Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 810

 

 

 

 

 

 

 

 

   2019        05          21                                  2019/ШЦТ/810 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01824 0897 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-49 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн №219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн №1199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, УП95032938 регистрийн дугаартай, Авга овогт Ж.Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокений орчим иргэн С.Энэрэлийг нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Т нь хохирогч С.Энэрэлийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Энэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд 04 цагийн үед хамт ажилладаг Майцэцэг эгчтэй хамт Чингис зочид буудлаас гараад дүүгийн машинд суух гээд явж байгаад намхан хүүхэнтэй мөргөлдчихсөн. Тэгээд хэрэлдээд маргалдсан. Ингэж байхад нэг залуу миний нүүр рүү өшиглөчихөөд зугтаагаад алга болсон. Миний хамарнаас цус гараад хоёр нүд хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

Гэрч Ж.Нямжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 09-ний 02 цагийн орчим 16-ийн автобусны буудлын ард байх Чингис караокед эхнэр Тунгалаг, бэр дүү Урангаравуу, дүү Ж.Т нартай хамт ороод 0.75 граммын архи, 1 1 шил пиво хувааж уугаад гарч явахад 2 дугаар эгнээнд приүс 20 маркийн машин тулаад зогоссон. Яаж байна аа гэхэд жолооч нь бууж ирээд намайг цохиход эхнэр цагдаа дуудна гэсэн. Тэр жолооч бид 2 цааш явж ярилцаад гар бариад эргээд ирсэн чинь эхнэр болон бэр дүү нар нэг эрээн хувцастай хүүхэнтэй муудалцаад байж байсан. Тэр үед Ж.Т гүйж ирээд тэр хүүхний нүүрэнд өшиглөчихөөд зугтаагаад явсан. Бид нар тараад явсан. Нөгөө хэдээ хайж яваад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч Г.Урангаравуугийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Нямжаргал ах жолоочтой яриад цаашаагаа хамт явсан. Нэг эмэгтэй машинаас бууж Тунгалаг эгчтэй хэрэлдээд эхэлсэн. Би очоод салгахад намайг үсдэж дараад өшиглөөд унагасан. Тэр эмэгтэйг нэг нь надаас салгасан. Уг эмэгтэйг өвдөглөөд суучихсан байхад нөхөр Ж.Т ирээд нүүр лүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Б.Майцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... лавшруулаад харсан чинь Энэрэлийг дээрээс нь хүмүүс цохиод, 2 хүүхэн үсдчихсэн байгаа харагдсан. Би гүйж очоод болиоч гээд түлхэж холдуулсан. Тэгэхэд миний зүүн талаар нэг эрэгтэй хүн гарч ирээд сууж байсан Энэрэлийн нүүр рүү хойшоо савтал өшиглөсөн. Тэгээд тэр хүмүүс тараад зугтаасан. Би Энэрэлийг босгох гэхэд би босож чадахгүй байна аниа гэхээр нь хархад цус нь зам дээр гоожчихсон өндийж чадахгүй байсан. Юу болсныг асуухад намайг түлхэхээр нь яагаад байгаа юм бэ гээд түлхэхэд 4, 5 уулаа болоод намайг үсдээд цохисон. Нэг нь хуруу дараад доошоо суулгатал нөгөө хэд нь дээрээс цохиод байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3181 дугаартай:

С.Энэрэлийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, хамарт, хаван, хамар ясны хугарал, баруун шанаанд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/,

 

Шүүгдэгч Ж.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр баяр тэмдэглэсэн. Ах Нямжаргал, эгч Тунгалаг, эхнэр Урангаравуу нарын хамт Чингис нэртэй караокед сууж байгаад  гарсан. Зам дээр приүс машины жолоочтой хүргэн ах муудалцаад тэр жолооч ахыг цохьсон. Эгч миний утсаар цагдаа дуудсан. Машинаас нэг хүүхэн бууж ирээд гарцгүй газраар гарсан цагдаа дуудна гээд эгчтэй хэрэлдээд байсан. Бие биенээ үсдээд авахад нь эхнэр очиж салгасан. Тэр хүүхэн эхнэрийг маань үсдээд авсан. Ах салгасан. Энэ үед эхнэр хойшоо унахаар нь гэнэт уур хүрээд тэр хүүхэн сууж байхаар нь очоод нүүрэнд нь баруун хөлөөрөө өшиглөчихөөд зугтаад яваад өгсөн. Би Энэрэлийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/

-Хохиролын талаарх баримтууд /хх-ийн 37/,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн болон хохирогч С.Энэрэлийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Т нь хохирогч С.Энэрэлийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, хамарт хаван, хамар ясны хугарал, баруун шанаанд шалбаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ж.Тийн хохирогч С.Энэрэлийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 1.000.000 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол болон цаашид гарсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Тд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдалын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авга овогт Ж.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Энэрэл нь уг гэмт хэргийн улмаас  учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ