Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0114

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох эрүүгийн 1925000950084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-08 тоотод Б.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргахгүй. Хохиролд 400.000 төгрөг өгсөн байгаа. Би буруу зүйл хийснээ ойлгож байна. Цаашид ийм зүйл хийхгүй. Ажил хийж амьдарна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 02  сарын 02-ны өдөр 12 цагийн үед найз Анхбаяртай уулзаад архины мөнгө олох зорилгоор Анбаярын гэрт байсан хөргөгч, цахилгаан зуухыг аваад 5-р микрийн 1-р байрны ломбарданд нийт 100.000 төгрөгийн барьцаанд тавиад ломбардны эзэн эмэгтэйгээс 20.000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн мөнгийг дараа ирж авахаар болсон. Ломбарднаас авсан 20.000 төгрөгөөр 1 литрийн Нутаг нэгтэй архи 2 шилийг аваад Анхбаярын гэрт очоод байж байтал Анхбаярын таньдаг Туул, Буянаа гэх хоёр эмэгтэй, бас Шинээ гэх залуутай архийг хувааж уусан. Анхбаяр цуг архи ууж байсан Буянаа гэх хүүхэнтэй намайг хардаж хэрүүл өдөж байгаад өмсөж байсан түрийтэй гуталнаасаа хутга гаргаж ирээд миний араас нурууны дээд хүзүү хэсэг рүү дарж байгаад дүрэх шиг болсон. Анхбаяр чи яасан бааштай амьтан бэ гээд дахиад хутгаар баруун гарын ард хатгасан.Тухайн үед маш их цус гарсан. ...Би эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

 

-Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Анхбаярын гэрт яваад ортол Анхбаяр, Балган, хоёр хүүхэн байж байсан. Бид нар хамт 1 литрийн архи уусан. Намайг ороход тэд нар архиа задлаад нэлээн тал дундуур болтол уусан байсан. Өмнө нь нэг шил архи уусан байсан. Би бие засах гээд гараад ороод иртэл Анхбаяр, Балган хоёр маргалдсан байдалтай сууж байсан. Анхбаяр нэг мэдсэн Балганы хүзүү хэсэг рүү нэг юмаар хатгасан бололтой нэлээн хэмжээний цус алдсан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

 

-Яллагдагч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Балгантай хамт 1 литрийн 2 ширхэг архи аваад Туул, буянаа, Шинээ нарыйн хамт манай гэрт уусан. Улмаар Балгантай маргалдаад гэрт байсан гал тогоонгы хутга аваад Балганы нуруун тус газарт хатгасан. Маш их цус гарсан. Би буруу зүйл хийсэн гэсэн мэдүүлэг /хх 89 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Балганы биед хүзүү, баруун мөрний ар талд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байна.

З. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 25 ху/

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 9 дугаартай дүгнэлтэнд:

1. Магадлуулагч Г.Анхбаяр нь одоо болон урьд өмнө нь сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй зан төрхийн өөрчлөлт өвчтэй байсан.

2. Магадлуулагч Г.Анхбаяр нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй 2013 оноос хойш өрх болон сэтгэцийн эмчийн хяналтанд ХЧТА 60%-тай байгаа.

3. Магадлуулагч Г.Анхбаяр нь дээрх сэтгэцийн төрөлхийн өвчтэй. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

4. Магадлуулагч Г.Анхбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочирон давчдсан шинж үгүй. Тухайн үеийн согтолтын зэргийг одоо тодорхойлох боломжгүй.

5. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай /хх 29 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун талаас 1 ширхэг гарын мөр илэрнэ. “Нутаг 1 л” гэсэн шошготой шилнээс хэргийн газрын үзлэгийн явцад гарын мөр илрүүлж, бэхжүүлсэн байна.

2. Шинжилгээний явцад хутганаас илрүүлж, бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр гарын хээний салбар станцын сан болон гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг гарын мөрийн 1, 2 дугаартай мөрүүд Баяраагийн Балганы баруун гарын эрхий хурууны, 8 дугаартай гарын мөр баруун гарын дунд хурууны хээний дардастай, 3 дугаартай гарын мөр Гантөмөрийн Анхбаярын баруун гарын ядам, 4, 5 дугаартай гарын мөрүүд зүүн гарын эрхий, 6, 11 дугаартай гарын мөрүүд зүүн гарын дунд, 7 дугаартай гарын мөр зүүн гарын ядам, 10 дугаартай гарын мөр зүүн гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна гэсэн дүгнэлт /хх 33-34 ху/,

 

            -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8, 11, 13, 14, 35-41 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10 ху/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 12-14 ху/,

-Хохирлын баримт /хх 17 ху/

-Г.Анхбаярыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 87-89 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/

              -2015 оны Сум дундын 4 дүгээр шүүхийн цагаатгах тогтоолын хуулбар /хх 49-54 ху/

              -Хохирол төлсөн баримт /хх 96 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-08 тоотод Б.Балганыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Балганы“...Анхбаяр цуг архи ууж байсан Буянаа гэх хүүхэнтэй намайг хардаж хэрүүл өдөж байгаад өмсөж байсан түрийтэй гуталнаасаа хутга гаргаж ирээд миний араас нурууны дээд хүзүү хэсэгрүү дарж байгаад дүрэх шиг болсон. Анхбаяр чи яасан бааштай амьтан бэ гээд дахиад хутгаар баруун гарын ард хатгасан” гэсэн мэдүүлгүүд  /хх 16-17 ху/, мөн гэрч Б.Шинэбаярын /хх 22 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед хүзүү, баруун мөрний ар талд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 139 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 9 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 30 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 290.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг Нутаг нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А нь торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд сард 50.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг Нутаг нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА