Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5753

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5468558 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 10-19 тоотод оршин байх “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5443822 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  25 дугаар хороо, Нарны зам 99/А “Шинэ дөл цогцолбор” 502 тоотод оршин байх “Грийнресурс констракшин” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.776.160 төгрөг гаргуулах тухай “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй, “Тэнгисийн хөх сувд” ХХК-нд холбогдох 13.771.000 төгрөг гаргуулах тухай “Грийнресурс констракшин” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, гэрч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тэнгисийн хөх сувд” ХХК нь “Грийнресурс констракшин” ХХК-тай нийт 59.776.160 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу вакум цонх хаалга хийж гүйцэтгэсэн. Манай “Тэнгисийн хөх сувд “ ХХК нь ажлаа чанартай хийж гүйцэтгэснийг “Грийнресурс констракшин” ХХК-ийн барилгад вакум цонх хаалгыг манай компанийн нэрийн өмнөөс чанартай хийж, гардан угсарсан гэх Б.Гансүх өөрөө нотолж чадна. Манай компани “Грийнресурс констракшин” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд “Чанар үзэмж констракшин” ХХК-ийн захирал Болороотой тохироолцож, нөхөр Б.Гансүх нь вакум цонх хаалгыг хийж гүйцэтгэхээр болсон. Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс дансаар төлөгдсөн. Харин үлдэгдэл тооцоогоор 9.776.160 төгрөг болж байгаа бөгөөд “Грийнресурс констракшин” ХХК төлөх үүрэгтэй юм. “Тэнгисийн хөх сувд” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2892 тоот шүүгчийн захирамж гарч “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхэд “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн захирал С.Наранзулд холбогдуулан Б.Гансүх нь нэхэмжлэл гаргасан бөгөөд Ц.Алтанцэцэг шүүгчид хувиарлагдаж хариуцагч талын хүсэлтээр “Грийнресурс констракшин” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно. “Грийнресурс констракшин” ХХК нь шүүхэд өгсөн тайлбар өгснөөр хаяг нь тодорхой болсон тул шүүхэд нэхэмжлэл гарах боломж бүрдсэн. Иймд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр  9.776.160 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 9.776.160 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй ба гэрээнд заасны дагуу захиалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүйгээс үүдэн хариуцагч талд хохирол учруулсан. Дээр дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн хийсэн чанаргүй цонхыг 3 жилийн хугацаанд засаж, сайжруулах үүрэг хүлээсэн боловч тэрхүү үүргээ биелүүлээгүй, хариуцагчид хохирол учруулсан тул хариуцагчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаагаа энэхүү хариу тайлбараар дамжуулан гаргаж байна гэв.

 

Хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тэнгисийн хөх сувд” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Грийнресурс” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9.776.160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Үүний дараагаар нэхэмжлэгч нь техникийн алдаа гарсан гэсэн үндэслэлээр хариуцагчийг солих хүсэлт гаргасан ба шүүхээс тэрхүү хүсэлтийг хангасан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101Ш3201603713 тоот шүүгчийн захирамжийн дагуу “Грийн ресурс констракшн” ХХК хариуцагчаар татагдсан. 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр талууд “Ажил гүйцэгтгэх гэрээ” байгуулсан. Энэ тал дээр талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээнд заасан ажлыг өөрөө хийж гүйцэтгэлгүй, Б.Гансүх гэдэг хүнээр хийлгэсэн байдаг. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгалгүй хаяж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба энэ тухайд Талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүйгээс гадна, чанарын шаардлага хангахгүй, чанар муутай хийж гүйцэтгэсэн тул тус компани нь өөр хувь хүнээр вакум цонхны чанаргүй, дутуу хийгдсэн зүйлийг дахин хийлгүүлсэн. Иймд вакум цонхыг дахин засаж, янзлуулах, зарим эд ангийг солиход гаргасан 13.771.000 төгрөгийг “Тэнгисийн хөх сувд” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Тэнгисийн хөх сувд” ХХК вакум цонх хаалгыг чанартай хийж гүйцэтгэсэн болохоо гэрчийн мэдүүлэгт тодорхой хэлсэн. Туслан гүйцэтгэгч Б.Гансүх вакум цонх хаалга чанарын өндөр түвшинд хийж актаар хүлээлгэж өгсөн болохыг гэрчилсэн. Хариуцагч ИХШХШТХ-ын 25.2.2, 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Шүүхээс вакум цонх хаалга хүлээлцсэн актыг гаргуулахыг шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 10 дугаар сарын 27-нд байгуулагдсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын чанарт гомдлын шаардлага гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл  төлбөр 9.776.160 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК чанаргүй, доголдолтой ажил гүйцэтгэснийг өөр иргэнээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс 13.771.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр гүйцэтгэгч тал “Тэнгисийн хөх сувд” ХХК нь захиалагч тал “Грийнресурс констракшин” ХХК-ийн өгсөн захиалгын дагуу 456.16 м.кв вакум цонх, 159.23 м.кв вакум хаалгыг захиалагч талд гэрээнд заасан хугацаанд нийлүүлж захиалагчийн барилгад суулгах, захиалагч тал хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь вакум цонх /№66 рамтай/, нийт 456.16 м.кв, “вакум хаалга №66 рамтай нийт 159.23 м.кв-ыг гүйцэтгэгч нь захиалагчийн барилгад хүргэж, суулгаж өгөх, 4.1-д зааснаар ажлын хөлсөнд вакум цонхны нийт үнэ 38.773.600 төгрөг, вакум хаалганы нийт үнэ 19.903.750 төгрөг 4.3-д зааснаар захиалагч нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 38.677.350 төгрөгт захиалагчийн барьсан байрнаас арилжааны гэрээний дагуу харилцан тохиролцож солилцоно гэж тус тус зааж, гэрээний гол нөхцлүүдийг тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

            Зохигчид гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний урьдчилгаа төлбөрт 48.901.190 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй, харин гэрээний үүргийн талаар буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж ажлаа гүйцэтгэсэн гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй, доголдолтой, чанаргүй ажил гүйцэтгэсний улмаас бусдаар дахин гүйцэтгүүлсэн ажлын хөлс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тайлбарлан маргаж байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

            Хууль болон гэрээнд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 456.16 м.кв вакум цонх, 159.23 м.кв вакум хаалгыг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд захиалагчийн барилгад хүргэж суулгах, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон 58.677.350 төгрөгийг төлөх үүрэг тус тус үүссэн байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд  нь хүлээн авах үүрэгтэй ба захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцохоор зохицуулжээ.

            “Тэнгисийн хөх сувд” ХХК нь “Грийнресурс коснтракшин” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг “Чанар үзэмж констракшин” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            Туслан гүйцэтгэгч буюу “Чанар үзэмж коснтракшин” ХХК нь гэрээнд заасан  456.16 м.кв вакум цонх, 159.23 м.кв вакум хаалгыг 2 сарын хугацаанд захиалагч “Грийнресурс констракшин” ХХК-ийн барилгад угсарч суулгасан болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Гансүх, Б.Батсүх нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 79-84 дүгээр тал/

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.2-т “гэрээний зүйл нь олон улсын чанарын ISO 9001-2000 сертификаттай бэлдэцээр чанарын өндөр түвшинд хийгдсэн, тоос шороо нэвтрүүлэхгүй, дулаан алдагдуулахгүй бат бөх, зориулалтын дагуу ашиглагадахуйц байх бөгөөд дээр дурдсан нөхцлийг хангасан тохиолдолд гэрээний зүйлийг биет байдлын дголдолгүй гэж үзнэ” гэж тохиролцжээ.

            Хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажил нь олон улсын чанарын ISO 9001-2000 сертификаттай бэлдэцээр чанарын өндөр түвшинд хийгдсэн эсэхэд маргаагүй, харин оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу цонхны нугас, резинэн жийргэвч, дулаалгыг засварлах, хагархай цонхнуудыг сольж шиллэх цанатсан цонхнуудад тохиргоо хийж завсарлах ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 13.771.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй гэж маргасан.

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаар “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй.

            Дээрх үндэслэлүүдээр захиалагч “Грийнресурс констракшин” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй, чанаргүй доголдолтой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба гүйцэтгэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж байснаас үзэхэд уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.

            Иймд хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9.776.160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК-нд олгож, “Тэнгисийн хөх сувд” ХХК-иас 13.771.000 төгрөг гаргуулах тухай “Грийнресурс констракшин” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Грийнресурс коснтракшин” ХХК-иас 9.776.160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК-нд олгож, 13.771.000 төгрөгийг “Тэнгисийн хөх сувд” ХХК-иас гаргуулах тухай “Грийнресурс констракшин” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан “Тэнгисийн хөх сувд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.430 төгрөг, “Грийнресурс коснтракшин” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Грийнресурс констракшин” ХХК-иас 171.430  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгисийн хөх сувд” ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ