Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00762

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00762

 

 

 

,,,,,,,,,,-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00012 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ,,,,,,,,, ,,,,,,,, нарт холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ,,,,,,,, нь газар эзэмших эрхийн өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,, ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч ,,,,,,,,д холбогдуулан үйлчлүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас хийсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, ,,,,,,,, нь Сонгинохайрхан дүүргийн нотариатч ,,,,,,,,аас өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа ээж ,,,,,,,,,, хүнд өвчний учир нас барсан, би 2 хүүхдийнхээ хамт ээжийнхээ амьдарч байсан газар одоог хүртэл 17 жил амьдарч байгаа гэж дурддаг. Хүсэлтийн дагуу нотариатч ,,,,,,,, нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Гэтэл ,,,,,,,, маргаан бүхий газар 17 жил амьдарч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд ,,,,,,,, нь нотариатчид худал хэлж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Нотариатч нь үйлчлүүлэгчийн бодит байдалд нийцээгүй хүсэлтэд үндэслэн нотариатын үйлдэл хийсэн байх тул ,,,,,,,,ыг Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх 28.2.2-т нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаа хийсэн байна гэж үзэж байна. Мөн тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж зааснаас үзэхэд ,,,,,,,,ын буруутай үйл ажиллагааны хохирлыг нотариатч ,,,,,,,, хариуцахгүй байх үндэслэл харагдаж байна. Тийм учраас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг нотариатчийн буруутай үйл ажиллагааны улмаас биш үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хийгдсэн болохыг тогтоолгож, уг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,,,,,,,ыг өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч ,,,,,,,, нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдлээ нотариат, байхгүй бол холбогдох газрын алба, сумын Засаг даргад мэдэгдэх ёстой хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байгаа тул түүнийг өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгохоор Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг баримтлан шаардаж байгаа. Хариуцагч ,,,,,,,,т холбогдуулан эрхийн маргаантай газар дээр өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн байх тул түүний хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий газрыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу дуудлага худалдаагаар авсан одоо энэ газар агуулах барьсан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа.

 

2. Хариуцагч ,,,,,,,, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,-аас хуульд заасан миний эдлэх эрхийг үгүйсгээд байгааг зөвшөөрөхгүй байна. Миний ээж 73 насандаа өөд болсон бөгөөд түүний амьдарч байсан газрыг өвлөн авах эрх надад нээлттэй эсэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, газрын албанд хандсан ба Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан тус шүүх дээр хэлэлцэгдэж байгаа. Гэтэл ,,,,,,,,,,-ийн зүгээс намайг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсны төлөө миний эрхийг зөрчин энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Ээж маань хүнд өвчтэй тул 2000 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Бид Махкомбинатын зүүн талд байсан Задгай гэх газарт албан ёсны газрын гэрчилгээ аваад эзэмшлийн газар өөрсдийн хөрөнгөөр хашаа босгосон. Ээж маань тухайн газар хүүхдүүдтэйгээ хамт 2 жил 3 сарын хугацаанд амьдарч байгаад нас барсан. Шүүхийн шийдвэрийн дагуу газраа өгсөн Ж,,,,,,,,,, ,,,,,,,, нарын газрын дунд нь ээжийн минь газар байсныг өрөндөө тооцож хамт шилжүүлсэн байгаа юм.

Би ээжийнхээ амьдарч байсан газрын өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй, тойргийн нотариатчид хандаж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг гэрчилгээг аваад би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэрэг асуудлыг шийдээгүй байхад ,,,,,,,,,,-аас надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд би өвлөх эрхээсээ татгалзах ямар ч боломжгүй. Хуулийн дагуу бүрдүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ,,,,,,,, тайлбарын агуулга:

Миний ажлын байранд үйлчлүүлэгч ,,,,,,,, нь өөрийн эх ,,,,,,,,,, 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан, нас баралтын бүртгэлийн 46 дугаарт бүртгэгдсэн тул түүний эзэмшиж байсан газар эзэмших эрхийг өв залгамжилж авах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг судлан үзэхэд өвлүүлэгч ,,,,,,,,,,д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мах комбинатын зүүн талын задгайд 700 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, эх нь уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хараахан дуусаагүй байхад нас барсан байсан. Үйлчлүүлэгч ,,,,,,,, ээж ,,,,,,,,,, маань хүнд өвчний улмаас нас барж, би хоёр бага хүүхдийнхээ хамт ээжийнхээ эзэмшиж байгаа газарт үлдээд одоо 17 жил амьдарч байна хэмээн амаар болон бичгээр хүсэлт гаргаж зохих баримтуудыг авч ирсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ гэж заасан.

Нотариатын тухай хуульд заасны дагуу татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. 2020 оны 11 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан бөгөөд үйлчлүүлэгч ,,,,,,,, уг маргаан болж буй газарт 17 жил оршин сууж байгаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэж байсан.

Нотариатын тухай шинэчлэн баталсан хуульд үйлчлүүлэгчид дараах үүргийг хуулиар тусгайлан тогтоож хүлээлгэсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, 28.2.1-д нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх, 28.2.2-т нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх, түүнчлэн мөн хуульд, үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг нотариатч хариуцахгүй байхаар тодорхой зохицуулсан. Уг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хувьд нотариатчийн зүгээс илт хайхрамжгүй, санаатай хууль зөрчсөн үйлдэл гаргасан, эсхүл хууль тогтоомжийг буруу тайлбарлаж зөвлөгөө өгсөн асуудал, аль эсхүл хуулиар хүлээлгэсэн үүргийг нотариатч шударгаар зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлгүй.

,,,,,,,,д өвийг хүлээж авах эрх нь нээлттэй байсан боловч хуульд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 582.2 дахь хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өөрсдөө ашиглах ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн газраас маргаан бүхий газрыг авсан гэх, ,,,,,,,,,,-ийн зүгээс бид зохих журмын дагуу газрыг худалдаж авсан гэх зөрүүтэй нөхцөл байдал үүсээд байдаг. Анх нэхэмжлэгч талаас нотариатчийг буруутай үйлдэл гаргасан гэж маргадаг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим баримтууд ил болоод манай тал бие даасан шаардлага гаргасан.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2., 531.3., 528 дугаар зүйлийн 528.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 28 дугаар зүйлийн 28.3 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, хариуцагч ,,,,,,,,д олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгохыг хүссэн ,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00012 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2008 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хураагдаж албадан дуудлага худалдаанд орсон маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар авсан. Иймээс ,,,,,,,,,, нь шударга эзэмшигч, өмчлөгч юм. Улсын бүртгэлд тухайн эд хөрөнгөтэй холбоотой аливаа нэг маргаан байгаагүй. Хуулийн байгууллагаас шалгагдан нотлогдож төрийн эрх бүхий байгууллагаас эрхийг авсан учраас шударга ёсны эзэмшигч, өмчлөгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа нотариат хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу 14 жилийн дараа өв нээгдэх, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандаж байгаа үед газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг нягталж шалгасангүй. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг төрийн байгууллага буюу эрх бүхий байгууллагаас гэрээ байгуулж хугацаатайгаар, мөн газар эзэмшсэн төлбөрийг төлүүлэх үүрэгтэйгээр газрыг эзэмшүүлдэг. Уг хугацаанд өвлөгч нь өвлүүлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн газар эзэмших эрхийг эзэмдэж авсан бол хуулийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллагад хандаж, гэрээг сунгаж, газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлөх хуулийн зохицуулалттай. Гэтэл төөрөгдүүлж хожим нь нөхөж газрын төлбөрийг төлж нотариатчийг төөрөгдүүлж худал мэдээлэл өгч өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан талаар нотариатч хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шударга эзэмшигч, өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн асуудлын талаар шүүх дүгнээгүй. Маргаан бүхий асуудлаар гэрч Ж,,,,,,,,,ыг оролцуулахаар шүүгчийн захирамж гарсан. Энэ нь талуудын хүсэл зориг, эрмэлзлийг шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдлыг тогтоох, хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Маргаж буй газрын нэгж талбарын дугаарууд зөрүүтэй, хэмжээ нь маргаантай байхад анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Мөн нотариатч нэг өдөр, нэг цагт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо газрын хэмжээ, үнийн дүн зөрүүтэй гэрчилгээ олгосноо техникийн шинжтэй алдаа гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл газрын хэмжээ болон үнийн дүн зөрүүтэй техникийн шинжтэй алдаа гэж гаргахгүй. Энэ нь нотариатч тухайн этгээдийн хуулиар хүлээсэн хувийн байдлыг тогтоох болон бусад шаардлагатай лавлагаа мэдээллийг эрх бүхий байгууллагаас аваагүй нь нотлогддог. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,, нотариатч ,,,,,,,, нарт холбогдуулан

1.1. Сонгинохайрхан дүүргийн нотариатч ,,,,,,,,ын иргэн ,,,,,,,,д

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах,

 

1.2. 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар өвлүүлэгч ,,,,,,,,,,д 2 жилийн хугацаатай нөхөн олгогдсон газар эзэмших эрхийн өвийг ,,,,,,,, хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

А.Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

А.1. Хариуцагч ,,,,,,,,ын ээж ,,,,,,,,,, 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан тухай нас барсаны бүртгэлийн лавлагаа авагдсан. /хх18/

 

А.2. Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч ,,,,,,,, нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ,,,,,,,,ын хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд 700 м.кв амины хашааг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл хийгджээ. /хх17/

 

А.3. ,,,,,,,,, эзэмшиж байсан нэгж талбарын 18635310337906 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байрлах амины хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар авагджээ. /хх20/

 

А.4. Хэрэгт нэхэмжлэгч тал 2012 онд Ж,,,,,,,,,, М.,,,,,,,,,,, ,,,,,,,, гэх иргэдийн газрыг дуудлага худалдаагаар авсан тухай Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт авагдсан. /хх86/

 

А.5. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн албан тоотод Газрын мэдээллийн нэгдсэн санд 18635310340905 нэгж талбарын дугаар бүхий газар нь иргэн Дэнзэн овогтой ,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй байгаа талаар дурджээ. /хх74/

 

А.6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь энэ маргаан бүхий газарт агуулах барьж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тайлбарласныг хариуцагч ,,,,,,,, үгүйсгээгүй байна.

 

А.7. ,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэрэг Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа бөгөөд эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр ,,,,,,,,,, оролцож байгаа тухай шүүгчийн захирамж, талуудын тайлбар зэрэг баримт авагджээ. /хх42-43/

 

В. Зохигчид дараах асуудлаар маргаж байна. Үүнд:

В.1. ,,,,,,,,,, нь Сонгинохайрхан 4 дүгээр хороо Мах-Импексийн зүүн талд байрлах, 4 айлын сууц, 5 хаалгатай склад бүхий 2,100 м.кв газар, аж ахуйн хашааг 2008 онд албадан дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компани өмчлөгч болсон, нотариатч магадлаж шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй, хугацаа нь дууссан гэрчилгээ бүхий газарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарласныг хариуцагч ,,,,,,,, хуульд заасан шалгах үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

 

Мөн хариуцагч ,,,,,,,, нь ээж ,,,,,,,,, эзэмшлийн газрыг эзэмдэн авч эрхлэн удирдсан эсэх, өвлөх эрхээ алдсан эсэх асуудлаар маргаж байна.

 

Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй.

 

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх талаар заасан. Талууд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл зөв явагдсан эсэх, хэрэв буруу явагдсан бол хэн буруутай талаар маргасан.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох заалтад өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох журамд зааснаар шаардлагатай лавлагааг авахаар байна.

 

Нотариатч ,,,,,,,,ын уг газар Газрын мэдээллийн нэгдсэн санд ,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй байсан талаар тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй, энэ тухай холбогдох албаны лавлагаа авагдсан байгаа нөхцөлд одоо уг газар хэний өмчлөлд байгааг албан ёсоор тогтоох шаардлагатай, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгч тал Ж,,,,,,,,,, М.,,,,,,,,,,, ,,,,,,,, гэх иргэдийн газрыг дуудлага худалдаагаар авсан тухай Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба тодорхойлсон боловч ,,,,,,,,, газар дээрх нэг бүхий иргэдэд шилжсэн байсан талаар баримтгүй. Өөрөөр хэлбэл, уг газар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Газрын мэдээллийн нэгдсэн санд ,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй атлаа хэрхэн ,,,,,,,,, эзэмшлээс гарсан үйл баримт тодорхойгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодруулах, тогтоох ёстой атал ...нас барагчийн газар эзэмших эрх ямар үндэслэлээр Ж,,,,,,,,, нарт шилжсэн эсэх нь тодорхой бус ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Талууд маргаан бүхий газрын өмчлөл, эзэмшлийн асуудлаар маргаантай, Захиргааны хэргийн шүүх дэх маргаан шийдвэрлэгдээгүй байхад энэ хэргийн үйл баримтын талаар дүгнэх боломжгүй байна.

 

Мөн газрын албаны эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, нэхэмжлэгчийн худалдан авсан гэх газар нь хариуцагчийн эзэмших эрхтэй гэх газартай давхцаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага, газрын албаар тогтоолгосон баримт хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр үйлчлүүлэгч ,,,,,,,,ын буруутай үйл ажиллагааны улмаас нотариатын үйлдэл хүчингүй болох талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг тодруулах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД