| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2033001130008 |
| Дугаар | 69 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 69
Л.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, Г.Амартүвшин /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, Л.Хд холбогдох 2033001130008 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Х.
Шүүгдэгч Л.Х нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхдаа холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг зөрчиж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэн 2 дугаар гудамжны 42 тоотод хахууль өгөгч Б.Бгаас “Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйч багшаар ажилд оруулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Л.Хг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгж буюу 5.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь прокурорын газраас шүүгдэгч Л.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2033001130008 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнхдөл бичсэн эсэргүүцэлдээ “... шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл шууд хахууль өгөхийг шаардсан, авсан бол хүндрүүлэн авч үзэх бөгөөд гэрч Б.Б, Б.Батсүх нарын мэдүүлгүүдээр Л.Х нь Б.Бг цэцэрлэгийн арга зүйчээр авч ажиллуулахаас өмнө биечлэн уулзаж “надад мөнгө хэрэгтэй, чамд ажил хэрэгтэй” гэж хясан боогдуулах замаар Б.Бадамтуягаас 500.000 төгрөг авсан гэх нөхцөл байдалд хөтөлбөргүй тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх хуулийн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Л.Х нь Б.Бгаас 500.000 төгрөг авсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба “эргэлзээ”, “нотлогдохгүй” байх гэх ойлголт хоёр өөр ойлголт юм. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг давж заалдах шатны шүүх ялгаж салгаагүй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан Батсүхийн Б.Бгийн 5031544109 дугаартай Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн депозит дансны “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийн зарлага гарсан” гэх дэлгэрэнгүй хуулга, Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Ажилтан түр авч ажиллуулах тухай” тушаал, гэрч Б.Бгийн “... Манай сумын Цэцэрлэгийн эрхлэгч Хүрэлмаа гэх эм эмэгтэй намайг анх ажилд орсноос хойш ямар нэгэн байдлаар ажлын нөхцөл байдлаар дарамталдаг байсан. 2 сар болоход ямар нэгэн шийдвэр гарахгүй намайг ажилд авахгүй, гаднаас ирэх хүн нь ч ирэхгүй удсан. Тэгтэл ганц нэг хүмүүс надад наад хүн чинь хамгийн өндөр мөнгө өгсөн хүнийг нь ажилд авдаг шүү дээ, чамаас юм хараад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхэнтэйгээ болон нөхөр Б.Батсүхтэй ярьж байгаад идэш авах гээд бэлдэж байсан 500.000 төгрөгөө дугтуйнд хийгээд Хүрэлмаа эрхлэгчийн гарт нь өгсөн. Тэрнээс хойш нээх удалгүй 7 хоног орчим болоод миний ажилд орох тушаал гарсан. Намайг яг мөнгө өгөх үед бид хоёр хоёулханаа байсан. Намайг Х эрхлэгчид мөнгө өгсөн гэдгийг манай нөхөр Б.Батсүх мэдэж байгаа, өөр хүн мэдэхгүй. Олон багш сонгон шалгаруулалтанд орж байгаа болохоор намайг харж үзээсэй ажилд орьё гэж л 500.000 төгрөгийг дугуйнд хийж гэрт нь аваачиж өгсөн. Буцааж авна гэж өгөөгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батсүхийн “Х эгч рүү тухайн үед чат бичээд ажилд орох тухайгаа ярьсан. Тэгсэн Хэгч нааштай юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь та тэгүүл дансаа өгчих гэж хэлтэл бэлнээр авна гэсэн. Тухайн үед эхнэр бид хоёрт идэш авах гээд байсан мөнгө нь 500.000 төгрөг байсан. Тэрийгээ манай эхнэр өөрийнхөө банкны данснаас авсан. Хүрэлмаа эгчийн гадаа очоод эхнэр маань ганцаараа ороод Хүрэлмаа эгчид мөнгийг нь өгчхөөд гараад ирсэн. Тэрнээс хойш нээх удалгүй ажилд орсон тушаал нь гарсан. Х дарга өөрийнхөө 99766076 дугаарын утаснаас миний утас руу залгаж ажил дээрээ ирчихлээ хүрээд ир гэж дуудсан. Тэгэхэд Х дарга “би энэ байдлаа ах дүү нартаа хэлсэн. Мөнгө авсан гэдгээ засаг даргын орлогч Отгонгэрэл, нөхөр Ганболдод хэлчихсэн байгаа. Мөнгөө зээлсэн гэдгээр яваад өргөдлөө буцаагаад авчих, би мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Нөгөөдөр нь Хүрэлмаа даргатай Б.Б утсаар яриад яасан хэзээ уулзах юм гэж асуух гэхэд Батсүх ирж уучлалт гуйсан. Та нарыг өгдөг газарт чинь өгнө гэж хэлээд утсаа тасалсан байсан. Анх Х дарга 500.000 төгрөг авахдаа би оюутан хүүхэдтэй надад мөнгө хэрэгтэй, та хоёрт ажил хэрэгтэй гэж хэлээд 500.000 төгрөг бэлнээр авч байсан” гэсэн мэдүүлэг гэх бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудаар Л.Х нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэн 2 дугаар гудамжны 42 тоотод хахууль өгөгч Б.Бгаас “Арга зүйч багшаар ажилд оруулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шийдвэртэй зөрүүтэй байдлаар нотлох баримтыг тайлбарлан үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг журамлан Л.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ” гэснийг зөрчиж, шүүх хуралдааны товыг прокурорт мэдэгдээгүй, шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас давж заалдах шатны шүүх хуралд прокурор оролцож хэргийн талаар дүгнэлт, санал хэлэх боломжийг хангаагүй байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ДШМ/01 дугаартай магадлалыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад тус шүүхэд хурлын тов ирүүлээгүй талаар лавлагаа хүсэхэд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн гэх баримттай танилцахад сум дундын шүүхийн албан ёсны бүртгэлтэй цахим [email protected] гэх хаягнаас зөрүүтэй буюу [email protected] гэх буруу хаягт хүргүүлсэн болох нь тогтоогдсон.
Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ДШМ/01 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудыг няцаасан үндэслэл, дүгнэлтийг хийж чадаагүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйчийн орон тоо 2017 онд батлагдаж, 2018 онд санхүүжилт нь орж ирсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн ажлын байрны зарыг тавьсан боловч тухайн суманд гэрч Б.Бгаас өөр энэ ажлын байранд тэнцэх, шаардлага хангах этгээд байгаагүй гэдгийг шүүгдэгч мэдэх бүрэн боломжтой байсан. Мөн шүүгдэгч Л.Х нь гэрчид урьдчилан сонгон шалгаруулалт явуулах талаар мэдээллийг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийн нэг хэсэгт заасан “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 38 минутад дархан посс машинаас зарлага гарсан байхад Сэлэнгэ аймгийн Сант сумын тооцооны төвөөс тухайн мөнгийг авсан гэх үйл баримт эргэлзээтэй” байна гэж дүгнэсэн. Хаан банкны 18001917 дугаараас лавлахад тухайн посс машин буюу дархан 5053 дугаартай АТМ нь Сэлэнгэ аймгийн Сант суманд байрладаг гэсэн мэдээллийг өгсөн. Давж заалдах шатны шүүх таамаглал дэвшүүлсэн, хууль зүйн үндэслэл бүхий няцаалт, дүгнэлтийг хийж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан зөв шийдвэр болсон. Уг хэрэг нь гэрч Б.Бгийн мэдүүлгээр яваад байгаа. Прокурорын зүгээс гэрч Б.Б, түүний нөхөр Батсүх нарын мэдүүлгийг үнэлдэг. Батсүх нь Б.Бтай ашиг сонирхол нэгтэй хүн, Б.Б нь Л.Хтай хувийн таарамжгүй харилцаатай байдаг үүднээс “би чамайг унагаана, харж байгаарай” гэсэн заналхийлсэн зүйл өмнө нь зөндөө байсан. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амартүвшин хэлсэн саналдаа “... прокурор “давж заалдах шатны шүүх нотлох баримтыг судлахдаа магадлах аргаар буюу бусад нотлох баримтуудтай харьцуулаагүй” гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож байгаа учир шүүхийн дүгнэлт зөрүүтэй хийгдэх нь тодорхой байх. Давж заалдах шатны шүүх Б.Бгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг маш их нягталж үзсэн байгаа юм. Гомдол гаргахдаа намайг сонгон шалгаруулж авахад нэг ч багш оролцуулаагүй гэсэн үндэслэл заасан ба Л.Х өөрөө 500.000 төгрөг авсан гэдгээ хамт олны хурал дээр хэлсэн гээд тусгаж, хүч нэмэгдүүлэхээр цагдаагийн байгууллага шалгасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шалгалтыг Отгондулам, Оюунтуяа багш нар авсан, мөн хамт олны хурал дээр 500.000 төгрөгийг авсан гэдэг зүйл хэлээгүй болох нь тогтоогддог. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгож байгаа. Гэтэл тухайн гэрч нар хамт олны хурлаас сонссон зүйлээ хэлсэн болохоос 500.000 төгрөг авсан талаар нэг ч гэрч хэлээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Х хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг үнэн зөв, бодитой гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Л.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хянан хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Л.Х нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгт шинээр батлагдсан “арга зүйч багш”-ийн ажилд Б.Бг авахдаа 500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ дүгнэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийн Л.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Хгийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... нийтийн албан тушаалтан Л.Х нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анхан шатны шүүх аль нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, “Л.Х нь Б.Бгаас 500.000 төгрөг авсан” гэх хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй гэж дүгнэн “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН