Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч А ХК-нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХК-нийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Татварын хэлтэс нь Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот тушаал болон 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 552 дугаар тушаалыг үндэслэн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот хяналт шалгалт хийх ажлын удирдамж батлан А ХК-д 2014 онд бүтэн жил хяналт шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот акт гаргасан байдаг. Уг актаар нийт 426098802 төгрөгийн төлбөр ногдуулсныг тус компаниас эс зөвшөөрч Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Үүний дагуу маргаан таслах зөвлөл хянаж үзээд 356014266 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар Татварын Ерөнхий газрын дарга нь хяналт шалгалтын эрэмбэ харъяаллыг тогтоож, 2013 оны 2 сарын 06-ны өдрийн 69 дүгээр тушаал, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дээрх тушаал өөрчлөлт оруулсан 552 дугаар тушаалыг тус тус гаргасан. Энэхүү тушаалын хавсралтанд зааснаар А ХК-нийн 3 жилийн /2010, 2011, 2012 он/ татварын тайланд хяналт шалгалт хийхээр маш тодорхой зааж өгсөн. Гэтэл үүнийг Ховд аймгийн Татварын хэлтэс зөрчиж, 4 жил болгон хууль зөрчсөн.

Ховд аймгийн Татварын хэлтэс нь 2014 оны 2 дугаар сард хяналт шалгалт хийх ажлын удирдамж баталсан байдаг. Энэхүү удирдамжийн 3.1-д 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм-ийг удирдлага болгон хийхээр тусгасан. Ингээд хяналт шалгалтын ажил эхлүүлэх үед уг дүрэм нь хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Үүнээс харахад Ховд аймгийн татварын хэлтэс нь хүчингүй болгосон дүрмээр хяналт шалгалтаа явуулсан, мөн шинээр батлагдсан журмыг удирдлага болгон хяналт шалгалтаа явуулах байтал Удирдамжаа шинэчлэн батлаагүй болно. Энэхүү үйл ажиллагаа нь Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйл, Татварын улсын байцаагчид хориглох зүйл буюу 30.1.1 татварын хяналт шалгалтын удирдамж, томилолтгүйгээр хийх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн А ХК-нийн татварын баримтанд шалгалт хийхдээ татварын улсын байцаагч нар Аврасиа ХХК болон Далайдорж ХХК-тай холбоотой худалдан авалт хийсэн анхан шатны баримтуудыг гүйцэд шалгаагүй, тус компаниудаас бичилт хийгдэж ирсэн НӨАТ-ын паданыг А ХК нь зохих журмын дагуу цахим хуудаст шивэхэд хүлээн авсан бөгөөд манай компанийн зүгээс зохих худалдан авалтыг хийж, анхан шатны санхүүгийн баримтаар баталгаажсан байгааг анхаарч үзээгүй нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчийг хүргэсэн илт хууль бус акт юм.

А ХК-иас дээрх акттай холбогдуулан тус шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хуульд хамруулан төлбөрийг чөлөөлүүлэх болгон өөрчилсөн бөгөөд шүүхээс уг асуудлын хүрээнд буюу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан хянан хэлэлцэж Улсын дээд шүүхээс тогтоол гарсан. Уг хянан хэлэлцсэн хэрэг нь энэхүү гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай асуудлаар шийдвэрлээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа үл хамаарна гэж зохицуулсан болно гэжээ.

 

Хариуцагч, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татвараа хугацаандаа төлөөгүй алданги нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т аж ахуйн нэгж байгууллага нь тээврийн хэрэгслийн жилийн татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн 25-ны дотор төлж, дараа оны 2 сарын 15-ны дотор тайлангаа ирүүлнэ гэж заасны дагуу тооцоологдсон. Энэ зөрчилд 2010 онд 52300, 2011 онд 567500, 2012 онд 229600 төгрөгийн, 2013 онд 1264700 төгрөгийн нөхөн төлбөр тооцоолсон. 2012 онд 26704700 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаандаа төлөөгүй байсан нь Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн тул 10599095 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон. Мөн 2012 онд 78575464 төгрөгийн, 2013 онд 218890778 төгрөгийн, нийт 297466242 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хугацаандаа төлөөгүй байсан нь Монгол улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчсөн тул 2012 онд 7005035 төгрөгийн, 2013 онд 6113620 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон. Мөн А ХК-нийн татварыг 2012 онд 60 хоногийн хугацаатай сунгасан нь Ховд аймгийн Татварын хэлтсийн даргын тушаал гаргаагүй байгаа тул тооцооллоос хасагдах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Татвар хугацаандаа төлөөгүй торгууль, алданги 201741600 төгрөгөөр тооцогдоно.

2. 2013 онд 13806582 төгрөгийг усны нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй байсан нь Монгол улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасныг зөрчсөн тул 20230351 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооллоос Далайдорж ХХК болон Аврасиа ХХК нь Татварын албанаас НӨАТ-ын падан авсан гэх боловч хуурамч падан тараасан гэж Татварын Ерөнхий газарт бүртгэгдэн шалгагдаж байгаа тул тус компаниас авсан паданыг хуурамч падан гэж үзэж нөхөн төлбөр тооцсон. Мөн суудлын автомашин худалдаж авахад төлсөн НӨАТ-ыг хасагдах НӨАТ-т тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4-д заасныг зөрчсөн тул 2012 онд хуурамч паданы 1499269309 төгрөгийн зөрчилд 243385411 төгрөгийн нөхөн төлбөр, 2012 онд суудлын автомашины сэлбэг, эд ангийн 76884180 төгрөгийн зөрчилд 11304590 төгрөгийн, 2013 онд 12622264 төгрөгийн зөрчилд 1839021 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон.

4. Нийт онуудад шалгалт хийхэд баримтаар нотлогдоогүй учир баримтгүй зардлыг зардалд тусгаж нийт 108579856 төгрөгийн зөрчил илэрч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул 2010 онд 3817502 төгрөгийн, 2011 онд 10149358 төгрөгийн, 2012 онд 1201208 төгрөгийн, 2013 онд 3433535 төгрөгийн актын төлбөр тооцсон.

5. Иргэдэд ажлын хөлс, тээврийн хөлс болон бусад орлого олгохдоо татвар суутгаагүй, мөн бараа материалын орлогыг иргэдэд олгохдоо татвар суутгаагүй олгосон зөрчил илэрсэн. Бараа материалын орлогыг иргэдэд олгохдоо татвар суутгалгүй олгож болох боловч Татварын Ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 584 тоот тушаалаар батлагдсан ТТ-12/2/ маягтаар тайлан гаргаж татварын албанд тушаагаагүй, мөн ТТ-12/1/ гаргаагүй зөрчил илэрсэн тул 2010-2013 онуудад 642571168 төгрөгийн зөрчилд 104905968 төгрөгийн актын төлбөр тооцогдсон болно.

6. Татварын Ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалаар 425857468 төгрөгийн зөрчилд оногдуулсан 41515386 төгрөгийн нөхөн татвар, 13870715 төгрөгийн торгууль, 14698434 төгрөгийн алданги, нийт 70084536 төгрөгийн төлбөрийг хасаж, 2503092733 төгрөгийн зөрчилд ногдох 206284141 төгрөгийн нөхөн татвар, 78016766 төгрөгийн торгууль, 71713357 төгрөгийн алданги, нийт 356014266 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актанд өөрчлөлт оруулсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуурамч НӨАТ-ын баримт гээд байгаа паданыг татварын сайтад шивэхэд хүлээн авч байсан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн хууль, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх журмын дагуу Татварын ерөнхий газраас гарсан НӨАТ-ын падан гэж ягаан падан байдаг. Мөн тэр падан дээр борлуулалт хийсэн аж ахуйн нэгжийн тамгатай байсан. Бид бодит худалдан авалттай байсан бөгөөд үүнийг би татварын сайт дээр шивэхэд хүлээн авсан бөгөөд бид тайлангаа илгээж, хууль болон олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа хийсэн. Гэтэл хуурамч баримт гаргасан гэх мэдээлэл нь хэзээ гарсан мэдээлэл юм бол, нэг газрын худалдан авалт нь хуурамч болохоор бусад нь бүгд дагаад хуурамч болдог юм уу. Бид хуулийн дагуу худалдан авч, бүртгэлээ хийсэн. Удирдамжийг надад танилцуулсан гэдэг дээр тайлбар хэлэхэд, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 552 дугаар татварын хэлтсийн даргын тушаалын хавсралтын дагуу манай компанийн 3 жилийн санхүүгийн баримтыг үзнэ гэж 2013 оны 02 дугаар сард утсаар мэдэгдсэний дагуу 2010, 2011, 2012 оныхоо татварын хяналтаа хийлгүүлж байсан. Харин 2013 оны баримтыг нэмэлтээр хүлээж авна гэдэг удирдамжийг надад 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надад танилцуулсан. Иймд хууль бус удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдсэн гэдгийг өмгөөлөгчтэйгөө ярилцаж зөвлөсний үндсэн дээр ойлгож байгаа юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид татварын хяналт шалгалтыг хийхдээ 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу хийж эхэлсэн Энэ хугацаанд 2008 оны дүрэм нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. А ХК-нийн санхүүгийн анхан шатны баримтыг шалгах явцад хуурамч НӨАТ-ын баримтууд гарч ирсэн. Бид Татварын ерөнхий газрын сайт дээр татвар төлөгчдийн анхааралд гээд Татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг баримтлан аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтыг хуурамчаар тараасан гэх компаниудын нэрс гарсан байсан. Үүнийг үндэслэж тухайн аж ахуйн нэгж нь хуурамч баримт бичсэн гэж үзэж акт бичсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын хэлтэс нь нотлох баримтаар гаргаж өгсөн 552 тоот тушаалаар А ХК-нийг хяналт шалгалтад хамруулахаар ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгчийн гол дурдаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан байх гэх хууль зүйн үндэслэлтэй байх тул захиргааны актыг илт хууль бус гэж тооцож өгнө үү гэжээ. Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актад А ХК-ний Ховд аймгийн Татварын хэлтсийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу татварын хяналт шалгалтыг хуулийн дагуу гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал татварын хяналт шалгалтад гурван жилийг хамруулна гэж заасан байхад Ховд аймгийн Татварын хэлтэс нь дөрвөн жилийг хамруулан шалгасан гэж тайлбарлаж байна. Хяналт шалгалтын төлөвлөгөө нь 2013 онд батлагдаж, хяналт шалгалтыг 2014 онд гүйцэтгэж эхэлсэн. Учир нь А ХК нь татварын хяналт шалгалтад хамрагдах боломжгүй, мөн манай татварын хэлтсийн ажлын ачаалал их байсан учир 2014 онд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалт хийхдээ 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар удирдамжийг Татварын Ерөнхий хуулийн дагуу гаргасан ба удирдамжийг А ХК-д хүргүүлсэн боловч уг компани удирдамжид заасан хугацаанд баримт, материалуудаа ирүүлээгүй. Бид Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар заасан ба уг заалтын дагуу тус компанийн 4 жилийн баримтад хяналт шалгалт хийсэн. Энд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь Татварын Ерөнхий хуульд хамаарахгүй юм. Татварын хэлтэс нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд татварын хяналт шалгалтыг хийсэн юм. Хяналт шалгалтын үйл ажиллагааны удирдамжийг Татварын Ерөнхий газрын 2008 оны 192 дугаар тушаалыг баримталсан байна, 2014 оны хяналт шалгалтын дүрмийг баримтлах ёстой байсан тул хүчингүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Хяналт шалгалтын дүрэм нь зөвхөн татварын улсын байцаагчийн акт үйлдэх талаар заасан дүрэм юм. 2008 онд баталсан дүрэм нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Бид Татварын ерөнхий хуулийн дагуу удирдамжийг гаргасан ба хяналт шалгалт хийгдээд эхэлчихсэн байсан. Мөн 2014 оны 04 дүгээр сард 2008 оны хяналт шалгалтын дүрмийг өөрчилж, хүчингүй болгосон. Энэ нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдохгүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу тасралтгүй, шуурхай явагдах ёстой байдаг. Тэгэхээр хяналт шалгалтын журам гэдэг нь татварын улсын байцаагчид зориулсан дүрэм юм. Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус акт биш гэж үзэж байна.

НӨАТ-ын хуурамч падан дээр нэхэмжлэгч тал нь тайлбар хийхдээ бид хуурамч падан гэдгийг мэдэлгүй үйл ажиллагаа эрхлээд авсан гэж хэлэн хуурамч падан байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг хэн мэдэх ёстой вэ гэхээр татварын хэлтэс нь мэдэх ёстой юу, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Татварын ерөнхий хууль болон холбогдох хуулиудын дагуу санхүүгийн баримт бүрдүүлдэг А ХК мэдэх ёстой юу асуудал гарч ирнэ. Бид Татварын хуулийн хэрэгжилтийг шалгана. Хуурамч падан гэдэг нь хуурамч бичилттэй, худалдан авалт байхгүй, борлуулалтынхаа орлогыг бууруулах зорилготой гаргадаг падан юм. Энэ нь татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Мөн уг компанийн нягтлан бодогч нь хуурамч падантай гэдгийг мэдэхгүйгээр татварын сайт дээр бүртгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл санхүүгийн анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хангасан эсэхийг компани нь мэдэх үүрэгтэй юм гэв.

Бид хуулийн дагуу удирдамжаа хүргүүлсэн. Татварын хэлтсээс хүчин төгөлдөр акт гаргасан гэж үзэж байна. Татварын хяналт шалгалтын акт нь санхүүгийн анхан шатны баримтад алдаа байна уу гэдэг дээр шалгалт хийж, хүү торгууль, алданги тооцсон. Нэхэмжлэгч тал нь Эдийн засгийн ил тод байдал буюу өршөөлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд өршөөлд хамруулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Уг өршөөлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг татвар төлөгч тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өршөөлд хамруулдаг. Нэхэмжлэгч тал нь өршөөлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн тогтоолоор өршөөл үзүүлсэн юм. Манай байгууллагын ногдуулсан хариуцлагаас тодорхой хэмжээг нь өршөөсөн. Өршөөлд хамрагдахын тулд тухайн гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Нэхэмжлэгч тал нь актыг хүлээн зөвшөөрсөн тул Улсын Дээд шүүх өршөөлд хамруулсан. Гэтэл эргээд актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг зөрчиж байна. Иймд өршөөлд хамруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Татварын хэлтсийн актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 190010934 дүгээр акт нь Захиргаан ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус актад тооцогдоно гэж үзэж байна. Учир нь уг акт нь анх гарахдаа хүчингүй болсон буюу 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх дүрмийг баримталж, хяналт шалгалт явуулсан гэх ба үүнийхээ үр дүнд илрүүлсэн 356.014.266 төгрөгийг төл гэж шаардаж байгааг хууль бус гэж үзэж байгаа юм. 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан дүрэм нь зөвхөн татварын улсын байцаагчид зориулсан дүрэм гэж тайлбарлалаа. Гэтэл уг дүрмийн 1.1-д Энэхүү дүрмийн гол зорилго нь татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг хэрэгжүүлэн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж гүйцэтгэх, татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлсон болон татварын үр дүнг нягтлах хяналт шалгалтыг хийх, хяналт шалгалт хийсэн байцаагч акт, дүгнэлт бичих, биелэлтийг нь хангуулах... гэжээ. Гэтэл уг дүрмийн дагуу хяналт шалгалтаа хийж байх явцад 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/401 тушаалаар дээрх дүрмийг хүчингүй болгож, журам болгож баталсан байна. Хүчингүй болгосон дүрэм болон шинэчлэн баталсан журамд зааснаар тухайн татварын төлөвлөгөөнд татварын байцаагч нь өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Гэтэл уг дүрмийн өөрчлөлттэй холбогдуулан ирээдүйд гарах эрсдэлийг тооцоолж болох байсан. Уг татварын акт нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан байх ба уг актыг гаргахдаа баримталсан үндэслэлдээ 2014 оны 04 дүгээр сард хүчингүй болсон дүрмийг баримталсан байна. Мөн маргаан бүхий акт гарахдаа материаллаг эрх зүйн болон формаль эрх зүйн шаардлагыг хангаж байж гардаг. Формаль эрх зүйн хүрээнд тавигдах шаардлага нь хэм хэмжээ, чиг үүрэг, үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ хамаардаг. Харин материаллаг эрх зүйн шаардлагад ямар эрх зүйн хүрээнд хэрэгжих ёстой вэ гэдгийг хангаж гарсан байх ёстой. Уг акт нь анх гарахдаа материаллаг эрх зүйн болон формаль эрх зүйн шаардлагыг хангаж гараагүй гэж үзэж байна. Тухайн актыг гаргаж байгаа удирдамж ч буруу гарсан юм. Татварын газраас хяналт шалгалт хийх удирдамжаа байгууллагууддаа хүргүүлснээр хяналт шалгалтыг хийж, үүний үндсэн дээр уг акт маань гарч байгаа юм. Уг акт нь буруу гаргасан удирдамжийнхаа хүрээнд гарсан гэж үзэж байна.

Мөн маргаан бүхий акт гарах болсон эрх зүйн үндэслэл нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар хүчингүй болсон дүрмийг үндэслэн гарсан байна. Тухайн акт нь гарахдаа удирдамж нь хүчин төгөлдөр байсан буюу хүчин төгөлдөр шаардлагыг хангаж байсан ч гэсэн процессын шатанд хүчингүй болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна. Үүнийг үндэслэж, улсын байцаагч акт гаргасан байна.

Удирдамжийн тухайд гэвэл Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд зааснаар удирдамжийг танилцуулж, гарын үсэг зуруулах ёстой гэдэг дээр хариуцлагын асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч талаас утсаар ярьж удирдамжийг танилцуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд удирдамжийг танилцуулж, гарын үсэг зуруулсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Бидний гол гаргаж байгаа маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдлийг үйлдэхийг шаардсан гэж үзэж байгаа асуудал юм. Учир нь хүчингүй болсон актаар тогтоосон мөнгөн төлбөрийг төл гэж шаардаж байгаа нь хууль бус үйлдлийг үйлдэхийг шаардсан гэж үзэж байгаа юм. Мөн тухайн хууль, эрх зүй үндэслэл нь тодорхойгүй байгаа нь компанийн эрх ашгийг хөндөгдөхөд эрх зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХК нь Ховд аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Э, Д.Б, Ц.О, Д.Д, Ц.Б нарт холбогдуулан Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбаруудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын байцаагч Р.Э, Д.Б, Ц.О, Д.Д, Ц.Б нар нь А ХК-ны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийсэн ба А ХК-нд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг үндэслэн 247,799,528.7 төгрөгийн нөхөн татвар, 91,887,482.6 төгрөгийн торгууль, 86,411,791.5 төгрөгийн алданги, нийт 426,098,802,8 төгрөгийн төлбөрийн №160010934 дугаар акт тогтоосон байна.

А ХК нь уг актын талаар Ховд аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Э нарын 5 байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дугаар актаар тогтоосон 356,014,266.0 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэхийг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн 2014 оны 160010934 тоот актаар тогтоогдсон зөрчлийг өршөөл хамруулахыг өршөөлд хамруулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 289-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаар тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг баримтлан Ховд аймгийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дүгээр актаар ногдуулсан 78,016,766,80 төгрөгийн торгууль, 71,713,357,40 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд /4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ/ заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасан ба захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргагч хүлээн зөвшөөрсөн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байх хуулийн шаардлагыг биелүүлсэн байх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэл болж байна.

А ХК нь Ховд аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дүгээр актыг хүлээн зөвшөөрсөн, маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсноор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх тул 160010934 дугаар актыг хүчинтөгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ