| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0107/Э |
| Дугаар | 0100 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Ж.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С-т холбогдох эрүүгийн 1925001390110 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 02-р сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг шинэ тосгон 3-05 тоотод М.Б-н хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнгөн, Гантулга, Баянбаатар нар манай гэрт 2 ширхэг архи бариад орж ирсэн. Тэгээд бид архи ууцгаасан. Би тэдэнд хүүхдийн тэтгэвэр төлдөг гэж хэлсэн. Гэтэл Баянбаатар чиний хүүхдийн тэтгэвэр төлдөг чинь ямар хамаатай юм бэ гэхээр нь уурлаад Баянбаатарыг айлгах гээд гал тогооноос хутга авчраад шилэн хүзүү хавьд нь хатгасан. Хохирогчид 130.000 төгрөг төлсөн. Би тэр үед архи уугаад нилээн муудсан байсан. Миний буруу. Хэргийн хувьд маргахгүй. Би дахин архи уухгүй. Ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 02 сарын 23-ны өдөр манай гэрт миний танил Мөнгөн ирж бид хоёр 1 шил 0,5 граммын Ерөөл архи хувааж уусан. Тэгээд манай гэрээс орой 20 цагийн үед Мөнгөн бид хоёр гарч дэлгүүр ороод 2 шил 0,75 граммын Монгол Стандарт архи 1 ширхэг Сэлэнгэ ундаа аваад гараад иртэл дэлгүүрийн гадаа Гантулга тааралдаад бид нар хамт С-н гэрт очтол Сүхбаатар бас нилээн халамцуу гэртээ ганцаараа унтах гээд байж байсан. Тэгээд дэлгүүрээс авсан архинуудаа хувааж ууж байхад Сүхбаатар яриан дундаа хүүхдийн мөнгө төгрөг төлдөг гэж дахин дахин яриад байхаар нь би урдаас нь чи тэр мөнгийг өгөх ёстой юм байгаа биз дээ юундаа яриад байгаа юм бэ гээд хэлчихсэн юм. Тэгтэл Сүхбаатар сууж байгаад босоод зогсож байгаа нь харагдсан ба удалгүй гал тогооны өрөө лүүгээ явах шиг болоод эргэж ирээд миний урд зогсоод гар нь миний хүзүү рүү хүрэх шиг болтол би тухайн үед намайг цохичихлоо гэж бодтол миний хүзүүнээс цус гараад эхэлсэн. Тэр үед Мөнгөн Сүхбаатарын гарт байсан хутгыг аваад үүд рүү шидчихээд нойлын цаасаар миний цусыг дарж өгсөн боловч нэвтэрээд цус нь тогтож өгөхгүй байсан болохоор намайг гэрээс нь авч гараад гэрт хүргэж өгсөн. Тухайн үед би Сүхбаатартай тийм айхтар муудалцаж маргалдсан зүйл байгаагүй. Сүхбаатар өөрөө хүүхдийн мөнгөний талаар дахин дахин яриад байхаар нь би чи тэр мөнгийг өгөх ёстой юм байгаа биз дээ юундаа яриад байгаа юм бэ гээд хэлчихсэн тэрнээс болж согтуудаа уур нь хүрч хутга авчирч ирээд хүзүү зүсэж гэмтээсэн. Бид хоёрын хооронд урд өмнө ямар нэгэн хэрүүл маргаан болон өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ж.Сүхбаатар миний зүүн талын хүзүүн тус газар хутгаар 1 удаа зүсэж гэмтэл учруулсан. Өөр цохиж зодоогүй. Миний биеийн байдал одоо зүгээр байна. Нэгдсэн эмнэлэг дээр очиж 2 оёдол тавиулсан. 3 хоног боолт хийлгүүлсэн байгаа. Эмийн сангаас өвчин намдаах эм тариа авч хэрэглэсэн байгаа. Ж.Сүхбаатар миний эмчилгээний зардалд 130.000 төгрөг төлж барагдуулсан. ...цаашид санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг / хх 16-18 ху /
-Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Сүхбаатар гэх залуугийн гэрт нь очиход Сүхбаатар гэртээ нэг залуугийн хамт халамцуу юм яриад сууж байсан. Бид хоёр гаднаас орж ирээд авсан хоёр шил архи хувааж уусан энэ хугацаанд гэр бүлийн салалт болон хүүхдийн мөнгө өгч байгаа гэх яриаг Сүхбаатар гаргаад ярьтал Баянбаатар нэг хүүхдийн талаар яриад маргаад байсан тэр үед Сүхбаатар гал тогооныхоо өрөө рүүгээ ороод гарч ирээд Баянбаатарын хүзүүний хэсэгт хар иштэй жижиг хутгаар хатгасан тэр үед би тэр хоёрыг салгаад хутгыг нь шүүрч аваад Баянбаатарыг аваад Сүхбаатарын гэрээс гараад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,
-Шүүгдэгч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 02 сарын 23-ны өглөө 11 цагийн үед миний танил Ганаа бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид хоёр дэлгүүрээс 1 шил 0,75 граммын архи аваад гэрт хувааж уусан. ...Ганаа гэр лүүгээ харина гээд явсан. ...орой хоол ундаа хийж идчихээд унтахаар хэвтэж байтал гаднаас...Баянбаатар, Гөнөө, Ганаа энэ гурав, 2 шил архи авч орж ирсэн. Бид нар авчирсан 2 шил архийг хувааж ууж байхад Ганаа тасраад уначихсан байсан. Би тухайн үед тэд нарт сар бүр хүүхдийн 80.000 төгрөг төлдөг гэж жаргал зовлонгоо ярьж байгаад муудалцсан. Баянбаатар бид хоёр муудалцаад би босож яваад гал тогооныхоо өрөөнөөс жижиг хар иштэй хутга аваад Баянбаатарыг айлгах зорилгоор очиж, хүзүүн тус газар нь нэг удаа хатгах шиг болтол хажуу талаас Мөнгөн гэдэг залуу миний хутгыг аваад Баянбаатарыг гэрээс аваад гарсан. ...Тухайн үед би нэлээн согтолттой, бие, биенийхээ үгийг даахгүй буруу зөрүү ойлгосноос болж Баянбаатарын хүзүүн тус газар нь 1 удаа хутгаар хатгачихсан..эмчилгээний зардалд 130.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх 92-93 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 179 дугаартай дүгнэлтэнд:
1. М.Баянбаатарын биед хүзүүнд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаа үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 20 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 38 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын баруун талын голын хадаас орчмоос, ажлын хэсгийн баруун талаас тус бүр 1 ширхэг гарын мөр илэрнэ.
2. Шинжилгээнд явцад илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 24 ху/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8, 25-26 ху/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 ху/
-Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 91-93 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/
-Хохирлын баримт /хх 59-61 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 02-р сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг шинэ тосгон 3-05 тоотод М.Б-н хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Баянбаатар чиний хүүхдийн тэтгэвэр төлдөг чинь ямар хамаатай юм бэ гэхээр нь уурлаад Баянбаатарыг айлгах гээд гал тогооноос хутга авчраад шилэн хүзүү хавьд нь хатгасан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Б-н “...Сүхбаатар сууж байгаад босоод зогсож байгаа нь харагдсан ба удалгүй гал тогооны өрөө лүүгээ явах шиг болоод эргэж ирээд миний урд зогсоод гар нь миний хүзүү рүү хүрэх шиг болтол би тухайн үед намайг цохичихлоо гэж бодтол миний хүзүүнээс цус гараад эхэлсэн” гэсэн мэдүүлгүүд /хх 16-18 ху/, гэрч Н.Мөнгөний /хх 9-10 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хүзүүнд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 179 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч 130.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.С нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуу мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА