Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 0131

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Ж

Шүүгдэгч Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1925002420149 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 02-ноос-03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 24-44 тоотод Д.Б-г маргааны улмаас хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид хохиролд 80.000 төгрөг өгсөн. Тухайн үед архи уусан байсан. Болсон асуудлаа сайн санахгүй байна. Архи ууснаас ийм асуудал боллоо. Өөртөө дүгнэлт хийж гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2-3 хоногийн дараа Даваадорж руу би залгаад Тулгын гар утас хаана байна гэтэл Даваадорж би дэлгүүрт тавьчихсан гэхээр нь би Даваадоржтой уулзах гээд гэрт нь очсон. Тухайн үед Даваадорж эхнэртэйгээ байсан ба Даваадорж надад нэг шил архи задлаад бид хоёр хувааж уучихаад би дэлгүүрээс нэг шил Нутаг нэртэй архи авч өгсөн. Эхнэр нь бид хоёрыг архи ууж байхад гараад явсан. Ингээд би Даваадоржтой юм ярьж сууж байгаад Тулгын гар утаснаас болж маргалдсан. Тухайн үед би согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг сэртэл Алтайбаатар гэж миний танил намайг эмнэлэгт хүргэж өгөхгүй бол болохгүй, нуруу, гуя хоёр луу чинь Даваадорж хутгаар хатгачихсан байна гэсэн. Удалгүй эмнэлэг ирээд намайг аваад явсан. Даваадорж надад эмчилгээний зардалд 80.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өглөө эрт би гэр лүүгээ иртэл манай гэрт Алтайбаатар босоод зогсчихсон, гартаа утас барьчихсан, Батхишиг гэрийн баруун талын орон дээр зүүн тийшээгээ хараад хэвтчихсэн, ор цус болчихсон байсан.

Даваадорж гэрт байхгүй байхаар нь Алтайбаатараас юу болсон талаар асуухад Даваадорж Батхишигийг хутгаар хатгасан, одоо түргэн ирнэ гэж хэлсэн. Би Даваадорж хаана байгаа юм гэж асуухад Алтайбаатар мэдэхгүй, гараад явчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

            -Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өглөө 05 цагийн үед Батхишиг ах намайг дуудаж сэрээгээд ахынх нь нуруугаар нойт оргиод байна гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал хутгалуулчихсан бололтой цус гарч байсан. Яасан юу болов гэхэд Даваа намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Ер нь бол архи дуусаад унтаж амрахын өмнөхөн Даваа, Батхишиг хоёр хоорондоо хэрэлдэж маргасан. ...Тэгээд би Даваа ахыг дуудаж сэрээгээд та Батхишиг ахыг хутгалчихсан байна ш дээ, би эмнэлэг, цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлтэл Даваа ах шууд гараад зугтаачихсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Яллагдагч Н.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ингээд би тухайн үед юу болсоныгоо санахгүй байгаа. Дараа нь бодоод байсан чинь би ширээн доор байсан савтай махан дотор байсан хутгыг аваад Батхишигийн нуруу болон гуя хэсэгт нь хутгалсанаа санаад байгаа гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 281 дугаартай дүгнэлтэнд:

            1. Д.Б-н биед нуруу болон зүүн гуянд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

            4. Шарх тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

            5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 66 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 28 ху/

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4-5 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 10, 29 ху/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/

-Н.Даваадоржийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-51 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 24-44 тоотод Д.Б-г маргааны улмаас хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед архи уусан байсан. Болсон асуудлаа сайн санахгүй байна. Архи ууснаас ийм асуудал боллоо. Өөртөө дүгнэлт хийж гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Батхишигийн “...Тухайн үед би согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг сэртэл Алтайбаатар гэж миний танил намайг эмнэлэгт хүргэж өгөхгүй бол болохгүй, нуруу, гуя хоёр луу чинь Даваадорж хутгаар хатгачихсан байна” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, мөн гэрч С.Оюунчимэг /хх 15-16 ху/, Л.Алтайбаатар /хх 19 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед нуруу болон зүүн гуянд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 281 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч нь хохиролд 80.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Н.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Д нь торгох ялыг сард 90.000 төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА