Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 06

 

М.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Цэцгээд холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү 14.825.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Хариуцагч: Б.Цэцгээ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэцгээгийн хүсэлт гуйлтаар Хас банкнаас 25.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. ... Би Цэцгээгээс 15 сая төгрөгийг хүүгүйгээр буцаан авсан бөгөөд үлдэгдэл 10 сая төгрөгтөө хүү тооцохоор болж, 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийн гэрээг хийхдээ Цэцгээ намайг ажлын өрөөндөө дуудан тооцоо хийж, одоо төлбөр хийх боломжгүй байна оны сүүлээр мөнгө орж ирнэ, түүнийгээ баталгаажуулж гэрээ байгуулъя гээд 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээг өөрөө санаачлан боловсруулж, гарын үсгээ зурсан тул түүнийг нь зөвшөөрч гарын үсгээ зурсан... Гэрээ байгуулснаас хойш хариуцагч хүү төлөөгүй... нийт 14.850.000 төгрөгийг гаргуулна. ... Хариуцагчид 24.192.000 төгрөгийг бэлнээр өгөөд сарын дараа 15.000.000 төгрөг авахаар тохиролцсон. Тэр мөнгийг бэлнээр өгнө гэсэн боловч бэлнээр өгөөгүй. ... Миний тооцоогоор үндсэн мөнгө 15.000.000 төгрөг, хүүнд 2.406.200 төгрөг, нийт 17.406.200 төгрөгийг Б.Цэцгээгээс авсан. Одоо үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 4.850.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Цэцгээ шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 25.000.000 төгрөгийн банкны зээл авсан гэх боловч надад эхэлж 15 хувийн хүүг хасаад 21.250.000 төгрөгийг би гар дээрээ авсан. ...2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийн үлдэгдэл байна, нөхрийгөө гэрээ хийсэн гэж хуурмаар байна, та тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй гэж бичиж өгсөн боловч би албан ёсны гарын үсгээ зураагүй. Намайг хуурч бичиг хийлгэж авна гэж гарын үсэг зуруулж аваад өөрөө доор нь хүү 1 хувь гэж биччихсэн байсан. М.Энхбаяр надад зээлдүүлсэн 25.000.000 төгрөгийн авсан өгсөн тооцоог сар бүр, улирлын эцэст байнга бодож байсан... Бид хоёрын хийж байсан тооцоогоор нийт М.Энхбаярт өгсөн хүү 9 сард 13.550.000 төгрөг болж байгаа. Энд 8, 9 дүгээр сарын хүү 10 хувь бодогдоогүй. Миний нэхэмжлэгчид өгсөн бэлэн мөнгө болон барааны үнэ 18.250.000 төгрөг болж байгаа. Нийт 32.375.000 төгрөгийг өгч барагдуулсан. Тооцоо хийх бүрт үүнийг хас гэхэд нь өөрийнх нь үгээр бүх тооцоог хийж ирсэн. М.Энхбаярын хувьд тооцоон дээр эргэж буцаад байсан учраас шүүгчийн туслахад хэлж өрөөнд нь дуудаж ирүүлээд тооцоо хийсэн. Тэгэхэд 2.870.000 төгрөгийг шууд хас гэхэд нь 29 сая төгрөгт тохиролцож тооцоо хийсэн байгаа. Ингээд нийт 25.000.000 төгрөгөөс илт давуу хэмжээгээр төлүүлэхээр намайг хохироож байна гэж бодож байна. Иймд М.Энхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч М.Энхбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэцгээд холбогдох 14.825.000 /арван дөрвөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.200 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Энхбаяр давж заалдах гомдолдоо: ... М.Энхбаяр би Цэцгээд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25.000.000 төгрөгийг хүүтэй зээлсэн боловч бичгийн гэрээ байгуулаагүй авсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нийт 15 сая төгрөгийг төлсөн. Үлдсэн 10 сая төгрөгийг бөөнд нь авмаар байна гэж Цэцгээд хандахад “эгч нь одоо боломжгүй байна. 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулаад хүү алдангийг мөн тохироод төлмөөр байна. Эгчид нь олон жил ажилласны тэтгэмжийн мөнгө удахгүй орж ирнэ, уг мөнгийг орж ирэхээр өгнө” гэж гуйж санал болгохоор нь би түүний саналыг хүлээн авч, бид хүү алданги тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Цэцгээ эгч ч өөрөө бүх зүйлийг санаачилж ажлын өрөөнөөсөө гэрээний маягт гаргаж ирээд, өөрийн гараар бичилт хийж гарын үсгээ зурж өгсөн. Гэтэл шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа би гарын үсгээ зураагүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байсан боловч, уг зээлийн гэрээн дээрх гар бичвэр бүгд Цэцгээгийн гарын бичвэр, гарын үсэг мөн болохыг шинжээч тогтоосоор байхад би бичээгүй, бараг намайг хүчээр бичүүлсэн гэж илт худлаа ярьж тайлбарлаж байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэргийн зохигч 2015 оны 01 дүгээр сард 25.000.000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй..., 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна..., мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна.

... Энэ байдалд шүүгч бодитой дүгнэлт хийж чадсангүй. Зөвхөн зээлийн гэрээг байгуулах өдөр л мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид өгсөн байж л зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ хэмээн хэтэрхий туйлширч дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

...Иргэний хуульд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...  Цэцгээ бид хоёр 2015 оны 10 сарын 03-ны  өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Уг актад 07 сарын 12-ны өдөр гэхэд 10.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд 2015 оны 08-р сараас 10 хувиар буюу 1.000.000 төгрөгийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон болох нь уг актаар мөн нотлогдож байгаа. Цэцгээ нь шүүх хуралдаан дээр хүртэл уг актыг үнэн зөв хөтөлж тооцоо нийлээд хийсэн гэж хүлээн зөвшөөрч тайлбарлаж байсан.

Би Цэцгээд мөнгөө зээлээд түүний эзэмшилд мөнгө шилжчихсэн байгаа. Хэрэв би түүнд мөнгө шилжүүлж өгөөгүй бол мэдээж гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Мөнгө шилжүүлээд авчихсан гэдгийг Цэцгээ хүлээн зөвшөөрөөд байхад шүүгч мөнгө эд хөрөнгө шилжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь илт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 ... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Цэцгээ давж заалдах гомдолтой холбогдуулж гаргасан тайлбартаа: Б.Цэцгээ би М.Энхбаяраас 2015 оны 01 дүгээр сард 25.000.000 сая төгрөг аваад 32.375.000 мянган төгрөгийн бэлэн мөнгө бараагаар төлбөрийг барагдуулж өгсөн.... Одоо надад М.Энхбаярт өгөх тооцоо байхгүй... Шүүх байгууллага үнэн зөв шүүхийн тулд олон цагийг зарцуулсан, бодит үнэнд нийцсэн зөв шийдвэр гаргасан. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр үндэслэлтэй үнэн зөв гарсан тул М.Энхбаярын танай шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ би   

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

             Нэхэмжлэгч М.Энхбаяр зээлийн төлбөр 14.825.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Шүүх гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлдэгчид мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Нэхэмжлэгч М.Энхбаяр 2015 оны 1 дүгээр сард өөрийн нэр дээр Хас банкнаас авсан зээл 25.000.000 төгрөгийг  хариуцагч Б.Цэцгээд зээлдүүлсэн ба энэ талаар  талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч М.Энхбаяр хариуцагчид анх мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй,  2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тооцоо хийгээд хариуцагч Б.Цэцгээ 10.0 сая төгрөгийн  үлдэгдэл зээлийг сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулсан гэж тайлбарлаж зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн бол хариуцагч тухайн баримтанд 10.0 сая төгрөгийг сарын 10 хүүтэй гэж бичсэн нь үнэн, харин гарын үсгээ зураагүй гэж талууд  мэтгэлцсэн байна.

 Шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 02 –ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд бичигдсэн гарын үсэг болон бичиглэл нь хариуцагч Б.Цэцгээгийн гарын үсэг, бичиглэл мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба 2016 оны 08 дугаар сарын 02 ны өдрийн “... зээлийн гэрээ дээрх бусад хар өнгийн будагч зүйлээр бичигдсэн бичвэрүүд нь хариуцагч Б.Цэцгээгийн бичсэн гэх загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно” гэх шинжээчийн дүгнэлт болон өөрийнх нь гаргасан  тайлбараар  “10.0 сая төгрөг,   10  хувь,  6 сар,...”  гэх  бичвэрийг хариуцагч   бичсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “ нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасны дагуу  хариуцагч Б.Цэцгээ нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрөөс 10.0 сая төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй ба харин гэрээний дагуу хүү тооцох боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч Б.Цэцгээ зээлийн төлбөрт нийт 32.375.000 төгрөгийг төлсөн, 10 сая төгрөгийг хүүтэй зээлж авсан гэж бичих үед бидний хоорондын тооцоо дууссан байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна. 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч зээлийн хүүд  тооцож авсан гэх 1.175.000 төгрөгийг хариуцагч Б.Цэцгээгийн төлөх 10.0 сая төгрөгөөс  хасч зээлийн үлдэгдэл 8.825.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч М.Энхбаярын гаргасан “шийдвэрийг хүчингүй болгож, бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү “ гэх давж заалдах гомдлыг хүлээн  авах боломжтой байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.Цэцгээгээс 8.825.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд тооцсон 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 156.150 /нэг зуун тавин зургаан мянга, нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2201 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

               ШҮҮГЧИД                             Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                  Т.ГАНБАТ