Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0592

 

 

                              “Э П Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О, хариуцагч Б.Б, Ц.Эн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэртэй, “Э П Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар:

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Бнараас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Батмөнх нараас шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Бнарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг хүчингүй болгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид нь татварын акт гаргахдаа захиргааны байгууллагаас акт гаргах, иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчсөн талаар, өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу огт явуулаагүй талаар, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн тухай тодорхой үндэслэлүүдээ дурдсан. Түүнчлэн Татварын ерөнхий хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан мэдээ баримт цуглуулах, татварын хяналт шалгалт хийхэд баримтлах журмыг зөрчсөн, хяналт шалгалт хийхдээ бусдын нөлөөнд үл автах, гагцхүү хууль эрх зүйн актыг удирдлага болгон ажиллах зарчмыг зөрчсөн талаар тодорхойгүй үндэслэл бүхий тайлбаруудыг хийсэн боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх тайлбаруудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцлага тооцохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... дагуу ажиллагаа хийгээгүй, ... зөрчлийн хэрэг нээлгүйгээр акт тавьсан, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчийн эрхийг эдлүүлэлгүйгээр акт тавьсан байна хэмээн зүй ёсны дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй болохыг тогтоосон боловч хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 6-10 жилийн өмнөх үйл ажиллагаанд татвар ногдуулсан талаар, ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр татварын актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй талаар тайлбараа гаргасан боловч анхан шатны шүүхэд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Түүнчлэн хариуцагчид нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй боловч дээрх хөөн хэлэлцэх хугацаанаас зайлсхийхийн процедурын хувьд Зөрчлийн тухай хуулийн заалтыг буцаан хэрэглэсэн хэмээх тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль зөрчсөн болохыг нотолж байна.

Хариуцагчид татварын актын гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Зөрчлийн тухай хуулийг үндэслэлгүйгээр буцаан хэрэглэсэн талаарх тайлбарыг нэхэмжлэл болон шүүхэд хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцохдоо ... зөрчлийн хэрэг нээлгүйгээр акт тавьсан ...” хэмээн нэхэмжлэгчийн 2008 оноос 2012 оны үйл ажиллагаанд 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх агуулгыг тусгасан нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

Хариуцагч анхан шатны шүүхийн хуралдааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн шийтгэвэр үйлдээгүй болохоо тодорхой тайлбарласан ба энэ нь татварын акт үйлдсэнээр илэрхий нотлогдож байхад анхан шатны шүүх хариуцагчийн захиргааны акт гаргах үйл ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа байсан мэтээр буруу ойлгосон нь шийдвэрээс харагдаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал нь зөрчил гаргасан болох нь тогтоогдсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагчид нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны актыг захиргааны шийдвэр гаргах журмын дагуу гаргасан бөгөөд ямар нэгэн зөрчлийн хэрэг бүртгэлт хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй, шийтгэлийн хуудас гаргаагүй болохоо мэдэгдэж байсан. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоогоогүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлт болон хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэн нь тогтоогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Татварын акт гаргах үндэслэл болсон 2014 оны 210000334 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн авсан даруйд нэхэмжлэгч нь өөрийн 2008-2012 оны үйл ажиллагаанд ямар нэгэн гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа байсныг бүрэн үгүйсгэж, холбогдох тайлбар, үндэслэл бүхий гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү гомдлыг огт хэлэлцэж шийдвэр гаргаагүй, холбогдох нотлох баримт гаргах, үндэслэл бүхий тайлбар гаргах бололцоогоор нэхэмжлэгчийг хангаж байгаагүй болно. Хариуцагчид нь Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим баримтлан ажилласан бол нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд бодит дүгнэлт хийж, үндэслэл бүхий захиргааны акт гаргах байсан. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлийг заажээ.

Татварын акт, дүгнэлтийг өөрчлөх эсвэл хүчингүй болгох эрхийг зөвхөн дээрх гурван заалтаар зохицуулж өгсөн ба 2014 оны 210000334 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох тухай Татварын ерөнхий хуулийн дагуу шийдвэр гараагүй байхад татварын хяналт шалгалтын ажиллагаа эхэлсэн төдийгүй хяналт шалгалт нь холбогдох хуулийг зөрчиж, үндэслэлгүй татварын актыг гаргасан.

Дээрх үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дугаар шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хэргийн нөхцөл байдлыг үндэслэлтэй дүгнэсэн боловч хууль буруу хэрэглэж маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Татварын улсын байцаагч нар 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Э П Э Э” ХХК-ийн 2008-2012 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлж, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 210000334 дүгээр дүгнэлт гаргажээ.

          Үүний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нарын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн болон 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтүүдээр дээрх татварын улсын байцаагч нарын илрүүлсэн хасагдахгүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар бууруулсан гэх 221,985,107,126.10 төгрөгийн /татварын улсын байцаагчийн 210000334 тоот дүгнэлтийн Хавсралт Хүснэгтийн 2,6, 9, 10, 15-д заасан/ зөрчлөөс 8,626,480,773.18 төгрөгийн зөрчил үндэслэлтэй гэж үзэж, уг зөрчилд 2,071,514,391.61 төгрөгийн татвар төлөхөөр байгааг тогтоосон байна.

          Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 157 дугаар тогтоолоор татвар төлөхөөс зайлсхийсэн боловч эрүүгийн хөнгөн гэмт хэргийн хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хаажээ.

          Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлаас нэхэмжлэгч “Э П Э Э” ХХК-ийг 2008-2012 онуудад зөрчил гаргасан болох нь тогтоогдсон талаар зөв дүгнэсэн атлаа нэгэнт тогтоогдсон зөрчилд дахин зөрчил шалгах ажиллагаа явуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ. 

          Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

          Уг хуулийн дагуу татварын улсын байцаагчийн 2014 онд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчилд нэгэнт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзсэн тул тухайн тогтоогдсон зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхэд дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчлийн хэрэг бүртгэлт хийж хүн, хуулийн этгээдийг зөрчил гаргасан эсэхийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд орших бөгөөд дээрх татварын улсын байцаагчийн 2014 онд илрүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон зөрчлийн тухайд дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч нэг талаас Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “татвар төлөх” нь иргэний үндсэн үүрэг бөгөөд нөгөө талаас татварын улсын байцаагчийн 2014 оны дүгнэлтийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ. 

Иймд нөхцөл байдлыг дахин тодруулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэж, татварын улсын байцаагчийн актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.