| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0860/Э |
| Дугаар | 863 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 863
2019 05 29 2019/ШЦТ/863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундуй овогт Ц.Б холбогдох эрүүгийн 1806 07474 0959 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1954 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Буман хишигтэн харуул хамгаалалтын газарт манаач ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 22б байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Зундуй овогт Ц.Б/РД:ЧМ54070979/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 19 тоотод өөрийн зээ хүү О.Тэргэлийн нүүр болон зүүн гарын бугалга, хөлийн шилбэ, нуруу хэсэгт хувцасны хуванцар ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07474 0959 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Бнь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч О.Тэргэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай өвөө Ц.Б гэртээ согтуу ирж намайг чи ээжийнхээ ах Хаш-Эрдэнийг намайг эзгүйд гэрт оруулж хооллож ундлаад байна гээд намайг өлгүүрний хатуу хуванцар ишээр миний зүүн гарны булчин руу 3 удаа цохиж дараа нь загнаж байгаад угаалгын өрөөнд оруулж гэрэл унтрааж удаан суулгаад дараа нь намайг чи үнэнээ хэлэхгүй юм уу гээд өлгүүрний хуванцар хатуу ишээр миний зүүн хөлний шилбэ рүү цохиж үснээс зулгааж унталгын өрөөнд оруулж үнэнээ хэл гээд урт цахилгааны залгуураар миний нуруу хэсэгт ороолгож цохиод дахиад угаалгын өрөөнд гэрлийг нь унтрааж шөнийн 4 цаг хүртэл байлгасан. 9 дүгээр сарын 01-ний орой өвөө ажлаасаа ирж дахин чи өчигдөр болсон явдлын талаар худал хэлээд байна. Үнэнээ хэл гэж гараараа миний толгойн зүүн чихний дээр хэсэгт цохиж, алгаараа дагз руу цохиж намайг үнэнээ хэлэхгүй байна гэж загнасан. 9 дүгээр сарын 03-ны өдөр намайг эзгүйд чи Хаш-Эрдэнийг гэрт оруулдаг гэж толгой руу 2-3 удаа гараараа цохиж чичлэн намайг загнасан ба 9 дүгээр сарын 04-ний өдөр надад асран хамгаалах бичгээ үзүүлээд эхийнхээ толгойг залгисан, чи одоо зайл гээд элдэв янзаар хараагаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч Т.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 9 дүгээр сарын 03-ний өдөр О.Тэргэл талийгаач ээжийнхээ найзынд очоод өвөө архи уугаад зодоод байна гээд ирсэн байсан. Надруу утсаар залгаж хэлэхээр нь би Төв аймгаас ирж О.Тэргэлийг авсан. Тухайн үед О.Тэргэлийн нүдэнд нь цус хурсан, шанаа, гар, хөл нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 9 дүгээр сарын эхээр О.Тэргэл нь хичээлдээ ирэхдээ зүүн талын хацар нь шалбарсан, ногоорсон, зүүн талын нүдэнд нь бага зэргийн цус хуралтай байсан ба би юу болсон талаар асуухад намайг өвөө гэртээ хүн орууллаа гэж хэлсэн ба согтуу ирээд намайг гэртээ ахыг оруулсан гээд загнаж зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10940 дугаартай:
О.Тэргэлийн биед зүүн бугалга, нуруу, хоёр гуя, баруун шилбэ зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээийн дүгнэлт /хх-ийн 28 тал/,
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би өөрийн төрсөн охин Б.Оюу-Эрдэнийн хүү О.Тэргэлийг төрсөн цагаас нь хойш өөрийн хажууд өгсөн. Хүү О.Тэргэл бид хоёр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 22Б байрны подволь түрээсэлж амьдарч байсан. Би тухайн үед Ирвэс нэртэй харуул хамгаалалтын газарт ажилладаг байсан ба 7 хоногийн 7 өдөр ажилладаг байсан. Тэгэхэд Б.Хаш-Эрдэнэ болох манай хүү намайг байхгүй хооронд гэрт ороод архи уугаад, хоол унд хийж идээд байна гэж би бодоод хүү О.Тэргэлээс асуухад үгүй гээд байхаар нь би битгий худлаа хэлээд бай гээд өлгүүрний хуванцар хатуу ишээр зүүн гарын булчин руу нь 3 удаа, баруун шилбэ, хоёр гуяанд нь цохиж гэмтэл учруулсан. Хүү маань багаасаа над дээр өссөн болохоор би хүмүүжилтэй хүүхэд болгох гээд ганц нэг загнаж цохиж зоддог байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өргөдөл /хх-ийн 12-14/,
-Төв аймгийн Эрдэнэсант сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 42 тал/,
-2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 951 дүгээр зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хх-ийн 48 тал/,
-О.Тэргэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52 тал/,
-нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 53 тал/,
-Баянзүрх дүүргийн засаг даргын 5 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаартай асран хамгаалагчаар тогтоох тухай захирамжны хуулбар /хх-ийн 55 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ниймийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, “Ирвэс секьюрити” ХХК-ний захирлын тушаал /хх-ийн 37, 39, 41, 57 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бнь өөрийн зээ хүү болох насанд хүрээгүй хохирогч О.Тэргэлийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан нүүр болон зүүн гарын бугалга, хөлийн шилбэ, нуруу хэсэгт хуванцар ишээр цохиж биед нь гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндэрүүлэх нөхцөлийг хангаж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ц.Бийн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ