| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0297/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 391
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВБ64090806 регистрийн дугаартай, Даваа овогт Сосорын Батжаргалын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баяхонгор аймгийн Баянговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1987-1989 онд нярав, сумын хүний их эмчийн салбарт 1989 оны 11-р сараас 1994 он дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар С.Батжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06-р сарын 24-ний өдрийн 20 дугаар захирамж, хавсралтын хамт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 04-р сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамж, хавсралтын хамт, Баянговь сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 11-р сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06-р сарын 06-ны өдрийн 385 тоот албан бичиг болон Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн 500 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанууд, гэрч А.Одогмаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Батжаргал нь 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нярваар ажиллаж байсан болох нь комисс томилох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот захирамжийн хавсралтад захиргаа Батжаргал гэх ,хаврын 13 ажил явуулах тухай мөн хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот захирамжийн хавсралтадБатжаргал гэх баримтуудаар,
1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болох нь түүнийг Баянговь сумын хүн эмнлэгт асрагчаар түр томилсон тухай Хүний эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, С.Батжаргалын 1989-1994 оныг хүртэл авч байсан цалинг Төрийн архивын тасгийн Х№142, Б№01, Х№01, 02, 03-04, ХН№24 дугаар сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 385, 500 тоот албан бичиг, С.Батжаргалын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч А.Одогмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
С.Батжаргалын Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 онд нярваар ажиллаж байсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн135.2.6-д заасныг баримтлан Даваа овогт Сосорын Батжаргалын 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 11 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Баянговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нярваар, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар С.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ