүхдээ агаарт байлгахыг зөвлөн, хүүхдээ болон иргэн Б.Номинг аван өөрийн гэр бүлийн эзэмшил болох зусландаа авчран хэд хоног хамт байв. Уг хугацаанд манай гэрийнхэнд мэдэгдэхгүй маргаан байдаг байсан ба хүүхдээ бодохгүй зөвхөн өөрийгөө бодон гэртээ харимаар байна гэж байнга гомдолдог байсан. Миний бие гэнэт хот руу түр хугацааагаар явах болж, тэр далимд иргэн Б.Номингийн өөрийн нь эд зүйлийг гэрээс нь аван мөн өөрийнх нь утасны төлбөрийг хийгээд ирэх зуур хүүхдийн уйлах чимээ, бусад асуудлаас зугтааж хот орсон гэж утсаар загнаж, тасалсныхаа дараа салсан М гэх хүндээ атаархлыг нь төрүүлэх зорилгоор чамайг ашигласан, чамд хайргүй байсан гэдэг жинхэнэ үнэнээ мессежээр хэлж, танайд байж чадахгүй гэртээ харимаар байна гэдгээ хэлсэн. Төд удалгүй буцаж зусланруугаа яаран явж иргэн Б.Номинг хүүхдийн хамтаар хүссэнээр нь гэрт нь байлгахаар болсон ч байдал дээрдээгүй болно.
Хүчиндэнэ, өөр хүнтэй дотно харилцаанд орно гэх зэрэг яриа бидний дунд тоглоом шоглоомоор харилцан ойлголцон биенээ хэлдэг байсан ч ийнхүү одоо миний эсрэг ашиглан, хүний ёсноос гажууд үйлдэл хийдэг хэмээн намайг муу хүн мэтээр харуулж байгаа нь гүтгэлгийн шинжтэй байгаа нь илт харагдаж байна. Түүний зулбах нөхцөл байдал гэдэг нь үл ойлголцолоос болж гэв гэнэт аймшигтай чангаар хоолойгоо шахан орилж хашхиран, газраар өнхрөн, гар хөл нь сарвалзаж, нүд нь араатан шиг эргэлдэн хувхайрч, үс гэзгээ зулгааж, албаар гэмээр хүүхдээ гэмтээх гэж оролдож байгаа нь харагдаж байсан нь айдас төрүүлэм, нүд халтирмаар дүр зурагтай байсныг одоог хүртэл тодхон санадаг. Иргэн Б.Номинтой гэрлэлтээ батлуулахгүй, хойшлуулдаг байсан шалтгаан нь үргэлж өөрийн энэ мэт сэтгэл хөдлөлөө захирч, барьж дийлдэггүй, бүх зүйлд намайг буруутгадаг, түргэн уцаартай, түүнээсээ болж бодлогогүй алхам хийдэг ийм хүнтэй гэрлэн цаашид хамтран амьдрах нь миний хувьд ч хүүхдэд ч сөрөг нөлөөтэй хэмээн үзсэн болно.
Иргэн Б.Номингоос салсанаас хойш миний бие хүүхэд дээрээ очоогүй нь үнэн. Гэхдээ миний бие эцэг нь болох үүргийнхээ дагуу явсанаас хойш cap бүр 100,000 төгрөг тогтмол өгдөг байсан ба манай гэрийн зүгээс хоол унд, хувцас хунарын тусламж байнга өгдөг байсан. Тэр ч байтугай Гандантэгчилэн хийдийн чанх хойно байрлах “Энх Өргөө” гэх хувийн цэцэрлэгт оруулж, төлбөрийг нь манай зүгээс хийж ирсэн. Цэцэрлэгт явж байх хугацаанд цэцэрлэгийн багш нарыг хүүхэд зодсон хэмээн худал дүгнэлтээр тухайн цэцэрлэгт Б.Номин нь ээж Э-тэйгээ хамтран ирж цэцэрлэгийн багшийг нь нотлох баримтгүйгээр элдвээр хараан доромжилж, ажлаас нь хүртэл халуулсан удаатай. Мөн хугацаанд хүүхдийн бие халуурч цэцэрлэгээс нь яаралтай ирж хүүхдээ эмнэлэгт хүргэх талаар утсаар манай талынханд хэлсэн юм. Даруй очин эмнэлэгт хүргэн хэвтүүлэх гэтэл Б.Номингийн ээж Э ирж манай эцэг эхийг мөн доромжлон хараан зүхэж, шашны холбогдолтой эмнэлэг бараадуулсан, ээж охин хоёрыг та нар муудалцуулдаг та нар хэн юм гэх хэнд ч хамааралгүй, ойлгомжгүй бусармаг аашилж байсныг тэнд байсан эмнэлгийн ажилчид болон миний гэр бүлийнхэн бүгд гэрчилнэ. Хүүхэд хэвтэн эмчлүүлсэн 7 хоногийн хугацаанд манай зүгээс эргэлт, хоол унд болон бусад бүх зүйлсийг дааж байсан ч тэдний талаас ээж Э болон бусад гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн эргэж очоогүй, тусламж үзүүлээгүй болно. Хүүхэд эмнэлгээс гарсаны дараа Б.Номин ээжийнхээ эмнэлэг дээр гаргасан авирыг зөв юм хийсэн хэмээн ярьж, биднийг яах гэж ирээд байгаа юм, салсан чигээрээ болцгооё хэмээн авирлаж байсан юм. Тиймээс өөрийгөө бусдад сайн хүн байсан мэтээр өрөвдүүлэх гэсэн увайгүй оролдлогоор миний тухай гүтгэсэн, хараасан, доромжилсон яриа олон нийтэд тарааж, ажлын ойр орчим нотолгоо баримтгүй худал цуу яриа дэгдээж, шүүхэд ташаа ойлголт төрүүлж, миний нэр төрд бүдүүлэгээр удаа дараа халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Ч.Наранзаяа нь миний төрсөн охин мөн тул хойд гэх тодотголтой хүмүүсийн элдвийн асуудал, мөн өөрийн биеэ захирч, хянах чадваргүй асуудлаа хүүхдэд гаргах зэрэг асуудал гаргахгүй гэвэл эхийн асрамжид үлдээх, Монгол улсын хууль тогтоомж, журмын дагуу тогтоосон тэтгэлгийг олгоход татгалзах зүйлгүй болно. Уг асуудлыг эвлрэлийн гэрээгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэн Б.Номин нь cap бүрийн хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдэд зарцуулсан гэх баримт, тооцоог байнга ирүүлж байхыг шаардаж байна.
Түүнчлэн дээрх асуудлууд гаргасан тохиолдолд холбогдох байгууллагад хандан хүүхдийг эцгийн асрамжид авч, мөн цаашид миний тухай үнэн бодит байдалд нийцэхгүй, баримт нотолгоогүй, худал гүтгэлэг нийтэд тарааж, намайг доромжлох зэрэг үйлдлийг дахин түгээх асуудал гаргавал миний бие холбогдох байгууллагаар дамжуулан иргэн Б.Номинд зохих арга хэмжээг авах болно” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Номин хариуцагч Г.Чүлтэмсүрэнд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Номин хариуцагч Г.Чүлтэмсүрэн 2013 оны 10 дугаар сараас хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Боржигин овогт Чүлтэмсүрэнгийн Наранзаяа төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Ч.Наранзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Номин хариуцагч Г.Чүлтэмсүрэн нар 2014 оны 9-р сараас хойш тусдаа амьдарч байгаа байх ба зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;” гэж заасан.
Охин Ч.Наранзаяа нь төрсөн цагаас эхлэн эх Б.Номинтой цуг амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба охин Ч.Наранзаяаг эх Б.Номин өөрийн асрамжид үлдээхийг хариуцагч Г.Чүлтэмсүрэн хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтыг баримтлан охин Ч.Наранзаяаг эх Б.Номингийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч Г.Чүлтэмсүрэн нь охин Ч.Наранзаяаг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх тул хариуцагч Г.Чүлтэмсүрэнгээс тэтгэлэг гаргуулан охин Ч.Наранзаяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Номин хариуцагч Г.Чүлтэмсүрэн нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэгч Б.Номингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтыг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Чүлтэмсүрэнгийн Наранзаяаг эх Б.Номингийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Чүлтэмсүрэнгийн Наранзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Чүлтэмсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Б.Номинд олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Номин, хариуцагч Г.Чүлтэмсүрэн нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Номин улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Номингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Номинд олгож, хариуцагч Г.Чүлтэмсүрэнгээс 101447 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ