Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

   2019        05          27                                  2019/ШЦТ/851 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жанцан овогт Г.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02088 0966 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их тамир констракшн ХХК-д мужааны туслах ажилтай, Баянзүрх дүүргийн 4-р хороонд байх нийтийн байранд түр амьдарч байгаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг, Оройн бууц гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ВБ00221414 регистрийн дугаартай, Г.С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Баянсантай таксины мөнгө төлөхөөс үүдэн маргалдаж байгаад хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.С нь хохирогч Э.Баянсангийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Баянсангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас үл таних 20-25 орчим насны хоёр залууг аваад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 92 тоотын гадаа зогсоод тооцоо хэд болсон бэ гэхээр нь 20.000 төгрөг болсон байна гэхэд 4800 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд надаас энэ хавьд ойрхон АТМ байна уу гэж асууж байтал ард сууж байсан залуу цагаан өнгийн алчуураар хоолойг боохоор нь алчуурнаас нь зулгаагаад тавиултал нөгөө залуу нь яаж байгаа юм бэ болиоч ээ гээд найзыгаа загнаад намайг хөдөлчих Уянга эгчээс мөнгө аваад өгье гээд Монелийн замаар баруун хойшоо 7-8 км явсан. Тэгээд намайг хутгалсан залуу очих хаяг өнгөрчихлөө буцаад доошоо явъя гээд явсаар байгаад Их засаг их сургуулийн автобусны буудал дээр байдаг Хаан банкны ATM дээр буугаад дансны үлдэгдлээ шалгана гээд ATM ороод дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна буцаад анх очсон газар руугаа явъя гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 92 тоотын гадна зогсоод намайг хутгалсан залуу энэ айл руу ороод би таксины мөнгө аваад ирье гэсэн. Тэгээд нөгөө нэг залуу нь надтай хамт машинд сууж байснаа үг хэлэлгүй буухаар нь хөөе хаачих гэж байгаа юм бэ гэтэл юм дуугарахгүй хашааны булан тойрод явсан. Тэгэхээр нь би тэр залууг нэг их тоогоогүй. Айл руу таксины мөнгө аваад ирье гэсэн залуугийн араас ортол харанхуй цоожтой байшин байхаар нь гараад булан тойроод явсан залуугийн араас очтол байхгүй байсан. Урагшаа чигээрээ явж байгаад замын эсрэг тал руу хартал намайг хутгалсан залуу нэг хүнтэй юм яриад зогсож байхаар нь би араас нь дуудахад зугтаагаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 128 тоотын гадна ирээд нөгөө залууг чи яагаад зугтаагаад байгаа юм гэхэд юу ч дуугаралгүй шар өнгийн иштэй хутгаар миний зүүн гуяны урд хэсэг, зүүн гуяны ар талд нэг удаа хатгахаар нь би хутгыг нь салгах гэж оролдсон гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Гэрч Д.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 3 дугаар сарын 22-ны орой 00 цагийн үед Г.Сын хамт Лууяа, Отгоо гэх найзуудтайгаа 21 дүгээр хороололд түрээсийн байранд очиж уулзаад 2 литрийн савтай пиво дөрвүүлээ хувааж уугаад гэрээс нь Г.Сын хамт 03:00 цагийн үед гараад автобусны буудал дээрээс приус 30 маркийн машин бариад 805 хүртэл хүргүүлээд нийтийн байраа өнгөрөөд таксины жолоочийг зогсоогоод би машинаас буугаад шээгээд Г.С намайг машинд суучих гэхээр нь машинд суухад, таксины жолоочийг араас нь цээжээр нь боочих гээд цагаан эрээн өнгийн даавуу надад таксин дотор явж байхдаа өгсөн болохоор нь би таксины жолоочийг араас нь даавуугаар боох гэтэл хүрээгүй таксинаас буугаад Г.Сын хамт зугатаасан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3819 дугаартай:

Э.Баянсангийн биед зүүн гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,

 

Шүүгдэгч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би найз Мөнгөншагайгийн хамт гэрээс гарч найз Сэрик, Бархаа нартай 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд уулзаж 0.75 граммын архи, пиво гудамжинд хувааж уусан. 01 цагийн үед ууж байсан архи болон пиво дуусаад Мөнгөншагай бид хоёр ханын материалд Дууяа, Отгоо хоёрын гэрт нь том Сэнгүр нэртэй пиво уучихаад 02 цаг өнгөрч байхад гараад ханийн материалын хажуу талаас гар өргөж маршинд суусан. Явж байгаад Монелын 7 дугаар гудамжинд очиж зогсоод таксины мөнгө хэд гарсан талаар асуухад 20.000 төгрөг гэж жолооч хэлсэн. Бид хоёрт 8000 төгрөг байсан. Уянгаа эгчээс мөнгө авч өгөх гэхэд гэр нь цоожтой байсан. Буцаад машинд орж ирээд найз Мөнгөншагай тэр жолоочийн араас боох гэхэд жолооч эсэргүүцээд боолгуулаагүй. Тэгээд би баруун тийш зугтаасан. Араас нөгөө жолооч хөөж байгаад дараагийн гудамжинд ороод бариад авсан. Тэгээд бид хоёр зодолдсон. Би тэр үед газар уначихсан. Миний гэдэс рүү халаасанд байсан хутга хатгахад хутгатай гэдгээ мэдээд гаргаж ирээд тэр залуугийн баруун гуянд хоёр удаа хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,    

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 16/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Сын иргэн Э.Баянсангийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг төлж барагдуулна гэх хэлцэл хэрэгт авагдсан байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдалын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жанцан овогт Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ