Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 763

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         05          14                                   2019/ШЦТ/763

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Дд холбогдох эрүүгийн 1806 09388 0787 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1977 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 38-570 тоотод оршин суух, урьд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 29 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ЦЕ77022718 регистрийн дугаартай, Боржигон овогт С.Д,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эцэг болох ахмад настан Ц.Сүхбаатартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 48 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 441 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 1450 дугаартай захирамжаар тогтоож байх ба 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 38-570 тоотод буюу өөрийн гэртээ төрсөн эцэг болох ахмад настан Ц.Сүхбаатараас мөнгө өг гэж дайрч доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, гэр бүлий хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн,

С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эгч С.Даваацэрэнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 188 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 48 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 1450 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 38-570 тоотод буюу өөрийн гэртээ төрсөн эгч С.Даваацэрэнг ална, янхан гичий гэж доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 09388 0787 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч С.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгчтэйгээ байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг төрсөн эцэг буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай хүү С.Д 18 настайгаасаа хойш архи бууж байна. Архи уухаараа гэрээсээ эд зүйл хулгай хийн зарж архиныхаа мөнгийг олдог. С.Д архи уухаараа байнга хэл амаар доромжилж агсам тавьж унтуулдаггүй. Зөндөө олон удаа баривчилгаанд явсан. Би гомдолтой байна. Хүү С.Дыг болж өгвөл олон хоног өөрөөсөө хол байлгамаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16/,

 

Хохирогч С.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай төрсөн дүү С.Д байнга архи уудаг, эрүүл өдөр байхгүй. Архи уухаараа намайг “ална, банзал гичий, пизда” гэж байнга хэл амаар доромжилж, архи авч өг, эсвэл мөнгө өг гэж дарамталдаг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар архи авч өг гэж орилоод байшингийн жижиг цонхыг чулуугаар хагалсан. Аав Ц.Сүхбаатарыг “дүлий, үхвэл таарна, чи 85 нас хүрчихээд үхэхгүй байна” гэж дарамталж архи авч өг гээд байдаг. 2018 онд удаа дараа цагдаа дуудаж 3 удаа баривчилгаанд явсан боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Гэр орондоо шар хадны архичид болон янз бүрийн хүн цуглуулж гэрээс үнэ хүрэх зүйлс, хашаанд байсан хүрз, сүх болон түлээний модыг зөөж архи уудаг. Хутга барьж агсам тавьдаг. Аав Ц.Сүхбаатар айгаад хутгаа нуудаг. 2 жилийн өмнө хүн хутгалаад шоронд орж байсан. Би маш их гомдолтой байна. Байнга ажил дээр очиж мөнгө нэхэж дарамталдаг. Удаа дараа цагдаад барьж өгөөд нэхэргүй, хэзээ энэ хүнд алуулах бол гэж айдаг. Энэ хүнтэй амьдрахад хэцүү байна, хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,   

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7, 85/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 39, 100/,

-гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-44/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэвэр, 2018 оны 3 дугаар 21-ний өдрийн 441 дүгээр шийтгэвэр, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1450 дугаар шийтгэвэр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар шийтгэвэр /хх-ийн 71-76/,

-эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 80/,

-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 45-61, 101-108/,

 

Шүүгдэгч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би архи ууж аав Ц.Сүхбаатартаа агсам тавьж, архины мөнгө нэхэж хэл амаар доромжилсон нь үнэн. Би архи уухаараа төрсөн эгч С.Даваацэрэнг янхан банзал гичий гэж доромжилдог нь үнэн. Архи ууж согтхоороо тэгээд хэлчихсэн байдаг юм. Тэгээд маргааш нь архи гархаар эгчээсээ уучлал гуйдаг. Би бараг 20 жил архи ууж аав эгч хоёроо зовоосон нь үнэн. Өөрийнхөө бурууг ойлгож гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 98/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс С.Даваацэрэнгийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-ийн 21/, шүүгдэгч С.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 68-68/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар захирамж /хх-ийн 69/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь төрсөн эцэг Ц.Сүхбаатар, төрсөн эгч С.Даваацэрэн нартай байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн хүүхэд болох шүүгдэгч С.Д  нь өөрийн төрсөн эцэг, эгч гэх хүмүүстийн сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, эдийн засагт нь халдах буюу эд зүйлийг нь худалдан борлуулах, бие махбодод халдсан буюу цохиж зодсон, агсам тавьж биед нь гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг олгоно.

 

Иймд шүүгдэгч С.Дын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга хэрцгий харьцаж, тарчлаасан, дээрх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул С.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Дыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 83 настай төрсөн эцэг буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын санал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Дыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар найман сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч С.Дыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жил, арван сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын цагдан хоригдсон нийт дөрөв хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ