| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 868 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г.О т холбогдох эрүүгийн 1906 01634 0890 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сухбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорихоор тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн шүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Г.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн ажилчдын байр 2-4 тоотод байрлах хашаанд байршуулсан иргэн Т.Гантулгын өмчлөлийн 31-25 ӨВР улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг эзэмшигч Т.Гантулгын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-4-6/, гэрч Б.Оюунболдын өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Б.Баянжаргалын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Г.О гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-15, 78-79/, шүүгдэгч Г.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн ажилчдын байр 2-4 тоотод байрлах хашаанд байршуулсан иргэн Т.Гантулгын өмчлөлийн 31-25 ӨВР улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Гантулгын өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны замын хажууд явж байгаад 30 гаруй насны эмэгтэй гар өргөхөөр нь суулгасан чинь “9 дүгээр хороонд очно” гэхээр нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчмын буудлын урд гэр хороололд нэг айлд хүргэж өгсөн. Тухайн үед би хашааны хаалгийг нь хараагүй. Тэгтэл тэр эмэгтэй “мөнгө авч ирнэ” гээд хашаанд байсан монгол гэрт орохоор нь би араас нь дагаж орсон, 4 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэгээд тэд нартай танилцаад би нэг шил архи авч өгөөд машинаа хашаанд оруулж түлхүүрийг нь гэрт байсан эмэгтэйд өгөөд унтсан. Унтаад өглөө сэрэхэд хашаанд автомашин байхгүй байхаар нь цагдаа дуудсан....Автомашины түлхүүрийг миний хоносон айлын эмэгтэй аваад намайг согтуу байхаар надад өгөхгүй байсан. Тэгээд өглөө нь сэрээд гарч бие засах гэсэн чинь машин байхгүй байсан. Тухайн үед өөрийн 31-25 ӨВР улсын дугаартай автомашинаа бүрэн бүтнээр нь буцааж авсан. Харин аваад явж байхад урд хоёр таван бул, тосол 5 литрийг би авч хийсэн. Тухайн үед би тэр айлын хашаанаас автомашинаа авахдаа багажтай очиж шалгахад миний автомашины урд хоёр таван бул мултраад унасан, тосол нь тургиад юу ч үгүй болсон байсан. Таван булаа би “Да-Хүрээ” захаас 2 ширхэгийг 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин тосолыг 5 литрийг нь 10.000 төгрөгөөр авсан. Надаас гарсан мөнгийг би миний машиныг дураараа авч явсан хүнээс гаргуулж авмаар байна." /хх-4-6, 8-9/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Би 150.000 төгрөг авсан. Гомдол саналгүй байхгүй.” /хх-82/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунболдын өгсөн: “....2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 9 цагийн орчим “Шархад” 2 дугаар буудлын өргөн гудамын дэлгүүрийн орчим Г.О , Мөнх-Очир хоёртой саарал өнгийн машин унаад явж байсан. Тэгээд 2 шил архи аваад Г.О , Мөнх-Очир нар нь тэр хавиар архи уудаг хүмүүсийг суулгаад Улиастайн гол руу явсан. Тэгээд тэндээ 2 шил архиа тавуулаа хувааж уугаад нөгөө саарал өнгийн машинаараа мөсөн дээр эргэлдээд гэнэт машин явахаа болиод тэгээд би ахыгаа дуудаад ахын хашаанд оруулж тавьсан. Гол дээр хаях гэтэл тонуулж магадгүй гэж бодсон. Мөнх-Очир бацаан барьж явсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баянжаргалын өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр манай найз охин Болороо тэр Гантулгыг дагуулж манайд ирсэн. Тэр залуу согтуу байхаар нь “жаахан унтаж амар эсвэл хоноод яв” гэж хэлсэн. Тэгээд машиныг нь Мөнх-Очироор бариулж хашаандаа оруулж тавиулсан юм. Тэр өдөр Гантулга манайд орж ирээд 0.75 граммын Хараа архи авч хувааж ууцгаасан юм. Тэр залуу еерөө согтсон байж машинаа унаж явах гээд байхаар нь би түлхүүрийг нь авч гартаа барьсан чигээрээ унтацгаасан. Өглөө нь тэр залуу сэрээд ажилдаа явах гээд гарсан чинь “машин нь байхгүй болсон байна, хаана тавьсан юм бэ” гэж асуухаар нь би “хашаанд гэрийн хажууд тавьсан” гэж хэлээд гараад харсан чинь байхгүй болсон байсан. Би тэр залуугийн автомашины түлхүүрийг согтуу унаж явна гээд байхаар нь түлхүүрийг нь аваад “чиний түлхүүр надад байна, маргааш архиа гаргаад өглөө авч яваарай” гэж хэлсэн. Тэгээд би автомашины түлхүүрийг баруун гарын долоовор хуруундаа хийгээд унтсан байсан. Надаас Г.О түлхүүрийг нь асууж аваагүй. Өглөө нь би босоод гарнаас унасан юм болов уу гэж бодоод хайгаад олоогүй юм. Манайд өглөө нь Г.О ах орж ирж архи уугаагүй. Харин өмнөх орой нь бид хэд архи ууж байхад орж ирээд Т.Гантулгатай танилцаад цуг архи уусан тэгээд гараад явсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О яллагдагчаар өгсөн: “...Би 31-25 ӨВР улсын дугаартай автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-77-78/ гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21, 22-24/,
Шүүгдэгч Г.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Г.О 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн ажилчдын байр 2-4 тоотод байрлах хашаанд байршуулсан иргэн Т.Гантулгын өмчлөлийн 31-25 ӨВР улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Т.Гантулга нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгч Г.Г.О т эрүүгийн хариуцлага тооцохдоо хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Г.О эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Г.О ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС