| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 875 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ө холбогдох эрүүгийн 1906 02372 1085 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Н.Ө .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Бүжинлхамын биед гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Бүжинлхамын өгсөн мэдүүлэг /хх-7-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4564 дугаартай дүгнэлт /хх-13/, шүүгдэгч Н.Ө урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Бүжинлхамын биед гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бүжинлхамын өгсөн: ...Би Н.Өлзийбаттай 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа. 2016 онд охин төрсөн. 2018 онд 2 дахь охин төрсөн. 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 21 цагийн үед ажлаа тараа гэртээ орж ирээд зурагт хараад сууж байхад нөхөр Н.Ө “хоолоо ид” гэж хэлсэн. Би үзсэн юмандаа анхаарлаа хандуулсан байсан учир хоолоо идэх гэж яараагүй. Гэнэт Н.Ө уурлаад “хоолоо идэхгүй пизда чинь намайг гуйлгууллаа” гэхэд би өөдөөс нь нээх юм хэлээгүй. Над руу харж байснаа “миний хийсэн хоолыг чи голлоо” гэхээр нь “аймаар давстай, тостой хоолыг чинь хэн иддэг юм” гэхэд “давс тосгүй хоол иддэг газар руугаа явахгүй юу” гээд галын дэгээ төмөр аваад миний толгой болон бусад хэсэгт нийт 5-6 удаа цохьсон. Баруун шанаанаас цус годогдоод гарсан чинь “миний гэрийг бузарлалаа, тэр чигээрээ зайл” гэж хөөсөн. /хх-7-9/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Би гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4564 дугаартай дүгнэлтэд
1. Д.Бүжинлхамын биед духанд няцарсан шарх зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-13/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Ө яллагдагчаар өгсөн: “...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Ө урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-18/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Ө 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Бүжинлхамын биед гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Д.Бүжинлхам гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгч Н.Ө эрүүгийх хариуцлага тооцохдоо хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Ө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Өлзийсайханы цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ө ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Н.Ө 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Ө нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Ө нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС