Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2022/0263/З |
Дугаар | 001/ХТ2023/0045 |
Огноо | 2023-06-15 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2023/0045
“Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Геологи, уул уурхайн Кадастрын
хэлтсийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0096 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0229 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З-г оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-019..., XV-018... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. “Э Э Э” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9... дугаар шийдвэрээр З аймгийн Д, У сумын “Д” нэртэй газарт орших 4884.68 гектар талбайд ашигт малтмал хайх XV-018... дугаар тусгай зөвшөөрлийг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1... дугаар шийдвэрээр Д аймгийн Б сумын “Ш т” нэртэй газарт орших 1932.10 гектар талбайд ашигт малтмал хайх XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаагаар олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 8... дүгээр шийдвэрээр XV-018... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8... дүгээр шийдвэрээр XV-019... дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгажээ.
2.2. “Э Э Э” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар албан бичгээр, мөн нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан албан бичигт тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгээр тус тус татгалзсан хариу өгсөн байна.
3. Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгуулахаар шаардсан. Үүнд:
3.1. “... Газрын даргын эрх хэмжээг хэлтсийн дарга өмнөөс нь хэрэгжүүлэн хариу өгсөн. XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаандаа гаргасан, харин XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хувьд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ковид-19 шинжилгээний хариу нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эерэг батлагдан, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал тусгаарлалтад орсон учир өргөдөл, баримтыг дамжуулан авах боломжгүй болсон, энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамт хүсэлтэд хавсарган өгснийг харгалзан үзэлгүйгээр эрх бүхий албан тушаалтан манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Иймд маргаан бүхий албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-019... , XV-018... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. ... “Э Э Э” ХХК нь XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс, XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон. Анх тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэр бичгээр гардаггүй. “Э Э Э” ХХК-аас ирүүлсэн өргөдөлд хариу өгсөн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хэлбэр, агуулгын хувьд хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0096 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-019..., XV-018... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, XV-019..., XV-018... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч нь XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан байх тул “Э Э Э” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.
5.2. Ашигт малтмалын хайгуулын XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг 7 хоногоор хэтрүүлэн 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан боловч тус тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн “Э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч нь Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдан, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гэрийн эмчилгээ, хяналтад эмчлэгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэхээр байна.
5.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт юм.
5.4. Нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан, харин Ашигт малтмалын хайгуулын XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь хуульд заасан 1 сарын өмнө өргөдөл гаргах хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаж өргөдөл шийдвэрлэх боломжит хугацааны өмнө өргөдөл гаргасныг буруутгах боломжгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0229 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1. “... Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байтал давж заалдах шатны шүүхээс хугацаандаа өргөдөл гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал “Э Э Э” ХХК-аас ирүүлсэн 39 дүгээр албан бичиг нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолж, төрийн захиргааны байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг бичиг хэрэгт хүлээн авсан нь бүртгэл хяналтын картаар нотлогддог.
7.2. Ашигт малтмалын хайгуулын XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан нэг сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө гаргах ёстой байтал давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд сунгуулах өргөдөл гаргасан байхад татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...
7.3. “Э Э Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
7.4. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан даруйдаа хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, үүрэг хүлээж байгаагаа ойлгож мэдэгдэлд гарын үсэг зурдаг ... гэтэл тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
10. Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019..., XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын татгалзал хууль бус, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
11. Тодруулбал, XV-019... дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлөө гаргасан нь (хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон) Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ...” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
12. Харин XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буюу хуульд заасан өргөдөл гаргах хугацааг 7 хоногоор хэтрүүлэн гаргасан, гэвч уг тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байхад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзал буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
13. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдөл гаргах зохицуулалт нь захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө холбогдох өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт болохоос бус гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш юм.
14. Иймд нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаандаа хуульд заасан баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасан тохиолдолд захиргаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар өргөдлийг хүлээн авч, ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.
15. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх үед гаргасан өргөдлүүдийг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гаргаагүй” гэсэн үндэслэлээр “хүлээн авах боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан бүрдүүлбэр ханган ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзах биш, харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол хугацааг сунгах, зөрчилтэй бол татгалзах эрхтэй. Иймд “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.3-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
16. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч 22.2-т заасан захиргааны сонгох боломжийг анхааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгаж” шийдвэрлэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу байна.
17. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг нь захиргаанд үүрэг бүхий сонгох боломжийг олгосон зохицуулалт юм. Тухайлбал “... өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж ... хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэсэн нь захиргаанд үүрэг болгосон, харин “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, ...” гэдэг нь захиргааны эрх бөгөөд хэрэв уг шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 22.4-ийн дагуу хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
18. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн өргөдөлд хавсаргасан баримт хуулийн шаардлагыг хангасан эсэх талаар хэргийн оролцогчид огт мэтгэлцээгүй, шүүх энэ талаар дүгнээгүй, хариуцагч зөвхөн өргөдөл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр “хүлээн авах боломжгүй” гэж татгалзсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс холбогдох материал хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах, улмаар хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрх буюу сонгох боломжоо хэрэгжүүлээгүй байхад шүүхээс шууд “хугацаа сунгахыг даалгах” боломжгүй юм.
19. Иймээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, холбогдох өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.
20. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй ... гэтэл шүүхээс тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” (Тодорхойлох хэсгийн 7.4-т) гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0096 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0229 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-019..., XV-018... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр шийдвэрүүд хууль бус болохыг тогтоож, холбогдох өргөдлүүдийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ