Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

   2019       05          21                                   2019/ШЦТ/807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пд холбогдох эрүүгийн 1806 00923 1775 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг, Гавилууд бага булгийн 5 гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, урьд Хархорин дахь сум дундын 2-р шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн  2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17.319.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, ЙС90101813 регистрийн дугаартай, Хангай овогт Б.П,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Өлзийг "Оюу толгой" ХХК-д ажилд оруулна хэмээн дансаар 285.000 төгрөг авч залилсан,

2017 оны 08 дугаар capын 15-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэбуянд өөрийгөө "Оюу толгой"-д ажилладаг гэж танилцуулан жолоочоор ажилд оруулж өгнө гэж 378.000 төгрөг авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 18-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Х.Буямнэмэхийн нөхрийг ажилд оруулж өгнө хэмээн хуурч 798.000 төгрөг залилсан,

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн А.Амарсайханыг ажилд оруулна гэж хуурч мэхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 330.000 төгрөг авч залилсан,

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн П.Ичинхорлоогийн хүүхдийг "Оюу толгой"-д ажилд оруулж өгнө хэмээн 480.000 төгрөг залилсан,

2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-ны хооронд иргэн Б.Анхныбаярыг ажилд оруулна хэмээн дансаар 448.000 авч залилсан,

2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Түвшинбаатараас "Оюу-Толгойд" ажилд оруулж өгнө гэж дансаар 286.500 төгрөг авч залилсан,

2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Мөнхжаргал руу утсаар "Оюу Толгой"-д хүлэмж бариулах гэсэн юм гэж ярин иргэн Б.Мөнхжаргал нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар 432.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр машины эйр кондэйшн цэвэрлүүлнэ гэж иргэн Б.Амгалангаас 180.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 00923 1775 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.П нь үргэлжилсэн үйлдлээр нийт 9 хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2017 оны 07 сарын 26-нд таксинд явж байхад Оюутолгойд хүний нөөцийн ахлах хийдэг гэх хүнтэй танилцсан. Аавыг ажилд оруулж болохыг асуухад хэцүү гэхдээ маргааш өглөө залгаарай гэсэн. Маргааш нь 99272467 дугаарт залгахад овог нэр, регистрийн дугаар, ургийн овог зэрэг мэдээллүүдийг явуулчих гэсэн. Тэгээд байж байснаа 8 сарын 3-нд явах юм байна шүү гэсэн. Өдөр 13 цаг өнгөч байхад айти инженер Б.П гээд мессеж ирсэн. Хувцасны мөнгө 180.000 төгрөг шилжүүл гэсэн. Хүнээс зээлж 5557170799 дугаарын данс руу шилжүүлсэн. Орой нь хувцасны баримтын мөнгө 40.000 төгрөг гэснийг шилжүүлсэн. ...93127773 гэсэн дугаар руу залга, хариуцаж авч явах хүн шүү гэсэн. Тэгээд дараагийн өдөр нь 99272467 дугаар луу залгасан чинь Б.П рүү залга гэхээр нь 93127773 руу залгахад Батсүрэн ХААБ-ын сургалтыг аргалчихсан юм байхдаа гэснээ 256.000 төгрөг хэрэгтэй шүү гэсэн. Өдөр нь Батсүрэн нь чи ямар хариуцлагагүй юм бэ гэхээр нь хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэсэн. Тэгсэн чинь Б.П гэж хүн нь 93127773 дугаарын утаснаас залгаад 30 минутын дотор мөнгө хийхгүй бол аавын чинь нэр хасагдлаа шүү гэж хэлсэн. Дахин дахин залгаад байхаар нь би 65.000 төгрөг хийсэн. Тэгсэн аавынхаа бичиг баримтыг аваад Моннисын оффис дээр хүрээд ир гэхээр нь канондчихоод ирээд залгахад утасаа авахгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 169/

-хохирогч Б.Бат-Өлзийгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-ийн 164/,

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 7 сард таксинд сууж яваад Бат-Өлзий гэх залуутай танилцсан. Намайг Гашуунсухайт руу утсаар ярьж байгааг сонсоод Оюу толгой ямар уу гэж асуухаар нь тиймэрхүү тиймэрхүү гээд зах цухаас нь хэлсэн. Тэр миний дугаарыг аваад үлдсэн. Маргааш нь над руу залгаад Оюу толгойд оруулаад өгөөч гэхээр нь мөнгө л орох байхдаа гэсэн. Хэдэн төгрөг болох юм. Би одоо шилжүүлье гэхээр нь 280.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Тэрнээс хойш уг залуутай уулзаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173/

 

2. Хохирогч Б.Эрдэнэбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би фэйсбүүкээр танилцсан. Би барилддаг аймгийн начин цолтой гэхэд надруу холбогдоорой гэсэн. Тэр залуу өөрийгөө Оюу толгойн туслан гүйцэтгэх "Буурал" ХХК-ний захирал байна гэж хэлээд чамайг Оюу толгойд том машины жолоочоор ажилд оруулъя гээд утсаар яриад ажилд оруулах мөнгийг би өөрөө өгчихнө гэж хэлсэн. Тэгэхдээ чи надаа 378.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 5557170799 дугаарын данс руу нь шилжүүлсэн. Орой нь бичиг баримтаа аваад ир гэхээр нь аваачиж өгөхөд иргэний үнэмлэх, мэргэжлийн жолооны үнэмлэхийг аваад миний машинаар Баянбүрдээс 21-р хороолол орчихоод буцаж хүргүүлсэн. Маргааш нь над руу залгаад 650.000 төгрөг шилжүүлчих гээд бараг 30 удаа залгасан. Би тийм зүйл байхгүй надад мөнгө байхгүй гэсэн. 2017 оны 08 сарын 19-ний өдрөөс хойш миний утсыг авахгүй, утас нь холбогдохгүй болсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 208/

-хохирогч Б.Эрдэнэбуянгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-ийн 200/

-шүүгдэгч Б.П рүү 378.000 төгрөг шилжүүлсэн гэх Э.Цэцгээгийн дансны хуулгыг харуулсан гэрэл зураг /2-р хх-ийн 203/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Эрдэнэбуянг Оюутолгой ХХК-д жолоочоор ажилд ормоор байна гэхээр нь оруулж өгье гэсэн. Харин мөнгө хэрэг болно шүү гэхэд дансаа өгчих гээд миний дансны дугаарыг авсан. Тэр өдөртөө 378.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг аваад хамт хоолонд ороод салцгаасан. Дараа нь Эрдэнэбуянгаас ажилд орох юмуу гэж асуухад  болилоо гэсэн. Над руу дахиж залгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/

 

3. Хохирогч Х.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн:

Өөрийгөө Оюутолгой ХХК-ийн хүний нөөцийн дарга Нямсүрэнгийн Батням гээд Оюутолгойн бүх зүйлийг сайн мэддэг хүнтэй адилхан яриад байсан. Утасны дугаараа өгч аваад салсан. Орой нь над руу залгаад нөхрийнхөө регистрийн дугаар, жолооны үнэмлэхний дугаар, овог нэрийг өгчих гэхээр нь мессежээр явуулсан. 1 цаг орчимын дараа залгаад таний юм болчихлоо шүү, миний туслах Даваасүрэн рүү залгаад бүрдүүлэх материалыг асуу гэсэн. 80810810 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн аваад даргын ярисан хүн мөн үү гээд ярилцаад айди картны 216.000, хувцас 362.000, эрүүл мэндийн үзлэг оношлогоо 190.000, анкетны 30.000, нийт 798.000 төгрөгийг Б.П гэх хүний данс руу хий гэсэн. Маргааш нь 400.000 төгрөг банкаар шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл мөнгө хийгээч гэхээр нь нөхөртэйгээ хамт уулзахаар гэртээ урьж дайлсан. Манайд байсан хөөрөг, бууг үзээд хөөргийг томруулаад өгье гээд байхаар нь хэрэггүй гээд бууг тус болж байгаа юм чинь гээд бэлгэлсэн. Гарахдаа үлдэгдэл мөнгөө маргааш хийхгүй бол 19-ний 16 цагт болох ярилцлагад орохгүй шүү гэсэн. 2018 оны 01 сарын 18-ны өдөр банкнаас 5557170799 гэсэн данс руу дахиад 398.000 төгрөг хийсэн. Маргааш нь ярилцлаганд орно гээд 18 цаг өнгөртөл хараад 80810810, 98907777 гэсэн дугаарууд руу нь залгахад авахгүй байж байгаад холбогдохгүй болхоор нь би хар аваад цагдаад хандсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16/

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /1-р хх-ийн 11/,

-хохирогч Х.Буяннэмэхийн "Хаан" банкны мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 1 сарын 11-18-ны өдрийн хооронд Х.Буяннэмэхийн нөхрийг ажилд оруулж өгнө гэж хуурч 798.000 төгрөг залилж авсан гэж яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой танилцлаа. Энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн 6 хэрэг байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/

 

4. Хохирогч А.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 2 сард дүү Бат-Эрдэнэтэй цэрэгт хамт алба хаасан Б.П нь чатаар холбогдсон. Ярилцаж байхад тэр өөрөө Оюу толгойд ажиллаж байгаа гээд манайд ажилд орооч гэхээр нь чи яг чадах уу гэхэд овог нэр регистрийн дугаараа явуулчих гэсэн. Бид 2 мессежээр явуулахад бүртгүүлчихлээ гэсэн. Удалгүй 10 минутын дараа нэг дугаараас дуудлага ирж ярихад Б.Пгийн бүртгүүлсэн хүн мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь айди карт захиалахад 330.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Бид 2 мөнгөгүй байсан учир ээжээр тэр мөнгийг нь шилжүүлүүлсэн. Сургалтандаа суу гэж нэг дугаараас яриулсан. Ханбогдод очоод Б.Птэй утсаар ярихад маргааш уулзая гээд маргаашаас нь эхлээд алга болсон. 2019 оны 1 сарын 26-ны өдөр 330.000 төгрөг ээжийн данс руу шилжүүлсэн байсан. одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 246-247/

-хохирогч А.Амарсайханы цагдаад гаргасан гомдол /2-р хх-ийн 242-243/,

-Б.Пгийн "Хаан" банкны дансны хуулга /3-р хх-ийн 11-21/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 03 сард А.Амарсайханыг ажилд оруулна гэж хуурч дансаар 330.000 төгрөг авч залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 86/

 

5. Хохирогч П.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 04 сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгаас Хархорин руу шууданд явж байхдаа Батням гэх хүнтэй танилцаж, тэрээр Оюу толгойд ажилтан элсэлт авч байгаа гэхээр нь би хүүхдээ бүртгүүлсэн юм. Тэгээд 2018 оны 04 сарын 14-ний өдөр элсэлтийн хураамж гээд 160.000 төгрөг, сертификатны мөнгө гээд 320.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн юм. Тэрнээс хойш тэр залуутай 80810810 дугаараар холбоо барихаа больсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211/

-хохирогч П.Ичинхорлоогийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 198/

-Б.Пгийн "Хаан" банкны дансны хуулга /1-р хх-ийн 202/

-П.Ичинхорлоогийн мөнгө шилжүүлсэн Д.Оюунтөгсийн "Хаан" банкны дансны хуулга /1-р хх-ийн 203/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 04 сарын 12-нд Хархорин сумын иргэн П.Ичинхорлоогийн хүүг нь Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж яриад 14-нийх нь өдөр 480.000 төгрөг шилжүүлж залилан авснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227/

 

6. Хохирогч Б.Анхныбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 5 сарын 25-ны өдөр эхнэрийн утас руу 98907777 дугаараас залгаад Оюутолгой ХХК-ны үндсэн компаниас ярьж байна гээд надтай ярьсан. Надаас миний талаарх мэдээллийг асуучаад чи дампын сертипикадтай юм байна.  Ханбогд сумаас 13 хүн дамп дээр авч байгаа. Чамайг авна гэсэн. Сургалтын мөнгө 198.000 төгрөг данс руу хийчих буцаан олголт нь 14 хоноод гарна гэсэн. Интернет банкаар 5557170799 дугаарын данс руу шилжүүлсэн. Орой нь ажил дээр байхад дахиж залгаад чи ВС ангилалтай юм байна. М ангилал даруулах хэрэгтэй байна 150.000 төгрөг шилжүүлчих маргааш өглөө Оюу толгой ХХК-ийн хойд хаалга дээр уулзая гэсэн. 150.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Маргааш нь уулзаагүй. Ажилдаа гараад байж байхад нөгөө хүн утсаар яриад би танай ССМ-ХХК-ийн захирал Ариунцацралтай уулзаад чамайг компани хооронд шилжүүлж авахаар болоод нэг газар яриад сууж байна. Ганц юм авч өгөх гэсэн юм тооцоо нь 148.000 төгрөг болоод байна чи хийгээтээч, хоюулаа маргааш өглөө хойд хаалга дээр уулзая гэхээр нь 100.000 төгрөг байгаа гэхэд Бат-Оргил гэх хүний дансыг мессэжээр явуулж би шилжүүлсэн. Маргааш нь уулзах гээд очоод залгахад утсаа авахгүй байсан. Эхнэрийг яриулахад ирээд уулз гэсэн гэхээр нь 5 давхар байранд очоод залгахад утсаа аваагүй. Уулзаж чадаагүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 98-99/

-хохирогч Б.Анхныбаярын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3-р хх-ийн 93/

-хохирогч Б.Анхныбаярын Б.Пгийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 94-95/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 05 сарын 25, 26-нд Б.Анхныбаярыг ажилд оруулна гэж дансаар 448.000 төгрөг залилан авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Амгалангаас  машины эйр кондэйшн цэнэглүүлнэ гэж худлаа хэлж 180.000 төгрөг дансаар шилжүүлж авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201/

 

7. Хохирогч Б.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 05 сарын 27-нд дүү надаас Оюутолгой ХХК-д ажилд орно гэж анкет бөгөлсөн үү? Хүн асуугаад байна гэж асуухаар нь тэр хүнтэй нь 80810810 дугаарын утсаар нь ярихад Оюутолгой ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.П гэж хүн байна. Манайх засгийн газрын орлоготой монгол хөтөлбөрийн хүрээнд хүмүүс ажилд авах гэж байгаа юм. Таны анкеттай танилцаад холбогдож байна. Та нөгөөдөр Ханбогд сум дээр ирж ярилцалгад орох боломжтой байна уу гэсэн. Манай компани сургалт явуулж ажилчдаа авдаг болсон. Та сургалтын зардал сертификатны мөнгө 286.500 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн. 5557170799 гэсэн данс ирүүлхээр нь би эхнэрийн данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа эргэлзээд хүмүүсээс Оюутолгойн хүний нөөцийн мэргэжилтэн нь Б.П гэж хүн мөн эсэхийг асуулгахад ажиллаж байгаад гарсан байна гэсэн. Би уулзаж байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/

-хохирогч Б.Түвшинбаатар, шүүгдэгч Б.П нарын харилцсан мессежний хуулбар зураг /2-р хх-ийн 36/

-Б.Пүрэвсүрэгийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 45/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 05 сарын 27 ны үед фэйсбүүк дээр Түвшинбаатар таксинд явна гээд гар утасны дугаараа үлдээсэн байсан. Тухайн дугаар руу нь залгаад Түвшинбаатар ах мөн үү? Та Оюутолгой ХХК-д ажилд орохоор анкет бөгөлсөн үү гэхэд өмнө анкет өгсөн гэхээр нь ажилд орох уу гэхэд тэгье гэсэн. Би айди картны  мөнгө хэрэг болно гэхэд эргээд ярина гээд утасаа салгасан. 5 минутын дараа залгаад хэдэн төгрөг болохыг асуухаар нь 285.000 болно гэхэд дансны дугаараа өгчих гэхээр нь өөрийн 5557170799 дугаарыг өгсөн. Намайг хэн гэдэг юм бэ гэхээр нь Оюутолгой ХХК-ийн хүний нөөц Б.П гэхэд баярлалаа гээд салгасан. Удалгүй 285.000 төгрөг данс руу орж ирсэн. 2 хоногийн дараа Түвшинбаатар надруу залгаад чамайг бөөдөж ална. Хаана байгаа газраас чинь олж ална гэхээр нь 200.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/

 

8. Хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх фэйсбүүкээр сурталчилгаа явуулж хүлэмжээ зардаг юм. 2018 оны 5 сарын эхээр 98907777 дугаараас залгаад Ханбогд сумаас ярьж байна. 30 аад хүлэмжийн гэрээ хийх гэсэн юм. Танайх боломжтой байна уу гэхээр нь боломжтой гэсэн. Өөрийгөө Оюутолгой ХХК-ний хангамжийн албаны ажилтан Б.П гэсэн. 6 сарын 1-нд 80810810 дугаараас залгаж Оюутолгой компаний менежер байна та яаралтай ирж уулз 2 хүний тийзний мөнгө шилжүүлчих  гээд өөрийнхөө 5557170799 дугаарын дансыг өгөхөөр нь 5622102126 дугаарын данснаас 432.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дугаарууд руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд фэйсбүүкээс дугаараар нь хайж үзэхэд олон хүн намайг залилсан гээд пост бичсэн байсан. Дансны хуулгаа үзэхэд Батцэдэв овогтой Б.П гэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/

-хохирогч Б.Мөнхжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 79/

-хохирогч Б.Мөнхжаргалаас Б.Пд мөнгө шилжүүлсэн гэх шилжүүлгийн мэдээлэлийн баримт /1-р хх-ийн 161/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 06 сарын 01-ний өдөр Б.Мөнхжаргал гэх хүнээс Оюутолгойд хүлэмж бариулах гэсэн юм. Таны онгоцны тийзийг захиалах гэсэн юм гэж хэлэн хуурч 432.000 төгрөг авч залилсан гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178/

 

9. Хохирогч Б.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Санчирын утас руу 80810810 дугаараас залгаад Оюутолгой ХХК-ийн автобаазын дарга байна. Машины эйр кондейшн цэнэглүүлнэ гээд ярилцаж тохирсон. Тэгээд тэр хүн биднийг айди инженертэйгээ холбож өгнө гээд 98907777 гэсэн дугаар өгсөн.  Залгахад сайн байна уу Оюутолгой ХХК-ийн айди инженер байна. таньд юугаар туслах вэ гээд үүрэн телефоны оператор шиг л хариулсан. Танай авто баазын даргатай ярьсан, өөрт чинь айди захиалаарай гэсэн гэхэд тэр хэдэн хүн ирэх юм гэсэн. 3 хүн гэхэд регистрийн дугаар овог нэрийг өг гээд аваад утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа өөрөө залгаад хоол байрны төлбөр 180.000 төгрөг болно гэхээр нь бид өгье гэхэд ажил тархаас өмнө шилжүүлээрэй гээд 5557170799 Б.П Оюутолгой ХХК-ийн айди инженер гэж мессеж явуулсан.  Оройхон нь ажил тарахын алдад дахин дахин 98907777 гэсэн дугаараас залгаад айдиг чинь захиалчихмаар байна. Мөнгөө шилжүүл гээд байхаар нь би эхнэрийн данснаас шилжүүлсэн. Дахин яриад бид одоо Улаанбаатараас гарлаа гэхэд ок маргааш Оюутолгойн шалган дээр ирээд залгаарай гэсэн. Явж ирээд залгахад утас нь холбогдохгүй байсан. 80810810 дугаар луу залгахад биднийг Ханбогд суманд оч тэнд байр хоол бэлдсэн байгаа тосож авах хүний дугаарыг мессежээр явуулна гэсэн. Ханбогд дээр очоод залгахад хуралтай байна одоохон гээд утсаа салгасан. Бид ер нь нэг биш гээд 98907777, 80810810 дугааруудыг фэйсбүүкээс хайхад энэ дугаартай хүнийг хайж байна гэсэн байсан. Тэгээд бид цагдаад хандсан. Улаанбаатараас Ханбогд руу ирж очсон замын зардал 400.000 төгрөг нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг  /3-р хх-ийн 102-103, 197/

-хохирогч Б.Амгалангаас шилжүүлсэн мөнгө Б.Пгийн данс руу орсон талаарх Б.Пгийн дансны хуулга /3-р хх-ийн 165/

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 06 сарын 13-нд Б.Амгалангаас  машины эйр кондэйшн цэнэглүүлнэ гэж худлаа хэлж 180.000 төгрөг дансаар шилжүүлж авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс хохирогч нарт хохирол төлсөн баримтууд 3-р хх-ийн 208, 213, 214, 217 дугаар тал, шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүгдэгч Б.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 121/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 180/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Пгийн хохирогч нарын эд хөрөнгийг хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Б.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч нарыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Б.Пг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Пд ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөнийг тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэр бүхий 9 хохирогч нь хохиролоо бүрэн барагдуулж авсан болох нь шүүхээс тэдэнд хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн хариу болон 3-р хавтаст хэргийн 208, 213-214, 217 дугаар талд авагдсан хохирол төлсөн тухай баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Шүүгдэгч Б.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тодорхой хугацаатай оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 1 хоног тутамыг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагт шилжүүлэн нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасч тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир нийт 30 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хангай овогт Б.Пг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгийн цагдан хоригдсон гуч хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасч, эдлэх ялыг  нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ