| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0799/Э |
| Дугаар | 809 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 809
2019 05 21 2019/ШЦТ/809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Цт холбогдох эрүүгийн 1906 02102 0786 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Батцог мандал ХХК-нд бетон шал өнгөлөгчөөр ажилладаг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 29-1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УШ95051317 регистрийн дугаартай, Боржигон овогт Г.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн 2312 УБО улсын дугаартай приус 20 маркийн машинаар үйлчлүүлж байсан Ш.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02102 0786 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Ш.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сандэй худалдааны төвд 3 найзын хамт 0.75-ийн Болор архи хувааж уугаад гарсан. Гэртээ харих гээд зам дээрээс найзтайгаа такси барьсан. Гэрийн гадаа буух гэхэд найз бөхийн өргөө дээр буух байсан болохоор унааны мөнгөн дээрээс болж таксины жолоочтой маргалдсан. Машинаас буухад таксины жолооч бууж ирээд хамар руу юмаар цохисон. Юугаар цохисоныг мэдэхгүй. Тухайн үед гайгүй байх гэж бодоод гэмтэл ороод үзүүлсэн. Хамрын ясны судас тасарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3716 дугаартай:
Ш.Ганбаатарын биед хамрын няцарсан шарх, хамрын ясны хугарал, нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 тал/,
Шүүгдэгч Г.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
Би тухайн үед машинаа хөдөлгөөд замаа чөлөөлөөд машинаа зогсоолд тавиад арын суудал дээр сууж байсан согтуу хоёр ахыг татаад буулгах гэтэл намайг хараагаад суугаад байсан. Хамт явсан хүн нь унтсан юм шиг, унтаагүй ч юм шиг байсан. Тэгтэл бор өнгийн савхин куртиктэй намайг доромжлоод байсан ах машинаас бууж ирээд миний цээж рүү цохиод намайг заамдахаар нь би зөрүүлээд тэр ахыг өөрөөсөө салгах гээд тавихгүй болохоор нь урагшаа угз татахад тэр ах газарт унасан. Бор савхин куртиктэй ах миний нүүр рүү нэг удаа цохиход нь би тэсэхээ байгаад түүний хамар руу нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 тал/,
-шүүгдэгч Г.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 тал/,
-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Ш.Ганбаатарт хохирол төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Ш.Ганбаатарын биед хамрын няцарсан шарх, хамрын ясны хугарал, нүдний зовхины цус хуралт гэмтэл учруулаж гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Цын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ш.Ганбаатарт учирсан, нотлох баримтаар тогтоогдсон хохирол 186.900 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гаргаж буй дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ