Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 852

 

 

 

 

 

 

 

 

   2019         05          27                                       2019/ШЦТ/852

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01466 0168 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 3 дугаар гудамжны 2112 тоотод оршин суух хаягтай, урьд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1012 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 11 дүгээр 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял  шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, СЙ:86061113 регистрийн дугаартай, Буурал овогт Г.Д,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн баруун замд "Тоёота Приус" маркийн 1928 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч 17 настай, эрэгтэй П.Бямбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.                                                                                             

                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/   

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ "Тоёота Приус" маркийн 1928 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч П.Бямбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч П.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Г.Д ах манай гэрт Тоёота Приус-11 маркийн 1928 УНЯ дугаартай автомашинтайгаа ирээд намайг манай ахынх руу цуг яваад ирье гэж гуйгаад аваад явсан юм. Тэгээд манай гудамжнаас гараад төв засмал зам руу ороод явж байгаад урдаа явж байсан автомашиныг би адилхан машинтай юм чинь гээд хурдаа нэмээд баруун гар талаар нь гүйцэт түрүүлээд гарсан. Тэгэхээр нь би ахаа аажуухан яваач гэсэн. Тэгээд л машин дайвалзаад явчихсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд намайг хүн сэрээж байсан. Тэгээд би шууд гэрлүүгээ хариад төрсөн ах Хишигдоржийг ослын газар руу явуулсан. Тоёота Приус-11 маркийн 19-28 УНЯ дугаартай автомашин хүргэн ахых нь машин. Осол болох үед Г.Даваадорж машинаа жолоодож явсан. Би автомашины урд талд нь сууж явсан. Би согтууруулах ундааны зүйл хэргэлээгүй, харин Г.Д ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай гэрт орж ирэхдээ согтуу орж ирсэн. Намайг авч явна гэсэн манай ах энд хоночихоод яв согтуу байна ш дээ гэсэн чинь зүгээрээ гэсэн. Ослын улмаас цээжний бүдэрхий хугарсан, нэг хавирга хугарсан өөр гэмтэл учраагүй зүүн хөлний бүдүүн гуя руу хатгаж өвдөөд байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим санагдаж байна П.Бямбаа манайд унтаж байгаад ах ирсэн байна, би гал түлж өгчихөөд ирье гээд гараад явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь гэртээ унтсан юм байх гэж бодсон чинь маргааш өдөр нь осолд орчихсон гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

 

Гэрч П.Хишигдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай найз Урангоогийн утсаар Г.Д ах нар руугаа залгаад байсан. Тэр ах нар нь Монельд хүрээд ир гээд байсан. Тэгээд намайг машин бариад хүргээд өгчих гэхээр нь би уусан машин барихгүй гээд түлхүүрийг нь өгөхгүй байсан чинь  уурлаад загнаад байхаар нь түлхүүрийг нь өгчихсөн юм. Тэгсэн гарч яваад арын гэрт байсан дүү Бямбааг дуудаад эргэж орж ирээд би П.Бямбаатай явчихъя гэхээр нь би зүгээр үү гэсэн чинь би зүгээрээ гээд гараад явсан. Тэгээд унтаж байтал 03 цагийн орчим санагдаж байна манай дүү Бямбаа амнаас нь цус гарчихсан доголсон байдалтай орж ирээд Даваа ах бид хоёр онхолдчихлоо гэсэн. Би онхолдсон газар нь очсон чинь юу ч байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Иргэний  хариуцагч Г.Даваадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тоёото Приус маркийн 1928 УНЯ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Анх худалдаж авах үед би иргэний үнэмлэхгүй байсан учир өөрийн төрсөн эгч Г.Түвшинжаргалын нэр дээр авчихсан байсан юм. Осолд орохоосоо өмнө буюу 2, 3 хоногийн өмнө дүү Г.Д хохирогч П.Баямбаагийн ах Хишгээтэй орж ирээд таксинд явчихаад ирье гэхээр нь би үнэмлэхгүй байж гэхэд Хишгээ үнэмлэхтэй гэсэн. Тэгээд аваад явсан. Тэгээд л осолд орчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2553 дугаартай:

Д.Бямбаагийн биед өвчүү ясны хугарал, зүүн хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 62 тал/,

 

Шүүгдэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 14-ны орой 21 цагийн орчим Багануураас ирээд Хишигдорж, Байлаа, Азаа, дүү Бямбаа бид тавуулаа тоосгоны үйлдвэрийн тэнд байдаг Хишигдоржийн найзынд очиж уулзаад тэндээ 2 пивыг нь ууж дуусгачихаад эргээд Байлаагийн гэрийн гадаа очоод машин дотроо үлдсэн 2 пивоо ууж дуусгачихаад Хишигдоржийн гэр рүү явсан. Хишигдоржийн гэрийн гаднаас Азаа гэр рүүгээ яваад Хишигдорж Байлаа, Бямбаа бид дөрөв Хишигдоржийн гэр рүү орсон. Тэр үед Бямбаа, Хишигдорж хоёр эгчийнх рүүгээ орсон. Тэгээд Байлаа бид хоёр жаал юм ярьж сууж байтал Хишигдорж, Бямбаа хоёр орж ирсэн. Тэгээд би хамаатныхаа ах руу яриад хаана байгааг нь асуухад цайзад байна гэсэн. Тэгээд би очлоо гэж хэлээд Хишигдоржийг машин бариад өгчих гэсэн чинь яах юм бэ, ийм орой болчихоод байхад чинь энд унт гэхээр нь яахын бэ, оччихоод ирье гэсэн чинь би явахгүй ээ, чи Бямбаатай явчихаад ир гэсэн. Тэгээд гэрээс нь гараад машинаа бариад явж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна, маргааш нь эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/,     

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “Уг осол болсон гэх газар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх дугаар ангийн баруун талын замд Тоёото Приус маркийн 1928 УНЯ улсын дугаартай автомашин нь замаас гарч замын хажуу талын ус зайлуулах далан руу онхолдсон газар хохирогч, гэрчийн байлцуулан хэргийн газрын үзлэгийн хийв. Осол болсон зам нь асфальт, тахир, тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог зам байв. Явган хүний замтай, хашлагагүй, хайлсгүй зам байв. ...Ослын газар хэмжилт хийхэд машины жолооч осол болсон  газар байхгүй, гэмтлийн эмнэлэг явсан байв. Машиныг ачигчаар ачуулж түр саатуулахаар журамлав. Хэргийн газраас эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаагүй” гэх тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23 тал/,

-Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24/,

-Г.Дын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 1,12%” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24/,

-Хохирогч П.Бямбаагийн эмчилгээнд гаргасан зардлын баримтууд /хх-ийн 27/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 тал/,

-Баянзүрх Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай албан бичиг /хх-ийн 69 тал/,

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1573 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 74 тал/,

-2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 78 тал/,

-Цагдаагийн Ерөнхий газар, Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22/553 дугаартай албан бичиг /хх-ийн 94 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ундармаагийн Тээврийн цагдаагийн газар болон Прокурорын газарт гаргасан “эмчилгээний зардалд 700.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, болно” гэх 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Г.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч П.Бямбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Г.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтууруулах ундаа хэрэглэж согтуугаар автотээврийн хэрэгсэл жолоодож насанд хүрээгүй хохирогч П.Бямбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Дыг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Дд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Дыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Дд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Дд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ