Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 392

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, барилгын район гудамж, 1 тоотод оршин суух, эмэгтэй, ВЭ62080507 регистрийн дугаартай, Хошууд овогт Дамбын Буяндэлгэрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Буяндэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 онд төрсөн. НАҮ-ний Тулга компанид шавар будагчнаар 1980- 1994 он хүртэл 14 жил 5 сар ажилласан. Иймд миний 1980- 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Буяндэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1980-1990 онуудад Баянхонгор аймгийн Барилга цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчнаар ажиллаж байсан.Манай байгууллага 1990-1991 онуудад контор, 1991-1994 онуудад Тулга кампани болж тус тус өөрчлөн байгуулагдахад шавар будагчнаар ажиллаж байсан тул эдгээр он жилүүдэд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар Д.Буяндэлгэрийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 662, 223 тоот албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/384 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гэрч Я.Нарантуяагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.Буяндэлгэр нь 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчнаар ажиллаж байсан болох нь түүнийг Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдөр барилга засварын ангид шавар будагчны ажилд томилсон Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 тоот тушаалыг Баянхонгор аймгийн архивын тасгийн Төрийн архиваас лавлагаа гаргасан тус архивын тасгийн 662 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн архивын тасагт хадгалагдаж буй 1980-1987 онуудын баримтаас 1980-1987 онуудад гарсан тушаалуудыг түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 223 тоот албан бичиг, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг зэргээр

1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Баянхонгор аймгийн Барилгын цахилгаан сантехникийн засварын контор болон Тулга компанид шавар будагчнаар ажиллаж байсан болох нь 1991-1994 оны ажлын тухай мэдээг бичиж тухайн байгууллагын тэмдэг дарсан 1988 оны хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг, Барилгын цахилгаан сантехникийн засварын контор нь 1991-1992 онд,Тулга компани нь 1993-1994 онд тус тус нийгмийн даатгалын байгууллагад 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж харьцаж байсан болохыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Ниймийн даатгалын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 10 ны өдрийн 01/384 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэндоржийн Бадамын 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Баянхонгор аймгийн Барилгын цахилгаан сантехникийн засварын контор болон Тулга компанид тус тус шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ