Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2023/0044

 

“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын

хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Д.Д, Ш.Э нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     Г.Банзрагч

              М.Батсуурь

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0227 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 208 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Ш.Э, Д.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Ц.Д, Н.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Б х” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ш.Э нарт холбогдуулан “... улсын байцаагч Д.Д, Ш.Э нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-********** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.      

Хэргийн нөхцөл байдал:

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 26********** тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу татварын улсын байцаагч Д.Д, Ш.Э нараас “Б х” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын  ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт (эрсдэлд суурилсан) шалгалтыг хийж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-********** дугаар нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

2.1. ... Татварын улсын байцаагч нарын 2021 оны НА-********** дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсэгт: 1. 2017 онд 2,236,501,234.48 төгрөгийн борлуулалтын орлогоос тус орлогыг олохтой холбогдон гарсан 1,312,826,224.64 төгрөгийн зардлыг хасч, 923,675,009.84 төгрөгийн татвар ногдуулах орлогыг тайлагнаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “жишиг үнийн арга”, 48.5-д “Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг “жишиг үнийн арга”,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг, (тооцооллыг хийхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтэст ирүүлсэн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны тайланд 2017 онд 219,000.00 тн, 2018 онд 199,900.00 тн, 2019 онд 31,960.00 тн, нийт 450,860.00 тн нүүрс олборлосноос, 2017 онд 111,150.22 тн, 2018 онд 193,555.86 тн, 2019 онд 38,488.62 тн, нийт 343,194.70 тн нүүрсийг тайланд тусгасан байна. Зөрүү 107,665.31 тн нүүрс тайлагнаагүй байгаа ...);

2. 2017 онд 2,236,501,234.48 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил, үйлчилгээ” гэж заасныг;

3. 2017 онд 2,236,501,234.48 төгрөгийн борлуулалтын орлогыг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь” гэж заасныг;

4. 2017 онд 107,665.31 тн буюу 107,665,310.00 төгрөгийн олборлосон нүүрсийг Агаарын бохирдлын төлбөрийн тайланд тусгаагүй зөрчил нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно”, 9.1-д “Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүний нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө” гэж заасныг;

5. 2018 онд 962,677,520.45 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “жишиг үнийн арга”, 48.5-д “Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг “жишиг үнийн арга””,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг (тооцооллыг хийхдээ С************* аймагт нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Э о” ХХК-ийн борлуулсан нүүрсний гэрээний үнэ 2018 онд 1 тн тутмыг 15.0 доллараар тооцов) тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 7,779,846,533.89 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.1.9.1.1, 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 575,863,217.34 төгрөгийн нөхөн татвар, 172,758,965.2 төгрөгийн торгууль, 115,172,643.47 төгрөгийн алданги, нийт 863,794,826.01 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Б х” ХХК-д акт тогтоожээ.

3. Нэхэмжлэгч “Б х” ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Үүнд:

3.1. “Нэг.Нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1-3 дугаар заасан ... 2017-2021 оныг хүртэлх олборлосон нүүрсний хэмжээг нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө борлуулсан хэмжээгээр бараа материалын орлогод авч бүртгэсэн бөгөөд зөрүүтэй гэх 107,665.31 тн нүүрсийг 2019 онд 6,520 тн, 2020 онд 10,391 тн, 2021 онд 41,298 тн, нийт 58,209 тн тус бүрийг тухайн тайлант жилүүдэд борлуулж санхүүгийн болон татварын тайландаа тусгаж холбогдох бүх татварыг төлсөн нь баталгаажсан санхүү татварын тайлангууд, мөн 2018 онд 36,100.0 тн нүүрс шатсан нь уурхайн ашиглалтын үйл ажиллагааны баталгаажсан тайлангуудаар нотлогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 4.1.1-д заасны дагуу бусдын өмчлөлд барааг шилжүүлснээр татвар ногдуулах үндэслэл бий болдог бөгөөд олборлосноор татвар ногдуулах үндэслэл болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д борлуулсан тохиолдолд татварыг ногдуулан тайлагнахаар хуульчилсан бөгөөд манай компани 2017 онд олборлосон 107,665.31 тн нүүрснээс 2019-2021 онуудад 58,209 тн нүүрсийг борлуулсан, 2018 онд дээрх нүүрснээс 36,100 тн нүүрс нь ердийн овоолгын явцад шатсан, 700 тн нүүрс хэмжилтийн зөрүү үүссэн бөгөөд 12,700 тн нүүрс нь 2021 оны жилийн эцсийн байдлаар борлуулагдаагүй үлдэгдэлтэй байсан. Энэ нь Ашигт малтмалын газрын баталгаажуулсан уурхайн үйл ажиллагааны тайлан болон 2021 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байдаг. ... 2019-2021 оны хугацаанд борлуулсан нүүрс болох 58,209 тн нүүрс нь экспортын борлуулалт бөгөөд энэ нь гаалийн байгууллагын бүртгэлээр батлагддаг.

3.2. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-т заасны дагуу 58,209 тн нүүрсийг дараагийн жилүүдэд борлуулалт хэрэгжсэн үед нь татвар ногдуулсан бөгөөд 36,100 тн нүүрс шатсан, үлдэгдэл нь хэмжилтийн зөрүү болон үлдэгдэлтэй болохыг холбогдох тайлангуудад тусгаж баталгаажуулсан, гэтэл татварын улсын байцаагч нь бодит нөхцөл байдлыг ул үндэслэлтэй, иж бүрэн тодорхойлоогүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг зөрчсөн шийдвэр, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан “шударга байх зарчим”-д мөн нийцэхгүй татвар төлөгчийн эрх ашгийг илтэд дордуулсан захиргааны акт.

3.3. Хоёр.Захиргааны актын тогтоох хэсгийн 5 дугаарт 2018 онд Татварын ерөнхий (2008 онд батлагдсан) хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.5-д заасныг баримтлан жишиг үнийг ашиглан “Э о” ХХК-ийн нүүрсний гэрээний үнэ болох 1 тн 15.0 доллароор тооцон гэрээний үнийг зөрүүтэй гэж үзэж ... нөхөн татвар, алданги, торгуулийн хамт ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Хуулийг алдаатай хэрэглэсэн нь: Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэж татварын зөрчлийг хянан шийдвэрлэх шаардлагатай байсан. Зөвхөн татвар төлөгчийн эрх зүйн байдал дордсон тохиолдолд л хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтыг агуулсаар байтал өмнөх Татварын ерөнхий хуулийг авч хэрэглэсэн нь захиргааны актын холбогдох хэсэгт хуулийг буруу хэрэглэсэн. Татварын ерөнхий хуулийн (2019 онд батлагдсан) 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр жишиг үнийг ашиглан татварын ногдлыг тодорхойлох бөгөөд манай компани нь 2018 онд буруу, дутуу бүртгэл хөтөлсөн, нуун дарагдуулсан зөрчил огт үйлдээгүй тул жишиг үнийг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг хангаагүй байсан, гэтэл байцаагч нь хүчингүй болсон хуулийг ашиглан татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан.

3.4. Хууль хэрэглэх явцад процессын алдаа гаргасан нь: Татварын ерөнхий хуулийн (2006 онд батлагдсан) 48 дугаар зүйлийн 48.5-д ... хэд хэдэн татвар төлөгчийн орлого зардлын тооцоонд үндэслэнэ гэж заасны дагуу 2 буюу түүнээс дээш татвар төлөгчийн орлого, зарлагатай харьцуулах шаардлагатай, гэтэл татварын улсын байцаагч нь “Э о” ХХК гэх ганц компанийн гэрээний мэдээлэлтэй харьцуулж нөхөн татвар ногдуулсан нь хуулийг хэрэглэх явцад процессын алдаа гаргаж илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. ... Манай байгууллагын гэрээний үнийг бодит бус үнэ хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бодит үнэ хэрэглэсэн гэж үзвэл Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан, “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын дагуу жишиг үнийг тогтоон татварыг ногдуулах эрх зүйн зохицуулалттай байсан. Гэрээний үнийг бууруулж татвар ногдуулах ямар ч зорилгогүй байсан бөгөөд тухайн зах зээлд тогтсон үнийн дагуу харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан.

3.5. Гурав.НА-********** дугаар актын тогтоох хэсгийн 4 дүгээр заасан 2017 онд 107,665.31 тн буюу 107,665,310.0 төгрөгийн олборлосон нүүрсийг Агаарын бохирдлын төлбөрийн тайланд тусгаагүй зөрчилд 161,497,965.0 төгрөгийн нөхөн татвар, торгууль болон алданги ногдуулсан, 2017 онд олборлосон нүүрснээс 107,665.31 төгрөгийн Агаарын бохирдлын төлбөрийг 2020 оны тайланд 10,390 тн болон 2021 онд 41,298 тн тус бүрийг тухайн онуудад олборлосон нүүрснээс нэмж тайлагнасан байгаа бөгөөд холбогдох төлбөрийг төлсөн.

3.6. Дөрөв. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тухайлсан зүйлийг тодорхой заагаагүй мөн тогтоох хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д нийцэхгүй байна” гэжээ.

4. Хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. ... 2020, 2021 онуудад хамаарах татварын хяналт шалгалт хийгдээгүй, албан томилолтод хамаарах 2017-2019 онуудыг дуусталх хугацаанд татварын хяналт шалгалт хийсэн. Тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2017 онд 3,526,415,612.84 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого, 64,036,285.09 төгрөгийн алдагдалтай, 2018 онд 6,263,949,337.45 төгрөгийн борлуулалтын орлого, 5,996,171,816.88 төгрөгийн хасагдах зардал, 267,77,520.57 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2019 онд 1,660,036,161.95 төгрөгийн борлуулалтын орлого, 1,992,606,570.43 төгрөгийн хасагдах зардалтай, 332,570,408.48 төгрөгийн алдагдалтай тайлан ирүүлсэн, 2017-2019 онуудад нийт 450,860.00 тн нүүрс олборлосноос 343,194.70 тн нүүрсийг БНХАУ-руу экспортолсон, санхүүгийн тайлангийн бараа материалын бүртгэлд огт тусгаагүй.

4.2. ... Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.5-д заасан “жишиг үнийн арга”-аар тооцохоор Сүхбаатар аймгийн Татварын хэлтэст хандахад “Т г” ХК (дотоодод), “Э о” ХХК (экспорт), “А и” ХХК-ийн (экспорт) мэдээллийг ирүүлсэн, мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанийн нүүрсний үнийг хянаагүй, харин “Т г” ХК-ийн 1 тн нүүрсийг 22,850 төгрөг (цэвэр 20,772 төгрөг) байхаар тус хорооны “Нүүрсний үнийн тооцоог хянах тухай” тогтоол гарсныг жишиг үнэ болгон хэрэглэсэн, мөн ярилцлагын тэмдэглэлээр, тайланд тусгаагүй, нүүрс байсан нь үнэн гэдгийг нотолсон.

4.3. ... 2018 онд 36,100 тн нүүрс шатсан нь тайлангуудаар нотлогдоно гэж гомдол гаргасан боловч нүүрс шатсан эсэх талаар удаа дараа нэхэмжлэгч компанийн захирал Г Х, нягтлан бодогч Д.О нартай ярилцаж тодруулахад мэдэхгүй, нотлох баримт байхгүй гэсэн тайлбарууд ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна. ... “Б х” ХХК 2018 онд 193,555.86 тн нүүрсийг 13 ам доллароор тооцож, тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцож 6,263,949,337.45 төгрөгийг ААНОАТТ-д тусгаж, жишиг үнийн аргаар 1 тн нүүрсийг 1 ам доллароор тооцож, тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцож 7,226,626,857.90 төгрөг, зөрүү 962,677,520.45 төгрөгийг зөрчлөөр тооцсон, ... Татварын төлөгчийн зөрчил нь 2017, 2018 онуудад хамаарах тул хуучин хуулийн заалтаар зөрчлийг ногдуулсан. ...” гэжээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 48 дугаар зүйлийн 48.5, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Д.Д, Ш.Э нарт холбогдох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Д.Д, Ш.Э нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-********** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 208 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Үүнд:

8.1. “... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 15, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 12.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д гэж заасан хуулиудаар борлуулсан үед нь татвар ногдуулах зохицуулалттай. Гэтэл татварын улсын байцаагч нь дээрх хуулиудыг зөрчиж тухайн ондоо борлуулаагүй буюу 2020 болон 2021 онд борлуулж холбогдох татварыг төлсөн бараанд 2017 онд борлуулсан гэж үзэж татвар ногдуулсан нь 1 орлогод 2 удаа татвар ногдуулж байгаа хэрэг бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг ноцтой хохироосон үйлдэл болж байна …гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2020 болон 2021 онд борлуулж холбогдох татварыг төлсөн бараанд 2017 онд борлуулсан гэж үзэж татвар ногдуулсан нь 1 орлогод 2 удаа татвар ногдуулсан” гэх хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. “Б х” ХХК нь 2017 онд 219,000 тн нүүрс олборлож, үүнээс 111,150.22 тн нүүрсийг борлуулснаар 107,665.31 тн нүүрсний үлдэгдэл үүссэн; татварын байгууллагаас нэхэмжлэгч компанийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын  ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт (эрсдэлд суурилсан) шалгалтыг хийж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-********** дугаар нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

11. Тус нөхөн ногдуулалтын актаар “Б х” ХХК 2017 онд татвар ногдуулах (үлдэгдэл нүүрс 107,665.31 тн хувьд) орлогыг тайлагнаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй (аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тайлан, агаарын бохирдлын төлбөрийн тайланд тус тус тусгаагүй зөрчил) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.  

12. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, ... орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг” гэж зааснаар “Б х” ХХК нь татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж, татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд юм.

13. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл (шүүхээс хийсэн), татварын хяналт шалгалтын ажиллагааны явцад гарсан тэмдэглэлүүд, уулын ажлын тайлан, татварын тайлангуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2017 онд 107,665.31 тн нүүрсний үлдэгдэлтэй, уг үлдэгдлийг нягтлан бодох бүртгэлийн тайлан болон татварын тайланд тайлагнаагүй нь тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар үгүйсгэн маргаагүй.

14. Нэхэмжлэгч тухайн ондоо санхүү болон татварын тайланд татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж тайлагнаагүйг татвар төлөгчийн үүргээ зөрчсөн гэж үзнэ, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Харин нэхэмжлэгчээс “2017 оны үлдэгдэл нүүрсийг 2019-2021 онд борлуулж санхүү болон татварын тайланд тусган холбогдох татварыг төлсөн ...” гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан хариуцагчийн хяналт шалгалтын тэмдэглэлээс үзвэл, хариуцагчаас удаа дараа үлдэгдэл нүүрстэй холбоотой тайлбар, баримтуудыг өгөх боломжоор хангасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй үйл баримтад холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад шүүхээс үлдэгдэл нүүрсийг дараа онуудад борлуулж, холбогдох татварыг төлсөн гэж үзэх боломжгүй.

16. Нэгэнт татвар төлөгч нь хуулиар хүлээсэн татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлд тусгаагүй, дээрх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “1 орлогод 2 удаа татвар төлсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

17. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0005 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0227 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б х” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Д.МӨНХТУЯА

  ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                М.БАТСУУРЬ

                       Х.БАТСҮРЭН