Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 07

 

 

                                                                                         

Н.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 481 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл Азза” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

13.025.506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Болд- Эрдэнэ нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн захирлаар томилогдсон болно. Ажилд томилогдсон цагаасаа байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн өмчийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах талд анхаарлаа хандуулж явсаар ирсэн. Тус байгууллагын холбогдох санхүүжилт орж ирэхгүй байсны улмаас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болж улмаар миний бие өөрийн нэр дээр Төрийн банк /хуучнаар Хадгаламж банк/-наас 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж хувьдаа нэг ч төгрөг авалгүйгээр “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-нд 4 сарын хугацаатайгаар 10.000.000 төгрөгийг зээлсэн болно. 2012 оны 3 дугаар сараас хойш зээлсэн мөнгөө авч банкинд буцаан төлөх шаардлагатай байна, хүү нь яваад байна, үүнийг би өөрөө төлөөд байхад хүндрэлтэй байгаа талаараа нягтлан бодогчдоо хэлж байсан бөгөөд тухайн үедээ зээлсэн 10.000.000 төгрөг банкны хүүг нь хамт төлнө гэж байсан боловч байгууллагын санхүүгийн боломж олдохгүй байсны улмаас зээлсэн мөнгөө авч чадахгүй байсаар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоолоор захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж Б.Чимэдцэрэнг уг албан тушаалд томилсон. Зээлсэн мөнгөө банкны хүүний хамт авах тухайгаа Б.Чимэдцэрэнд хэлэхэд удахгүй 2 сарын дотор 10.000.000 төгрөгийг чинь банкинд төлсөн хүүгийн хамт төлж таны хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй байна.

Иймд миний бие өөрийн нэр дээр цалингийн зээл авч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-нд өгсөн 10.000.000 төгрөг болоод тухайн зээлтэй холбогдуулан хүүнд нь төлсөн 3.025.506 төгрөгийн надад учирсан хохирлын хамт нийт 13.025.506 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаний захирлаар ажилласан. Тус байгууллагын холбогдох санхүүжилт орж ирэхгүй байсны улмаас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болж улмаар миний бие өөрийн нэр дээр Хадгаламж банкнаас 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанид 4 сарын хугацаатайгаар зээлсэн. 2013 онд ажил хүлээлцэхэд энэ тухай Чимэдцэрэнд хэлэхэд удахгүй төлнө гэсэн байж одоо болохоор хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож төлөхгүй гэж байна. Анх би шүүхэд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч 2 сая төгрөгийг нь ээж маань өнгөрч ажилд явдалд нь хэрэглэх гэж “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаниас авсан байх тул нэхэмжлэлийнхээ шаардлагаас хасч байна. Иймд “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаниас үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3.025.506 төгрөг, нийт 11.025.506 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чимэдцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тухайн үед Болд-Эрдэнээс ажлыг нь хүлээж авсан бөгөөд ямар нэгэн өр төлбөрийн талаар бидэнд хандаж байгаагүй, компанийн хувьд Болд-Эрдэнэд ямар нэгэн өглөг байхгүй байсан. Тэрээр зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар нэг ч удаа бидэнд хандаж байгаагүй.Болд-Эрдэнэ нь гүйцэтгэх захирал байх хугацаандаа цалингийн зээл авч, уг зээлийн 10.000.000 төгрөгийг АЗЗА ТӨХКомпанид зээлсэн гэх боловч энэ нь огт үндэслэлгүй юм. Болд-Эрдэнэ нь нягтлан бодогчтойгоо хуйвалдан, үгсэн тохиролцож “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн өмнөөс хуурамчаар зээлийн гэрээ байгуулж, хувийн сонирхлоор өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ийм баримт бичиг үйлдэн их хэмжээний мөнгө компаниас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

Мөн “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтнууд нь их хэмжээний мөнгө болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийхдээ заавал ТУЗ-өөс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг боловч энэ шаардлагыг хангаагүй байдлаас үзэхэд ч гэсэн Болд-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгааг харуулж байгаа болно гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс "Хөвсгөл АЗЗА" Төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Санхүүгийн тайлан, баланстай нь танилцаж үзэхэд хуучин дарга Болд-Эрдэнэтэй холбоотой “Мэргэжлийн хяналтын газар”-ын байцаагчийн 15 төрлийн акт тавигдсан бөгөөд уг асуудлыг хууль хяналтын байгууллага, “Авилгатай тэмцэх газар”-т шалгуулж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компани нь Болд-Эрдэнээс 10.000.000 төгрөгийг зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь харагддаг боловч 2011, 2012 оны санхүүгийн тайланд тусгаагүй, жилийн эцэст хэн нэгэнд өглөг байхгүй гэж тусгасан байх тул Н.Болд-Эрдэнээс зээлж авсан мөнгийг компани төлж барагдуулсан гэж үзэж байна. Мөн “Төрийн өмчийн хороо”-ны дүрэмд заасан заалт ч байдаг. Иймд энэ баримтыг үндэслээд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 481 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компаниас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.025.506 /гурван сая хорин таван мянга таван зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.077 /хоёр зуун наян найман мянга далан долоо/ төгрөгөөс 223.078 /хоёр зуун хорин гурван мянга далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 64.999 /жаран дөрөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөг, хариуцагчаас 142.950 /зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Үүнд:

 1. Хэдийгээр Болд-Эрдэнэ нь “Хөвсгөл АЗЗА” ТӨХХ-д 2011-11-02-ны өдөр 10.0 сая төгрөгийг зээлсэн, өгч авалдсан байх боловч 2011, 2012 оны жилийн эцсийн тайлан тооцооны өглөг, өр зээлийн хэсэгт бусдад өгөх өр байхгүй болсон, төлж барагдуулсан гэж тайланд тусгагдаж, төрийн сангаар хянагдаж баталгаажсан байдаг. Байгууллагын 2011, 2012, оны жилийн эцсийн баталгаат тайланг Болд-Эрдэнэ өөрөө хянаж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдлаас үзэхэд ч гэсэн Болд-Эрдэнийн Хөвсгөл АЗЗА-ТӨХК-иас авах 10.000.000 төгрөгийг өөроө авснаа хүлээн зөвшөөрсөн тухай энэ нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй.

2. Компаниас Болд-Эрдэнэ нь 10.0 сая төгрөгөө буцаан авсан гэх анхан шатны нэгжийн баримтыг шүүх хариуцагчаас шаардаж, хариуцагч баримтаа гаргаж ирүүлээгүй байгаа нь хариуцагчийн татгалзал нь нотлогдохгүй, өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэлээ. Болд-Эрдэнэ “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2008-2013 оны 4 сар хүртэл ажиллаж байгаад маш их хэмжээний мөнгө дутагдуулсан үндэслэлээр дутагдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тэрээр 2011, 2012 онуудад Хөвсгөл АЗЗА ТӨХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд буюу байгууллагын бүх санхүүгийн үйл ажиллагааг хянаж, 1-р гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтан байсан. 2011-2012 онуудын санхүүгийн нэгжийн буюу анхан шатны баримтуудад уг 10 сая төгрөгийг захирал Болд-Эрдэнэд буцаан төлсөн гэх баримтыг санаатайгаар тусгаж баримтжуулаагүй байдаг. Энэ нь Болд-Эрдэнэ нь нягтлан бодогчтойгоо хуйвалдан устгасан байхыг үгүйсгэхгүй юм. Мөн Болд-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан нягтлан бодогч ажлаасаа халагдахдаа байгууллагын санхүүгийн программыг устгасан байдаг.

Гэхдээ “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн 2011, 2012 онуудын жилийн эцсийн санхүүгийн ... тайлангаар “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирал Болд-Эрдэнээс зээлж авсан 10.000.000 төгрөгийг 2012 онд төлж барагдуулсан болох нь нотлогдож байгааг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэнгүй.

Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр “2013 онд Болд-Эрдэнэ нь ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхэд акт үйлдсэн, уг актад Бол-Эрдэнэд өгөх өглөг тусгагдсан байх тул ажил хүлээлцэхэд үйлдсэн актыг холбогдох байгууллагаас шаардан гаргуулах” гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Уг актын талаар хариуцагч би тайлбарлахдаа “Ийм акт байгаа боловч шүүхэд өгөх гэхээр эх хувь нь яг одоо “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн санхүүгийн баримтанд байхгүй байна” гэж тайлбарлаж байсан. Харин уг акт нь “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа эсэхийг шүүх зайлшгүй тодруулж, нотлох баримтыг шаардан гаргуулах ёстой байсан. Энэ баримт нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт байсан юм. Иймд... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ зээлийн төлбөр 13.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хариуцагч санхүүгийн баримтанд  тусгаагүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Болд-Эрдэний тус компанид зээлдүүлсэн 10.0 сая төгрөгийн төлбөрийн талаар хариуцагч байгууллагын 2011, 2012 оны санхүүгийн тайланд тусгаагүй боловч 2011 оны “Авлага, өглөгийн товчоо тайлан”-д Хадгаламж банкинд 12.814.347 төгрөгийн тооцоотой  гэж бүртгэгдсэн байх ба Хөвсгөл АЗЗА ТӨХКомпаний даргын ажлыг хүлээлцэх үеийн санхүүгийн тайланд дээрх 10.0 сая төгрөгийн талаар хэрхэн бүртгэгдсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8.0 сая төгрөгийг гаргуулж, 3.025.0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

        Түүнчлэн  шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд  гаргасан тухайн хэрэгт  хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт  болох  зээлийн 10.0 сая төгрөгийн талаар тооцооны актыг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай хүсэлтийг хангахаас  татгалзаж шийдвэрлэсэн байх боловч татгалзлалыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, уг хүсэлтийг хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.3, 38.6,  105 дугаар зүйлийн 105. 2-д  заасныг зөрчсөн  байна.

          Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүй ба  нэхэмжлэгчийг  зээлийн гэрээний дагуу 10.0 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон, зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Дээрх  зөрчил нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д “ ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”,  168.1.7-д “ энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 481 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 лүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОБАРАМ

                               ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                       Т.ГАНБАТ

 

 

 

,