Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

 

    2019        05          14                                  2019/ШЦТ/768 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 01811 0154 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 3 дугаар цэцэрлэгийн барилга дээр барилгын туслах ажилтай, ам бүл 6, аав, ээж ах, 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шархадны 60-889а тоотод оршин суух хаягтай, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн, СЭ99052110 регистрийн дугаартай, Боржигон овогт Э.Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны эцэст байрлах "Өсөх" караоке баарнаас гарч явахдаа насанд хүрээгүй иргэн Э.Тэмүүлэнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Т нь насанд хүрээгүй хохирогч Э.Тэмүүлэнгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 21 цаг 30 минутын үед ажлаа тараад харих гээд Шархадны эцэст явж байтал "Өсөх" караоке баарнаас 3 соггуу залуу гарч ирээд барьж аваад танай ах чинь хэн юм бэ гээд миний нүүрний зүүн нүд хавьцаа гараараа хоёр удаа цохисон. Тэгсэнээ газар унагаагаад дээрээс 4-5 удаа дэвсээд зодсон. 4-5 удаа дэвсэхдээ цээж, толгой, гэдэс хавьцаа дэвссэн. Тэгээд босоод зугтаасан чинь араас хөөгөөд гудамжинд барьж аваад нүүр ам руу 2-3 удаа цохьсон. Энэ үед хажуугаар нэг ах явж байгаад салгаад намайг явуулсан. Намайг зодсон залуу нь 19-20 орчим насны 175-180 орчим өндөр нуруутай, хар өнгийн үстэй, биеийн тамирын хар өнгийн өмдтэй, малгайтай хар өнгийн цамцтай, богинохон куртиктай байсан. Харвал танина. Нөгөө хоёр залуу нь бол хажууд хараад зогсож байсан. Тэр гурав гурвуулаа согтуу байсан. Баарнаас гарч ирээд Шархаданд намайг таних уу гээд л ямар ч шалтгаангүй зодсон. Гомдолтой байна. Миний хувьд архи дарс уусан зүйлгүй эрүүл явж байсан. Одоо толгой тархи өвдөж байна. Тиймээс гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2981 дугаартай:

Э.Тэмүүлэнгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 тал/,

 

Шүүгдэгч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би найз Гантөртэй хамт Эмнэлгийн хашаан дотор хоёр том савтай пиво хувааж уугаад найз Шижрээ, Жавхаа хоёртой утсаар ярихад шар хадны эцэст байдаг Билэгт гэдэг нэртэй караокед сууж байна, хүрээд ир гэхээр нь очсон. Тэгээд тэр караокед нэг шил пиво уучихаад тамхи татах гээд гадаа гарахад Э.Тэмүүлэн хажуугаар явахаар нь би гал асуугаад мөрөн дээр нь гараа тавихад Э.Тэмүүлэн миний мөр рүү түлхсэн. Тэгэхээр нь би Тэмүүлэнг цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Би тухайн хэрэг гарснаас хойш нэг удаа Э.Тэмүүлэнтэй тааралдаж уучлал гуйсан. Би Э.Тэмүүлэнгийн биед хөнгөн хохирол учруулсандаа их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 12, 25 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Э.Тэмүүлэнгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Тын насанд хүрээгүй Э.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ