| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0842/Э |
| Дугаар | 852 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 852
2019 05 21 2019/ШЦТ/815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эд холбогдох эрүүгийн 1906 00751 0878 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул
аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Тээврийн дээд сургуулийн холбоо технологи механикийн 2 дугаар дамжааны
оюутан, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-113 тоотод оршин суудаг, ам бүл 2, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ТА00262010 регистрийн дугаартай, Л.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цаг 02 минутанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Баярмаагийн эзэмшиж байсан е-баримтын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болон эзэмшигчийн мэдээллийг устгаж, өөрийн мэдээллийг өөрчлөн оруулж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Л.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр е-баримтаас 200.000 төгрөгийн хонжвор хожсон. 2018 оны 11 дүгээр сарын эхээр харахад байхгүй болчихсон байхаар нь Е баримт руу залгаж асуутал хонжвороо баталгаажуулаагүй учраас таны хонжвор 90 хоноод устана гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дүнжингарав худалдааны төвд байрлах е-баримтын цэг дээр ажилтан хүүхнийг гуйгаад е-баримтын нууц үгээ сольсон. Тухайн үед Bilguun7777 гэсэн нууц үгээр сольсон. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл миний е-баримт орж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баримт уншуулах гээд үзтэл нууц үгээ дахиж хийнэ үү гэсэн алдаа гарч ирээд тэгээд хэд хоног хийх гэж оролдож үзэхэд огт болохгүй байсан. Ингээд би 2-3 хоногийн дараа е-баримтын оператор руу дахин залгаад миний е-баримт орохоо болчихлоо гэж хэлээд зөвлөгөө автал та Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газарт өргөдөл бич гэж хэлсэн. Тэрний дагуу би е-баримтын нэвтрэх нэр нууц үгийг шинээр нээлгэсэн. Тэгтэл миний өмнө нь буцаан олголтоор авах байсан е-баримтын 270.000 орчим төгрөг шинээр нээлгэсэн е-баримтын дансанд орж ирэхгүй байна. Иймд би энэ асуудлыг шалгуулж миний е-баримтын нэвтрэх эрхийг шилжүүлэн авсан этгээдийг олж тогтоон буцаан олголтын мөнгийг эргүүлэн миний өөрийн данс руу олгож өгнө үү. Л.Эс хохиролд 450.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Гэрч Б.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын эхээр Баярмаа гэдэг хүн е-баримттай холбоотой асуудлаар надтай ирж уулзсан. Яг ямар асуудлын талаар болохыг сайн санахгүй байна. Учир нь өдөрт их олон хүнтэй харьцдаг болохоор. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд нөгөө Баярмаа гэх хүн ахиад манай ажил дээр надтай уулзах гэж ирсэн байсан. Би тухайн үед сургалттай байсан болохоор ажил дээрээ байхгүй байсан. Манай ажлын залуутай Баярмаа нь тэр үед уулзаад е-баримтын нэвтрэх код солигдсон байна, танай ажлын хүн сольсон байна гэсэн яриа гаргасан байсан. Тэгэхээр нь манай ажилтан та Татварын Ерөнхий газар дээр очиж уулз тэндээс шүүлгэж хэн сольсон талаарх мэдээллийг ав гэж зөвлөсөн байсан. Тэгэхээр нь би е-баримтын бүртгэлээс 11245029 дугаартай е-баримтын нэвтрэх нэрний эзэмшигчийг шүүхэд Сумъяагийн Баярмаа гэсэн хүний 2109137192 дугаартай Голомт банкны данс, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цаг 02 минутанд Л.Э гэсэн нэртэй хүний 5034911666 гэсэн хаан банкны дансаар солигдсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би ээж С.Баярмаад е-баримтанд ашиглах [email protected] гэсэн мэйл хаягийг 2017 оны 11 дүгээр сард нээж өгч е-баримтанд бүртгүүлсэн. Би уг мэйл хаягийг өөрийн тоглоом тоглохдоо ашигладаг байсан Steam accounted бүртгүүлсэн байсан. Надад мөнгөний хэрэг болоод би 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн тоглодог байсан Steam хаягийг зарна гээд фэйсбүүкийн Dota 2 сонирхогчдын группд зар тавьсан. Тэгтэл Badrah WCSM гэдэг фэйсбүүк хэрэглэгч надруу чат бичээд наад Steam хаягийг чинь авъя 60.000 төгрөгөөр авъя гээд бид хоёр Монгол Улсын Их Сургуулийн хойд талд байрлах Core гэх РС-нд тэр өдрийн орой 19 цагийн үед уулзсан. Тэр залуугаас би 60.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр залуу манай ээжийн е-баримтын нэвтрэх нэр нууц үгийг сольж ашигласан гэж бодож байна. Би тэр залууг одоо харвал танина. Нэг найзтайгаа хамт явж байсан. Л.Э буюу Баагий гэж дуудаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-6 тал/,
-хэрэглэгчийн мэдээллийн түүх /хх-н 8, 16-22 тал/,
-Л.Эын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 30 тал/,
Шүүгдэгч Л.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үүрээр 04 цаг 02 минутанд миний худалдаж авсан майл хаягт “цуцлагдлаа” билүү “баталгаажуулна уу” гэсэн утгатай линк ирсэн юм. Тэр линк дээр нь дартал е-баримт гараад ирсэн юм. Тэгээд 211.000 төгрөгний хонжвортой мөн буцаалт гэсэн бичигтэй 200.000 төгрөг байсан. Би тэгээд засварлах гэж ороод урд нь хадгалсан байсан нэрийг устгасан юм. Одоо нэрийг нь санахгүй байна, сайн анзаараагүй юм. Би урд нь байсан нэрийг устгаад өөрийнхөө данс болон овог нэрийг хадгалсан юм. Би голомт банкны “сошиол пей” үйлчилгээг ашиглаад 5000 төгрөг төлөөд 206.000 төгрөг бэлнээр ШУТИС-н хажууд байрладаг Голомт банкны салбараас авсан. Миний дансанд буцаалтын 200.000 төгрөг орж ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Л.Эын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, Төмөр замын дээд сургуулийн сургалтын албаны тодорхойлолт, оюутны дүнгийн хуудас /хх-ийн 62, 67 тал/, хувийн байдлын талаар бусад баримтууд /69-76/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 77 тал/, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт /хх-ийн 78 тал/, хохирогч С.Баярмаагийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 80 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цаг 02 минутанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Баярмаагийн эзэмшиж байсан е-баримтын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болон эзэмшигчийн мэдээллийг устгаж, өөрийн мэдээллийг өөрчлөн оруулж бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Л.Э нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Л.Эыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч С.Баярмаад учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн, уг баримтад хохиролыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Эад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барууд овогт Л.Э мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгаж, өөрчилөн бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учируулж цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Эыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Эад хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ