| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0109/Э |
| Дугаар | 0104 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 0104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1925001940120 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь 2019 оны 03 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвээл" зочид буудлын өрөөнд Д.Отгон-Эрдэнийн нүүрэн тус газар архины хундагаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв мэдүүлсэн. Хохиролд нийт 2.200.000 төгрөг төлсөн. Үлдэх 800.000 төгрөгийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Эрдэнэт үйлдвэр ХХК-н РСЦ-д ажилладаг юм. Ингээд 2019 оны 03 сарын 07-ны өдөр манай ажлын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ баярлуулах гээд Уурхайчин багт байрлах Эвээл зочид буудалд орсон юм. Ингээд бид ороод архи уугаад сууж байхад гаднаас манай ажлын Содбаяр гэж залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд архи хундгалаад сууж байсан бөгөөд би өөрөө нилээд согтсон байсан юм. Тэгсэн Содбаяр намайг та намайг цохих юм уу яах юм гээд нэг юм яриад байсан. Тэгэхээр нь би Содбаярыг хальт цохиж авах шиг болсон бөгөөд Содбаяр миний баруун шанаа хэсэгт нэг юмаар цохих шиг болсон. Тэгсэн миний баруун шанаа хэсгээс цус гараад хүмүүс хөөе юу болж байна гээд дундуур орсон. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд миний хацарт оёо тавьж байсан. Содбаяр эмчилгээнд гарсан 1.500.000 төгрөгийг гаргаж өгсөн. Одоо тогтсон сорив арилгахад 1.500.000 төгрөгийг Содбаяр ойрын хугацаанд өгнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 05-06 ху/,
-Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 03 сарын 07-ны өдөр манай ажлын газрын хүмүүс Март болж байна гээд эмэгтэйчүүдээ баярлуулсан юм. Тэгээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эвээл гэж зочид буудалд манай ажлын хүмүүс ороод архи уусан бөгөөд ороод байж байхад гаднаас манай ажлын Содбаяр орж ирсэн. Ингээд Содбаяр архи хундгалаж байсан бөгөөд бид нар хоорондоо юм яриад сууж байсан. Содбаярын хажууд манай ажлын Отгон-Эрдэнэ сууж байсан бөгөөд би тоглоом болгоод Отгон-Эрдэнийг наадахаа нэг цохиод аваач гэж хэлсэн. Тэгээд нэг их бодолгүй байж байсан чинь Содбаяр Отгон-Эрдэнийг нэг юмаар цохиод авах шиг болсон чинь Отгон-Эрдэний нүүрнээс цус гарч байсан. Би өөрөө тухайн үед нилээд согтоод байсан болохоор буудлаас гарч яваад шууд гэртээ харьсан. Цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Маргааш нь ажил дээр ирсэн чинь Содбаяр Отгон-Эрдэнийг зодсон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 09 ху/,
-Шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 сарын 07-ны өдөр манай ажлынхан залгаад Эвээл буудалд цугларсан байна хүрээд ир гэж хэлсэн. Ингээд гэрээс гараад Эвээл буудалд очсон чинь манай ажлын хүмүүс архи уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд манай ажлын ах нар намайг сүүлд ажилд орсон юм чинь архи хундгал гэж хэлсэн. Ингээд би суугаад архи хундгалаад сууж байсан. Тэгсэн манай ажлын Сүхбаатар гэж ах нилээн согтсон байсан бөгөөд миний зүүн талд сууж байсан Отгон-Эрдэнэ ахыг наадахаа нэг цохиод аваач гэж тоглоом болгож хэлсэн. Тэгэхээр нь би бас Отгон-Эрдэнэ ахыг таныг намайг цохь гэж байна ш дээ та намайг цохих юм уу гэсэн чинь тоглож байна гэж ойлгоогүй юм уу миний зүүн хацар луу 2 удаа алгадаад, дахиад цохих гэхээр нь би архи хундгалж байсан аягаараа Отгон-Эрдэнэ ахын баруун хацар хэсэгт нь нэг удаа цохисон чинь аяга хагарсан. ...Отгон-Эрдэнэ ахын эмчилгээнд гарсан зардалд 1.500.000 төгрөг өгсөн байгаа, надаас нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо цалин буухаар үлдсэн 1.500.000 төгрөгийг барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 216 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Отгон-Эрдэнийн биед нүүрэнд 2 тооны зүсэгдсэн шарх, олон тооны шалбархай, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд нэгэн зэрэг үүсгэгдсэн гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 16 ху/,
-Б.С-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-25 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 03 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвээл" зочид буудлын өрөөнд Д.Отгон-Эрдэнийн нүүрэн тус газар архины хундагаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Отгон-Эрдэнийн “...би Содбаярыг хальт цохиж авах шиг болсон бөгөөд Содбаяр миний баруун шанаа хэсэгт нэг юмаар цохих шиг болсон. Тэгсэн миний баруун шанаа хэсгээс цус гараад хүмүүс хөөе юу болж байна гээд дундуур орсон” гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч А.Сүхбаатарын /хх 09 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед нүүрэнд 2 тооны зүсэгдсэн шарх, олон тооны шалбархай, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 216 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь 3.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд үлдэх 1.500.000 төгрөгийг шүүгдэгч төлөх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 /нэг зуун хорин тав мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.С-с 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-07а-20 тоотод оршин суух /РД:ФБ74110437/ Д.Отгон-Эрдэнэд олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА