| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0731/Э |
| Дугаар | 764 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 764
2019 05 14 2019/ШЦТ/764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 10018 0894 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 82 дугаар гудамжны 2252 тоотод оршин сууж байгаа, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1681 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ЗБ96100515 регистрийн дугаартай, Д.Б,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан хүргүүлэх замд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа Г.Баттулга хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.Баттулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... анх миний баруун талд сууж явсан согтуу залуу машины жолооч ахтай хэрэлдээд хоорондоо барьцалдаж аваад бацаан минь энэ тэр гээд гудамж талбайд чанга дуугаар маргалдаад ирэхээр нь миний бие гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд шаардлага тавихад согтуу залуу нь жолооч ахыг хэл амаар өдөөд шаардлага биелүүлэхгүй, улмаар над руу хэл амаар дайрч эхэлсэн. Бид нар буцаад машиндаа суугаад хөдлөөд явж байтал дахин хэл амаар доромжлоод шүлсээ хаяад байхаар нь миний бие машиныг зогсоож биеэ авч явж чадахгүй байгаа залууг эрүүлжүүлэхэд өгөх санаатай машинаас буугаад ир гэхэд над руу шууд хөлөөрөө жийсэн. Мөн намайг хэд хэдэн удаа цохиж авахаар нь зугтаалгахгүй санаатай хөдөлгөөнийг хорьж дарж авсан юм. Энэ хооронд согтуу залуу бид хоёрыг жолооч залуу салгасан. Тэгээд шороо болсон хувцасаа засаад зогсож байтал согтуу залуу жолоочийн гараас мултарч гараад шууд ирээд гараараа миний баруун талын хөмсөг орчимд цохиж гэмтээсэн. Би шууд тэр залууг бариад дараад хэвтсэн. Энэ хооронд жолооч 102-т дуудлага өгсөн байсан. Цагдаа нарыг иртэл надад тусгай хэрэгсэл байгаагүй тул би тэр залууг дараад хэвтсэн юм. Цагдаа нар удалгүй 10-15 минутын дараа ирж цагдаа нарын хамтаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүр дээр ирсэн юм. Би ажлаасаа буугаад гэр рүүгээ харьж байсан. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан гэх газарт иргэн Д.Б нь намайг цохиж миний биед гэмтэл учирсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 35 тал/,
Гэрч Т.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... цагдаа залуу буусан бөгөөд буцаж ирэнгүүтээ ах аа миний утас алга машинд чинь байна уу гэхээр нь би гар утасаараа түүний утас руу залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Нөгөө машинд байж магадгүй, та гурав чинь анх тэр машинд сууж байсан биздээ гээд эргээд Одхүүгийн гадаа очиход Одхүү яг машинаа оруулж тавиад хашааныхаа хаалгыг хааж байсан. Нөгөө машинд цагдаа ороод гар утсаа хайсан боловч гарч ирэхгүй, дуудаад дуу нь гарахгүй байсан болохоор буцаж гарч ирээд за утас байдаггүй. Энэ машиндаа үзье гэхэд нөгөө 2 залуу бууж байгаа харагдсан бөгөөд нэг мэдэхэд 1 согтуу залуу нь Одхүүгийн машинд ороод суучихсан, Одхүү тэр залууд би явахгүй та сууж ирсэн машинаараа хүргүүл гэсэн чинь нөгөө залуу агсам тавиад муу лалрууд аа надаар тоглоод байна уу та нарыг бүгдийг чинь ална шүү гээд эхэлсэн. Одхүүг гэрт оруулах үед нөгөө цагдаа агсам тавиад байсан залууг миний машины хойно оруулж суулгасан. Тэгтэл тэр залуу мөн л орилоод Одхүү рүү хандаж би чамайг хараад авлаа ирж ална аа хараарай гээд байсан. Тэгээд л нөгөө залуу үргэлжлүүлэн агсам тавьж цагдаа бид хоёр руу хандаж “муу ал, бөгснүүдээ, цагдаа чамайг хошногдоно шүү, чаддаг юм бол наад цагдаа хувцасаа тайлаад гараад ир чамайг алаад өгнө” гэх зэргээр танхайрч эхэлсэн. Уг нь тэр цагдаа та чимээгүй бай одоо намайг буулгаж өгөөд таныг хүргээд өгнө шүү дээ гэсэн чинь ам руу нь салаавчаа гаргаад май үүнийг ид муу цагдаа энэ тэр гээд байхаар нь би залуугаас айгаад би чамайг хүргэж өгөхгүй чи энд буугаад өөрөө харь гээд зогстол цагдаа залуу хажуу талаас буугаад нөгөө агсраад байсан залууд хандаж та одоо боль битгий хэл амаар доромжлоод бай гэсэн чинь нөгөө согтуу залуу машинаас буунгуутаа нөгөө цагдааг барьж аваад газарт унагаад дээрээс нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө залуу бид хоёр очоод нөгөө залууг цагдаагийн дээрээс салгаад цагдаа залууг босгож машиныхаа урд талын хаалгаар суулгатал нөгөө залуу гүйж ирээд шууд цагдаагийн нүүр рүү цохиод нил цус гаргачихсан. Цагдаа залуу машинаас буугаад тэр залууг барих гэтэл баригдахгүй миний машиныг тойрч зугтаад ална даа, чи формоо тайлаад хүрээд ир чамайг алчихъя л даа гээд орилж байхад нь арай гэж барьж аваад доороо хийгээд дараад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэрч А.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Т.Батболд буцаж ирээд энэ цагдаа утас нь машинд байдаггүй, анх чиний машинд сууж байсан, наана чинь унагаасан байж магадгүй гээд машинд утсаа үзсэн боловч утас нь байхгүй байсан. Тэгтэл надтай маргалдаад байсан залуу мөн л бидэн рүү янз бүрийн үгээр хэлж дайраад биднийг ёстой хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би уурлаад чамайг хар хүйтэнд 1500 төгрөгөөр энэ газар хүргэж өглөө болоо юм биш үү гэсэн чинь Т.Батболд за за ор би эднийг буулгачихаад харьлаа гээд нөгөө хүмүүсээ суулгаад хөдөлсөн. Би ч гэртээ ороод амарчихсан бөгөөд нөгөөдөр нь би Кино үйлдвэрийн буудал дээр Т.Батболдтой таарсан нөгөө чам руу агсраад байсан согтуу залуу чинь нөгөө хамт сууж ирсэн цагдаа залууг зодоод гэмтээчихсэн, зүв зүгээр байхад нь ирээд нүүр рүү нь цохиод гэсэн зүйл ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Гэрч О.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ахлах ахлагч Өвгөнбүргэдийн хамт Баянзүрх дүүргийн 20, 28 дугаар хороо буюу Хужирбулан, Гачууртын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байхад 19-ний өдрийн 05 цагийн орчим хэлтсийн жижүүрээс 28 дугаар хороо Хужирбуланд цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн хүн байна, хүнээ барьчихсан байна гэсэн дуудлагын дагуу уг дуудлага дээр очиход цагдаагийн дэд ахлагчийн дүрэмт хувцастай залуу нэг согтуу залуутай зууралдчихсан, цагдаагийн алба хаагчийн нүүр нь нил цус болчихсон байдалтай байсан. Очоод юу болсоныг асуухад цагдаагийн алба хаагч нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, дэд ахлагч Г.Баттулга байна, шөнийн эргүүлээс буугаад 1000 төгрөгийн машинд суугаад явж байхад энэ залуу намайг болон хамт үйлчлүүлж байсан хүн, автомашины жолооч нарыг хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцээд байхаар нь боль гэтэл машинаас бууж ирэнгүүтээ нүүр рүү цохичихлоо гэсэн. Гэрэлд харахад хөмсөгийг нь сэт цохиод, цус гарчихсан, цус нь урсаад нүүрийг нь нил цус болгочихсон, нөгөө хүнтэйгээ зууралдсан газар унасан бололтой цагдаагийн дүрэмт хувцас нь нил шороо болчихсон байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №364 дугаартай:
Г.Баттулгын биед баруун хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө миний бие нь найз нартайгаа Кино үйлдвэр орчимд бааранд сууж байгаад улмаар харих гэж кино Кино үйлдвэрийн урд талын буудал дээрээс 1000 төгрөгийн унаанд суух гэж очсон юм. Ингээд хүлээж байгаад таксинд сууж харих замдаа уг таксинд сууж явсан цагдаатай бага зэрэг маргалдаж улмаар харилцан цохилцож цагдаад баригдаж тэр өдрөө эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн очсон юм. Тухайн үед би архи, пиво уусан байсан тул жаахан буруу ойлголцсоноос дээрх хэрэг болсонд маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 тал/, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Бийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс ял, эрүүгийн хариуцалга оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Бэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ