| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0730/Э |
| Дугаар | 767 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 767
2019 05 14 2019/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Т.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00724 0754 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4. эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамжны 169 тоотод оршин суух хаягтай, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, УУ91022336 регистрийн дугаартай, Т.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шархадны хоёрын автобусны буудлын орчимд иргэн А.Энэбишийн булган малгайг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00724 0754 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.С нь хохирогч А.Энэбишийн булган малгайг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч А.Энэбишийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байдаг Эрдэнэтолгойн 8-392 тоотоос Шархадны хоёрын буудал орж тамхи авах гэж яваад буудал дээр байх дэлгүүр орох гэж байтал гэнэт миний өмсөн явсан булган малгайг нэг залуу шүүрч аваад 2-ын буудлын урд талын гудамжаар ороод зугтаасан араас нь хартал 170-175 см өндөртай шар царайтай, туранхайвтар богино үстэй үсээ машиндсан гэмээр. Монголд хийсэн бор хүрэн булган буудаг малай. 58 размерийн эрэгтэй малгай доторлогоо нь хар өнгөтөй 3 жилийн өмнө Нарантуул захаас 200.000 төгрөгөөр авч байсан. Одоо би энэ малгайгаа хэдээр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Дахиж харвал зүс царайгаар нь танина. Намайг дэлгүүр орох гээд алхаж байхад миний эгч өөдөөс алхаж ирж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/,
Гэрч Ж.Балдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутагт байх Шархадны 2-ын буудал орчимд байх грашнаас утсаар эхнэртэйгээ яриад гарч иртэл миний урдуур булган малгай энгэртээ хийсэн хар куртик өмссөн залуу гүйсэн юм. Ингээд би цааш явж байтал нэг настай ах гарч ирээд нэгзалуу малгай аваад зугтлаа гэжхэлсэн тул би нөгөө гүйсэн залуугийн араас хөөтөл уг гудамж нь олон эргэсэн гудамж байсан тул би араас нь гүйгээд очсон боловч олоогүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн:
Монголд хийсэн, үйлдвэрлэсэн эрэгтэй булган малгай 100.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 тал/,
Шүүгдэгч Т.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ 13 цагийн үед Да хүрээ зах орох гээд гарсан. Да хүрээ зах дээр машин үзэж явж байгаад 15 цагийн орчмын үед Да хүрээ захын машин зардаг ах нартай архи ууж байгаад Баязүрх дүүргийн 17 дугаар хороо, 2-ын автобусны буудал дээр байх Алимхан нэртэй хүнсний дэлгүүр орж юм аваад гарч байгаад хаашаа явснаа мэдэхгүй согтуу байсан. Удалгүй архи гарахад хар өнгийн малгай өмсчихсөн байсан. Манай найз Сонинбилэг "чи юун малгай өмсчихсөн юм бэ" гэж хэлэхэд гэнэт ухаан ороод 2-ын буудлын Алимхан дэлгүүрийн худалдагчид аваачиж өгөх гээд очсон чинь дэлгүүр дотор малгайны эзэх гэх 40 орчим насны эрэгтэй хүн байхаар нь "май малгайгаа ав уучлаарай" гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3, 5 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Сгийн иргэн А.Энэбишийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Энэбиш нь "хавтаст хэргийн материалтай уншиж танилцсан бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд малгайгаа бүрэн бүтэн буцааж авсан" /хх-ийн 68 тал/ гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Т.Сд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгчид хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.С нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 37 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгчид шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн учир түүнд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.С бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.Сг хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир 37 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ