| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0116/Э |
| Дугаар | 0117 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 0117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Л.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1925000560087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Батдэлгэр нь 2019 оны 01 сарын 18-ны орой 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС-ын байрны гадаа Б.Буяндэмбэрэлийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Одоогоор ажилгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хохирлыг төлнө. Гэхдээ шүдээ хийлгээд нотлох баримтаа гаргаж өгвөл хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй. Надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Буяндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 01 сарын 18-ны орой 20 цагийн үед би Орхон аймгийн Уурхайчин багийн Чандмань төвийн бааранд нэг шил пиво аваад уугаад сууж байтал гаднаас миний зүс таних Тэгшээ гэдэг эмэгтэй орж ирсэн. Тэгшээ бид хоёр бааранд хамт дуулсан. Тэгж байгаад нэг ширээнд хамт сууж нэг, нэг шил пиво уусан. Тэгээд байж байтал Тэгшээ хоёулаа манай гэрт очъё гэсэн. Чи гаднаас нэг шил архи, нэг ундаа авчих гэсэн. Тэгэхлээр нь би гадна байх дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Ерөөл архи, 1 том савтай Кола ундаа авсан. Тэгээд бид хоёр Баянцагаан багт байх Тэгшээгийн гэрт очсон. Тэгшээгийн гэрт ээж нь байсан. Би авчирсан архиа гаргаад Тэгшээ болон ээж гэх эмэгтэйд нь нэг хундага өгөөд юм яриад сууж байтал гаднаас Тэгшээгийн нөхөр гэх нэг залуу ороод ирсэн. Тэгээд бид нар хамтдаа юм яриад зүгээр сууж байтал Тэгшээгийн нөхөр Батдэлгэр гэх залуу чи манай гэрээс одоо яв гээд намайг хөөсөн. Тэгэхлээр нь тэгвэл би авсан архиа аваад явна гэж хэлтэл тэр архинаас болж Тэгшээгийн нөхөр бид хоёр маргалдсан. Тэгшээгийн нөхөр Батдэлгэр намайг гэрээсээ гаргаж байгаад миний амруу гараараа 2-3 удаа цохиж зодсон юм. Батдэлгэрт цохиулснаас болж миний дээд талын үүдэн 2 шүд газар дээрээ хугарч унасан байсан. Тэгэхлээр нь миний уур хүрээд Батдэлгэрийг толгой орчимд нь 2 удаа гараараа цохьсон. Өөр зүйл болоогүй. Батдэлгэр бид хоёрыг зодолдож байх үед тэр хавиас 2 залуу гарч ирээд бид хоёрыг салгасан юм...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Хугарсан 2 шүдээ эмчлүүлэх зардал мөнгө болох 1.000.000 төгрөгийг гаргаад өгвөл өөр санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 08-09 ху /,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 18-ны орой гадаа харанхуй болсон байхад би гэртээ зурагт үзээд байж байтал манай байрны үүдэнд хүмүүс хашгираад байсан. Тэгэхлээр нь би гэрийнхээ үүдэнд гартал манай байрны гадаа манай байрны Батдэлгэр нэг танихгүй залуутай зодолдож байсан. Намайг харахад Батдэлгэрийн дээр нь нэг танихгүй залуу гарчихсан миний авсан архийг өг гээд хашгираад байсан. Батдэлгэртэй маргалдаж байсан залуу миний шүд хугарчихлаа гээд хашгираад байсан. Би Батдэлгэр болон тэр танихгүй залууг салгаж хоёр тийш нь холдуулсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд тэнд байсан зодоон хийсэн хүмүүсийг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,
-Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр танихгүй залуу нь Батдэлгэрийн дээр гарчихсан миний авсан архийг өг гээд хашгираад байсан. Намайг байрны гадаа гарахад манай байрны Мөнх-Эрдэнэ гэдэг залуу бас гэрээсээ гарсан байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид 2 Батдэлгэрийг тэр танихгүй залуугаас салгаад гэртээ орцгоосон юм гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Яллагдагч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 18-ны орой 23 цагийн үед би городоос Тосгонд байх гэртээ ирсэн. Гэтэл манай хамтран амьдрагч Тэгшзаяа нэг танихгүй залуутай манай гэрт архи уугаад сууж байсан. Би өөрөө тухайн үед бага зэрэг согтуу байсан. Тэгээд хамтран амьдрагч Тэгшзаяа болон нөгөө танихгүй залуутай хамт ууж байсан архийг хувааж уусан. Тэгж байгаад би согтоод нөгөө залууг яагаад манай эхнэртэй хамт байж байгаа юм бэ гээд гэрээсээ хөөсөн. Нөгөө манай гэрээс гарахдаа авчирсан архиа аваад явна гэхээр нь миний уур хүрээд тэр залууг гэрээсээ гаргаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохьсон. Тэр залуу надад цохиулаад миний шүдийг хугалчихлаа гэж хэлээд миний толгойн ар хэсэгт гарараа 2 удаа цохьсон. Энэ үед манай байрны Мөнх-Эрдэнэ, Буянтөгс гэдэг 2 залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Хохирогч Б.Буяндэмбэрэлийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1.000.000 / нэг сая/ төгрөгийг удахгүй төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хх 41 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн /хх 11 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 111 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Буяндэмбэрэлийн биед хоёр шүд унасан, дээд уруул, баруун гарын алганд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хоёр шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 10 хувь байна гэсэн /хх 15 ху/,
-Л.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-2, 40-42 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 01 сарын 18-ны орой 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС-ын байрны гадаа Б.Буяндэмбэрэлийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Буяндэмбэрлийн “...бид нар хамтдаа юм яриад зүгээр сууж байтал Тэгшээгийн нөхөр Батдэлгэр гэх залуу чи манай гэрээс одоо яв гээд намайг хөөсөн. Тэгэхлээр нь тэгвэл би авсан архиа аваад явна гэж хэлтэл тэр архинаас болж Тэгшээгийн нөхөр бид хоёр маргалдсан. Тэгшээгийн нөхөр Батдэлгэр намайг гэрээсээ гаргаж байгаад миний ам руу гараараа 2-3 удаа цохиж зодсон юм. Батдэлгэрт цохиулснаас болж миний дээд талын үүдэн 2 шүд газар дээрээ хугарч унасан байсан” гэсэн /хх 8-9 ху/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх 22 ху/, гэрч Г.Буянтөгс /хх 23 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед хоёр шүд унасан, дээд уруул, баруун гарын алганд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 111 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч нь шүд хийлгэх, эмчлүүлэх зардалд 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлж, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА